Хамгийн хүсэмжит залуугаар Түвшинбаяр тодорчээ

Times.mn сайтаас явуулсан Хамгийн хүсэмжит эрчүүд-2014 санал асуулга гурван сарын турш явагдаж дууслаа. Facebook, twitter-ыг хамруулж явуулсан санал асуулгаар энэ оны хамгийн хүсэмжит эрчүүдийг нэрлэжээ.

Найдангийн Түвшинбаяр /9878 санал/

Монгол улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр 2014 оны хамгийн Хүсэмжит эрчүүд санал асуулгыг 9878 саналаа тэргүүлсэн байна. Санал асуулга эхэлсэн цагаас тэргүүлсэн тэрээр монголчуудын тэр дундаа бүсгүйчүүдийн хувьд хүсэмжит эрсийн жагсаалтад нэгдүгээр бичигдэж байна. 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Найдангийн отгон хүү болон төржээ.

Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, “Авар­га” биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхлэв. 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ. Аймагтаа Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарын шавь болжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон. 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпийн наадамд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Хасагийн Житкеевийг ваза-аригаар хожжээ. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болжээ. Энэ хооронд лав хоёр удаа Монгол улсын аварга болоод байгаа.

Борхүүгийн Амархүү /9022 санал/

Борхүүгийн Амархүү — Оросын “Народный артист-3” дууны тэмцээний ялагч, “Премьер-министр” хамтлагийн гишүүн, жүжигчин, “Universe best songs” тэмцээний шүүгч хийж буй тэрээр санал асуулгын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Хувийн амьдрал нь үргэлж олны өмнө байдаг. Найз бүсгүй О.Ариунзултайгаа удахгүй хуримаа хийнэ гэдгээ мэдэгдсэн ч охид бүсгүйчүүд түүнийг хамгийн хүсэмжит эрчүүдийн нэг гэж үзжээ. Уянгалаг цээлхэн хоолойгоор урлагийн тайзнаа гарч удалгүй кино урлагт хүч үзэн муугүй жүжигчин гэдгээ харуулсан Б.Амархүү олны анхаарал татсан хэвээр байна. Хүсэмжит эрчүүдийн санал асуулга явуулж буйг мэдсэн түүний найз бүсгүй О.Ариунзул өөрийн facebook хуудасандаа Амархүүг минь дэмжээрэй хэмээн бичсэн байсан юм.

Rokit bay буюу Пуужин Баяраа /8757 санал /

Эмээгийн хайртай Баяраа: Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн. Тэрбээр айлын ганц хүү. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь хөгжмийн хэмнэлд толгойгоо дохьчихсон сууж байсан гэсэн.

Арван жил: “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхныхаа хажууд хэлний нэг түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байсан.

Rokit Bay: Rokit Bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан юм. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан. Энэ нь Баяраа гэж нэрний минь эхний үе. Бас нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг.

Б.Амарсайхан /7502 санал/

Боолын гэрээ”, “Тавилан”, “Удирдагч”, “Бодлын хулгайч” зэрэг олон арван дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж байсан жүжигчин Б.Амарсайхан хүсэмжит эрчүүдийн дөрөвдүгээр эрэмбэлэгдэж байна. Өөрийн гэсэн дотоод тоглолттой, дүрийн хуваарилалт нь тун өвөрмөц гэх үнэлгээг мэргэжил нэгт нөхдөөсөө авдаг тэрбээр, Холливуддын “UNEW” агентлагт жүжигчнээр ажиллахаар болсон гэх таатай мэдээг монголчууддаа хүргэсэн. Шулуухан үгтэй аав шигээ хэлсэн ярьсан, хийсэн зүйлтэй явахыг хүсдэг түүнийг энэхүү жагсаалтад дээгүүр жагсахад үнэнч шүтэн бишрэгч охид бүсгүйчүүд саналаа өгсөн байна.

Ч.Болд /6403/

“Овжин охид”, “Боолын гэрээ”, “Надтай гэрлээч”, ”“Богд хаан”, “Бодлын хулгайч”, “Цагдаагийн тангараг” зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ олны танил болсон жүжигчин Ч.Болдын талаар мэдээлэл тун хомс байдаг. Тэрбээр Баянхошууны унаган хотын хүүхэд бөгөөд нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсчээ. Жүжигчин Ч.Болд “Би жүжигчин болоогүй байсан бол цагдаа болох байсан” ярих дуртай ажээ. Тэрбээр анх 2001 онд “Овжин охид” кинонд туслах дүр бүтээж байсан бөгөөд түүнээс хойш дэлгэцийн 20 орчим бүтээлд тогложээ. Жүжигчин Ч.Болд өдгөө эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Кино урлаг хөгжиж байгаа өнөө үед хамгийн эрэлттэй жүжигчны нэг болсон байна.

А.Мөнхбат /5030 санал/

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат 5030 оноогоор зургадугаарт эрэмбэлэгдсэн байна. Сүүлийн үед “Паркаа аваръя” нэгдсэн хөдөлгөөн өрнүүлэн хүүхэд залуусын төлөө хамгийн чанга дуугарч байгаа нэгэн гэхэд болно. Унтаа байсан Залуучуудын холбоог сэргээж идэвхтэй болгож чадсан гэдэг. Залуучуудыг “Спиртлэг бус спортлог амьдарцгаая” хэмээн уриалсан. Өмнө нь Мэдээлэл харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байгаад залуучуудын байгууллага руу “урвасан” аж.

Г.Эрдэнэбилэг /4848 санал/

Ганболдын Эрдэнэбилэг. 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Жинлүүрийн орд. СУИС-ийн жүжигчний анги төгссөн. Соёлын тэргүүний ажилтан. Тийм ч нээлттэй биш. Хүлээцтэй. Магтаалд бялуурдаггүй, шүүмжлэлд нугардаггүй. Өөрийн үзэл бодолд үнэнч, элдэв хов жив хөөцөлддөггүй. Дургүйг нь хүргэвэл эр хүний ёсоор нударга зөрүүлчихдэг, шулуухан. Мөнгөнд үрэлгэн гэгддэг түүнийг хүсэмжит эрчүүдийн нэгээр нэрлэжээ.

М.Мягмар /4602 санал/

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар хүсэмжит эрчүүдийн нэгээр нэрлэгджээ. Галдан бошигтын дүрийг чадварлаг бүтээж үүнээс хойш эрэлт ихтэй жүжигчин болсон түүний хувийн амьдрал, хэл үг бүр нь олны анхаарлыг татаж байна. Тэрээр хийсвэр орон зайгаар явахыг хүсдэггүй ч хэзээ ч биелэхгүй нэг мөрөөдөлтэй. Тэр нь хүүхэд насандаа эргээд очихыг хүсдэг юм байна. Хүүхэд байсан үе нь хамгийн аз жаргалтай байсан учир ингэж мөрөөдөх болсон хэмээн нэгэн удаа ярьж байсан. Харин одоо их сайхан мөрөөдөлтэй яваа. Тэрхүү мөрөөдлөө эхнээс биелүүлж яваа хэмээн их сэтгэл хангалуун ярьдаг юм билээ.

Ц.Цэрэнболд /3209 санал/

Сүүлийн үеийн тайз, дэлгэцийн бүтээлд чадварлагаар дүр бүтээж байгаа залуу уран бүтээлч бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Омголон төрх, баргил хоолойтой түүнд найруулагчид ширүүн зан авиртай хүний дүр бүтээх үүрэг ногдуулах нь олонтаа. Мөн шүтэн бишрэгчид нь наснаасаа илүү овортой гэх бөгөөд үүнтэй өөрөө ч санал нийлдэг юм билээ. Налайхад төрж өссөн тэрээр жүжигчин Бямбацогтын хэлснээр урлагийн замд орсон байна. Өнөөдөр тайз, дэлгэцийн уран бүтээлчид, найруулагч нараас хамгийн өндөр үнэлгээ авдаг жүжигчин болжээ

Х.Баттулга /2418 санал/

Хамгийн хүсэмжит эрчүүдийн санал асуулгад цөөхөн улстөрч орсон бөгөөд УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга аравдугаарт эрэмбэлэгдсэн байна. 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн тэрээр дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой Монголын толгой баячуудын нэг. УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгийн боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн. Харин түүний хувийн амьдрал нууцлаг бөгөөд тайлагдашгүй. “Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа түүний анхны эхнэр. Өдгөө Ц.Энхтуяагаас салж Анжелика гэх Орос эмэгтэйтэй ханилсан гэх сурагтай ч албан ёсны эхнэртэйгээ ч бас холбоотой байдаг гэх. Харин удаах эхнэр Анжеликагийн хувьд Женког буян хишиг хураадаг гал гахай жилд ихэр хvvхэдтэй болгож өгсөн гэдэг шүү.


URL:

Сэтгэгдэл бичих