Ч.Улаан, Н.Батбаяр хоёрын суудал дахин ”ганхана”

Snowbound traffic queue, Moscow 29/11/12Иргэд эдийн засгийн өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ үгээ ч УИХ-ын эрхэм гишүүдэд дайгаад амжсан байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхээс өмнө гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсоход иргэдийн дийлэнх эдийн засгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа дуулгасан байна.

Угаасаа ч эдийн засгийн голлох үзүүлэлтээс харахад Монголын эдийн засгийн эрүүл мэнд тааруухан байгаа тухай статистикийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тухайлбал, инфляци дахиад л өсөлттэй гарч 12.2 хувьд хүрчээ. Хэрэглээний үнийн индекс ийнхүү өсөхөд импортын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний төрлийн барааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой.

Иймээс хоёр долоо хоногийн дараа эхлэх хаврын чуулганы эхэнд МАН-ын гишүүд Ч.Улаан Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг дахин ярьж эхлэх бололтой.

Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгээс “Валютын нөөц 30 гаруй хувиар буурлаа. Өрийн хэмжээ 8,4 их наяд төгрөгт хүрлээ. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа. Эрх баригчид өөрсдийнх нь амьдрал сайхан байгаа талаар эндүүрэх боллоо. Сангийн сайд Ч.Улааны хувьд улс оронд үүссэн нөхцөл байдал, огцом сулралтад бодитой дүгнэж чадалгүй чиг үүргээ зөрчсөн. 2013 онд хэрэгжих ёстой байсан төсөл арга хэмжээ тэг дүнтэйгээр туслаа. Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг царцаасан. Төсвийн орлогын санхүүжилт 30 хувьтай байсан. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. УИХ-ын бүрэн эрхэд халдсан” гэсэн үндэслэлээр Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг огцруулах асуудлыг асуудлыг УИХ-д тавьсан ч амжилт олоогүй. Хэдийгээр эрх баригч хүчнийхэн сайд нараа “хамгаалан” авч үлдсэн ч байдал дээрсэнгүй.

Гэвч дээрх үйл явцын дараа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хувьд ямар нэгэн шийдвэртэй алхам хийсэнгүй. Уг нь анх “Долларын ханшийг 1384 болгож чадна” хэмээн амласан нь тэд. Гэтэл өнөөдөр 1700 гарчихаад байхад эрхэм сайд нараас хариуцлага нэхэхгүй байх аргагүй. Тэд ч үүргээ ухамсарлах нь зүйтэй.

Иймээс сөрөг хүчний зүгээс Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн дахин оруулахаар төлөвлөсөн тухай бор шувуу нисэх болов. Гэвч энэ удаад олонхи хоёр сайдыг дахин хамгаалж үлдэнэ гэдэг эргэлзээтэй юм. Учир нь олонхийн гишүүдэд ч бас сонгогчид нь эдийн засгийн өнөөгийн байдалд туйлдаж байгаагаа дуулгасан нь дамжиггүй.

Бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар навс уначихаад байхад Ч.Улаан, Н.Батбаяр хоёрт өөрсдийгөө хамгаалж, суудалдаа шигдсээр байх хүсэл дахин төрөх болов уу.

П.УНДРАМ
Эх сурвалж: Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих