Дурсамж: Оросын алдарт гурвал

 

Залуу найруулагч Леонид Гайдай 1960 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Мосфильм” кино студиэр “Барбос нохой болон ер бусын гүйлт” киногоо батлуулжээ. Энд алдарт алиалагч Юрий Никулин, жүжигчин Георгий Вицин, Евгений Моргунов нарыг сонгож авсан байна. Гайдай өөрөө Юрий Никулинд “Кинонд гурван дүр гарна, Гурвуулаа гол дүр. Энэ бол хулчгар, Хэнэггүй, Хашир, Донгио. Донгиогийн дүрд таныг авч байна” гээд туслахууддаа “Донгиог эрэх хэрэггүй. Ердөө л Никулин” гэжээ. Кинонд ямар ч шалгалтгүйгээр тэр гурвыг авчээ.

Хожим нь Юрий Никулин “Кино зураг эхлэхээс өмнө би Моргуновыг ер нь танихгүй байлаа. Миний танил Леонид Куско намайг чи Евгений Моргуновтой танилцах хэрэгтэй дээ. Гайхамшигтай хүн шүү. Сонирхолтой, сэтгэлийн хөдөлгөөнтэй, хошин шог ойлгоно гэсэн. Георгий Вициныг ч бараг л мэдэхгүй байлаа. Түүний гол дүрд нь тоглосон “Нөөц тоглогч” кино надад таалагддаг байсан. Түүний театрт бүтээсэн дүрүүдийн нь тухай олонтаа л сонсч байсан” гэж дурссан байдаг.

Ингэж загас дэлбэлж барьдаг хууль зөрчигчдийн тухай богино хэмжээний инээдмийн кино дэлгэцэнд гарчээ. Ийнхүү энэ гурав дараа нь “Нэрмэлчид” богино хэмжээний, “Кавказад олзлогдсон бүсгүй”, “Ы ажиллагаа болон Шурикийн шинэ адал явдал” кинонуудад гурван өөр өөр атлаа нэг баг болон элэг хөшөөм дүр бүтээсэн байна. “Барбос нохой болон ер бусын гүйлт” кино нь дэлхийн 100 гаруй оронд гарч эх орондоо хэдэн сая рублийн орлого оруулсан ч кино багийнхан ердөө л мянга, мянган рублийн шагнал авчээ.

Холливудын жүжигчин Грегори Пек нэг удаа Георгий Моргуновоос “Южин энэ кинон дээр та нар юугаа хийгээд байгаа юм бэ. Шууд л дэлгүүрт очоод нэг шил виски авчихаж болохгүй байгаа юм уу” гэж асуусан гэдэг. Гэхдээ л самогон буюу орос нэрмэл архи гэдэг бол 1960-аад оны оросын нүүр царай байсан болохоор орос хүний сэтгэлд хамгийн ойр бууж элэг хөшөөм болж чадсан байдаг.

Тэр гурвын инээдэмт үйл явдлын заримыг жүжигчид газар дээр нь өөрсдөө сэдэж олсон байдаг. “Ы ажиллагаа болон Шурикийн шинэ адал явдал” кинон дээр агуулахад Никулин араг ясанд хуруугаа хазуулдаг хэсэг байдаг. Энэ хэсгийг хэдэн янзаар оролдсон ч нэг л болохгүй байж.  Харин тэр хуруугаа хазуулдаг, Шурикийн туялзуур жаданд хатгуулаад улаан дарс гоождог хэсгийг жүжигчид өөрсдөө газар дээр нь “найруулжээ”.

“Кавказад олзлогдсон бүсгүй” киног уран сайхны зөвлөл үзээд “Зөвлөлтийн эсрэг кино, хэзээ ч дэлгэцэнд гаргахгүй” гэж. Гэтэл хэдэн өдрийн дараа түшмэлүүд зургийн хэсгийг уриад найруулагчийг, ер нь  бүгдийг нь тэвэрч үнсэх нь тэр. Хэргийн учир нь Леонид Ильич Брежнев амралтын өдрөөр ямар нэгэн инээдмийн кино авчрахыг даалгаж. Тэгээд л түүнийг аваачиж өгтөл бөөн инээдэм болж, кино дэлгэцэнд гарах нь тэр.

Алдарт гурвал Моргунов, Гайдай хоёрын харьцаанаас болж салсан, дахиад инээдмийн кинонуудаа үргэлжлүүлж чадаагүй гэдэг. Никулин, Вицин хоёр ч тэдний дунд оролгүй орхижээ. Хожим нь, найруулагч Сергей Бондарчук тэднийг эвлэрүүлэхийг оролдсон ч чухамдаа олон жилийн хойно инээдэмт гуравт зориулсан  музейн танхимд л “уулзсан” гэнэ.

Амьдрал дээр бол Вицин циркийн захирал Никулинээс хэзээ ч тоглолтын үнэгүй тасалбар гуйдаггүй байсан бол Моргунов томцуулд  зориулсан лоожны хоёр суудал байнга үнэгүй авдаг байж. Тэр байтугай дэлгүүр, худалдааны зах дээрээс ч өнөө л инээдэмт гурвынхаа нэрээр үнэгүй үйлчлүүлдэг байсан гэнэ.
Юутай ч Юрий Никулин, Георгий Вицин, Евгений Моргунов гэсэн энэ гурван жүжигчин орос зөвлөлтийн төдийгүй дэлхий дахины сая сая үзэгчийн инээд барсан хүмүүс байж. Энэ гурван гайхамшигт жүжигчин хожим нь 1997, 1999, 2001 онд хоёр хоёр жилийн зайтай ертөнцийн мөнх бусыг үзжээ.




URL:

Сэтгэгдэл бичих