Сургууль, цэцэрлэгийн засварт хятад будаг хэрэглэхийг хориглоё

3-20-15Б.СОЛОНГО

Тун удахгүй барилгын улирал эхэлнэ. Хичээл тарж сургууль, цэцэрлэгийн засвар ч эхэлнэ. Энэ л үеэр барилгын материал зардаг хүмүүс хамгийн орлогтой ажилладаг. “Зууны мэдээ” сонины хөндөн бичиж буй хятад будаг энэ үеэр хамгийн гүйлгээтэй бараа болно. Бидний хамгийн өргөн хэрэглэдэг шар, улаан, ногоон өнгийн хятад будганд ижил төрлийн европ будагнаас даруй хэдэн зуу дахин илүү хар тугалга агуулагдаж байгааг МУИС-ийн эрдэмтдийн баг Германд шинжлүүлж тогтоосон талаар өмнөх цувралуудад өгүүлсэн билээ. Тэгвэл эдгээр хортой будгийн эцсийн хэрэглэгч нь бас хохирогч нь хэн бэ. Бид үүнийг бодох цаг хэдийнэ иржээ. Бидний үр хүүхдийн хамгийн их цаг өнгөрөөдөг сургууль, цэцэрлэгийн засварыг жил бүр хийдэг. Ингэхдээ өнөөх хятад будгийг ашигладаг. Захын сургуулийн хаалгаар шагайхад л шал нь шар будагтай байгааг төвөггүй харж болно. Засвар нь оройтож эхэлсэн бол намар хичээлдээ цуглахад өнөөх будагных нь үнэр гараагүй хэвээр угтдагийг эцэг эхчүүд мэдэх билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин сургууль, цэцэрлэгийн засварт хятад будаг хэрэглэхийг хориглох санааг дэвшүүлж байна. Салбар хариуцсан сайд Л.Гантөмөр та энэ асуудлыг анхааралдаа авч, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж өгөөч.

 

ХАР ТУГАЛГАТАЙ БУДАГ АМАРХАН ХУУЛАРДАГ

 

“Тосон будагт тод өнгө оруулахын тулд хар тугалга агуулсан бодисуудыг нэмдэг ба хөх, улаан, ногоон, шар будганд хар тугалганы агууламж өндөр байдаг. Тод өнгө оруулахаас гадна будагны хаталтыг хурдасгадаг. Зарим тохиолдолд металл гадаргууг зэврэлтээс хамгаалахын тулд хар тугалга агуулсан бодисыг нэмдэг. Хар тугалга агуулсан будгийг 1978 оноос өмнө ихээр үйлдвэрлэж байсан. Хар тугалга агуулсан тосон будгаар будсан материалын гадаргуу дээр  хагаралт үүссэн байдаг ба үлдэгдэл нь амархан хуулардаг шинж чанараар нь мэдэж болно” гэсэн мэдээллийг НЭМҮТ-ийн доктор Х.Шүрэнцэцэг бидэнд ирүүллээ.

Тэгэхээр хар тугалга агуулсан будаг нь амархан хууларч, хагардаг байна. Та хүүхдийнхээ сургуулиар ороод гарахдаа шалыг нь анзаараарай. Намар будсан шалны будаг хэдийнэ холцорч хууларсан байгаа. Хамгийн гол нь хар тугалгатай будаг хууларч, халцрахаараа түүнд агуулагдаж байсан хар тугалга тоос хэлбэрт шилжиж, амьсгалын замаар нэвтрэн орох аюултай байдаг байна. Ялангуяа зүлгэж арчих үед агаарт дэгдэж ам, хамраар дамжин биед нэвтэрдэг. Тэгвэл байнга нааш цааш гүйлдэж байгаа сурагчдын хөлөөр будганд агуулагдах хар тугалга хүүхдүүдийн биед шингэж байх эрдсэлтэй гэсэн үг.

 

ЯАГААД ХҮҮХДЭД АЮУЛТАЙ БАЙДАГ ВЭ

 

Хар тугалганы бохирдолд хүүхэд хамгийн ихээр өртдөг байна. Яагаад гэдгийг мэргэжлийнхэн ингэж тайлбарлаж байна. Хүүхэд гурван нас өнгөртлөө болон бэлгийн бойжилтийн үедээ маш хурдтай өсч бойждог.Тэдний бодисын солилцоо эрчимтэй явагдах ба насанд хүрсэн хүнийг бодвол хамгийн их хэмжээгээр хорт бодисыг өөртөө шингээдэг байна. Жишээлбэл насанд хүрсэн хүн хар тугалганы 5 – 15 хувийг шингээж байхад яг ийм тунгаар хар тугалга амьсгалсан хүүхэд 50 хувийг нь шингээдэг ажээ. Ялангуяа зургаа хүртэлх насны хүүхдүүд эргэн тойрны бүх эд зүйлсийг хуруу гараараа хүрч, амталж үздэг. Тэгэхээр ийм будгийг хэрэглээндээ хэрэглэхгүй байх, хар тугалгатай будгаар будсан хуучны эд зүйлс байгаа бол усан суурьтай будгаар давхарлан будах, орон байрны засвар хийх, хуучирсан будгийг хуулах үедээ бага насны хүүхдийг хол байлгаж,  салхивчийг онгорхой байлгах, будагны үртэс, үйрмэгийг чийгтэй алчуураар арчиж, хаях зэрэг зөвлөмжийг сайтар мөрдөхийг зөвлөж байгаа юм.

 

ЯСАНД ХУРИМТЛАГДСАН ХАР ТУГАЛГЫН ТАЛ НЬ 20 ЖИЛИЙН ДАРАА ГАДАГШИЛДАГ

 

Сургууль цэцэрлэгийн засварт хятад будаг хэрэглэхийг хориглох нь эдийн засаг болоод эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Хар тугалганы хүний биед үзүүлэх хор нөлөөллийг дурдвал багагүй хуудас болох юм. НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, эрүүл ахуйч Г.Амгалангийн ирүүлсэн мэдээллээр Хар тугалга нь цус, зөөлөн эд буюу бөөр, ясны чөмөг, элэг, тархи, шүд, ясанд хамгийн түрүүнд тархдаг. Хүүхдийн бие махбодь хар тугалганы хордлогод насанд хүрэгчдийг бодвол илүү өртөмтгий байдаг. Хүүхдэд тархины өвчнүүд болон оюуны хомсдол үүсгэж,  мэдрэлийн болон нөхөн үржихүйн тогтолцоог эргэшгүй өөрчлөлтөнд оруулдаг ба мөн цус багадалтанд хүргэдэг байна. Мэдрэлийн тогтолцоо  нь хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг бөгөөд хар тугалгын бага зэргийн хордлогын үед толгой өвдөх, ядрах, дунд зэргийн хордлогын үед цочромтгой болох, нойргүйдэх, сэтгэл түгших, анхаарал төвлөрөлт муудах, хүнд хэлбэрийн үед ой тогтоолт муудах, сэтгэл гутрах болон комийн шинж тэмдэг илэрдэг гэлээ. Түүнчлэн нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлж, удаан хугацааны нөлөөлөл нь бөөрний эмгэг үүсгэдэг байна. Ясанд хуримтлагдсан хар тугалганы   тал  хувь нь л  20 орчим жилийн дараа гадагшилдаг аж.

Сургууль, цэцэрлэгийн хана, шалыг жил бүр хятад будгаар буддаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний хар тугалга хүүхдүүдийн биед шингэж, хэр хэмжээний нөлөөлөл үзүүлж байгааг таашгүй. Хүүхдийн хичээл сурлагадаа дургүй болох, ой тогтоолт нь муудах зэрэгт хар тугалга нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр бид энэ асуудалд яалт ч үгүй анхаарал тавих цаг нь иржээ.

 

“Хоёр дахин хямд учир хэрэглэхээс аргагүй”

Г.ЖАРГАЛМАА

Бид энэ сэдвээр зарим сургуулийн нягтлантай уулзсан юм. Бидний орсон хоёр сургуульд хоёуланд нь хятад будаг хэрэглэсэн байлаа. Нийслэлийн дөрөвдүгээр сургуулийн бага ангийнхан нэгдүгээр давхартаа хичээллэдэг. Тэр давхрын шалыг тэр чигт нь Хятадын шар будгаар будсан байлаа. Сургуулиудын нягтлангууд улсаас өгдөг төсөв нь бага учир хямдыг нь сонгохоос аргагүй гэдгээ хэлж байсан юм.

 

24 дүгээр сургуулийн нягтлан Р.УРАНЧИМЭГ:

-Манайх засвартаа хятад будаг хэрэглэдэг байсан. Харин энэ жил  орос будгаар будсан. Жилд засварын төсөвт  4-5 сая төгрөг. Үүний хоёр саяыг нь будганд зарцуулж байна.  Хятадын 18 кг-тай будгийг нь 40 мянган төгрөгөөр авдаг бол оросынх нь хоёр дахин үнэтэй болдог. Ийм тохиолдолд яалт ч үгүй хятад будаг хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ аль болох татгалзаж байгаа. Чанар их муу, хортой гэдгийг мэднэ. Ердөө 4-5 сар болоод л ховхордог. Манай үйлчлэгчид өөрсдөө буддаг. Үнэр нь хэцүү байх суух аргагүй. Засварын жилийн төсөв яагаад ч хүрдэггүй.

 

Дөрөвдүгээр сургуулийн нягтлан О.ДЭМБЭРЭЛСҮРЭН:

-Манай сургуульд жилийн засварын төсөв гэж 2-3 сая төгрөг өгдөг. Заримдаа сая гаранг өгөх нь ч бий. Тиймээс хятад будаг хэрэглэхээс аргагүй. Жилийн төсвийн 50-60 хувь нь будганд шууд явчихдаг, урсгал засварт хүрдэггүйюм. Хичээл амраад төсөв батлагдахгүй хүлээгдвэл наймдугаар сард засвараа эхэлдэг. Хичээл эхлэхэд будагны үнэр гараагүй л байдаг. Жилдээ шалаа нэг удаа, ханаа 2-3 жилд нэг буддаг. Эхнээсээ ховхроод эхэлсэн.

 

 

Speak out

 

О.СЭЛЭНГЭ:БУДАГ НЬ ХҮРТЭЛ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Монголын сурагчдын холбооны тэргүүн

 

-Хүүхэд бол сургуулийн онцгой субьект. Бүх үйл ажиллагаа хүүхдэд чиглэгдэж тэдэнд ээлтэй байх ёстой. Будаг нь хүртэл. Гэтэл хятад будаг хүүхдэд харшил үүсгэж байгааг эмч нар тогтоосон байдаг. Үнэр нь гарахгүй 2-3 сар болох нь ч бий. Энэ нь хүүхдүүдийн суралцах явцад нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Мэдээж хямд үнэд нь болоод сонгохоос аргагүй байдаг байх. Гэхдээ төсвийн мөнгөө хэмнэж байна гээд хүүхдийг насан туршид нь өвчтэй болгож болохгүй биз дээ. Тийм болохоор манай холбоо танай сонины гаргасан энэ уриалгыг дэмжинэ.

 

Ж.АЛТАНЦЭЦЭГ: БИДНИЙ ХҮҮХЭД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ УЧИРГҮЙ

Гавьяат жүжигчин, дуучин

 

-Би энэ саналыг дэмжиж байна. Зарим сургууль, цэцэрлэг хямдханыг нь бодоод урдаас ирсэн будгаар хана, шалаа буддаг шүү дээ. Нөгөөх нь хатахгүй, ороход хурц үнэр нь үнэртсээр л байдаг. Будганд хүнийг мансууруулах бодис олон ордог юм билээ. Тэгэхээр бидний хүүхдүүд тодорхой хэм­жээнд эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг. Уг нь ингэж болохгүй л юмсан.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих