Америкууд БНХАУ-ын лидерийг тагнаж байжээ

Америкийн тусгай албад Хятадын харилцаа холбооны тэргүүлэх компанийн сүлжээнд нэвтэрч, Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргыг тагнаж байсан тухай мэдээлэл цацагдлаа. Вашингтон, Бээжингийн лидерүүд Голландад уулзахын өмнөхөн ийм шуугиан дэгдсэн ч энэ нь хоёр лидерийн яриа, хэлэлцээнд нөлөөлөхгүй бололтой.

New York Times болон Германы Spiegel сэтгүүл Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) Хятадын харилцаа холбооны аварга компани Huawei-ийн дотоод сүлжээ рүү нэвтэрсэн тухай нууц мэдээллийг нийтэлсэн байна. Америкууд мөн Хятадын лидер асан Ху Жинтаогийн цахим шууданд нэвтрэх гэж оролдож байсан аж. Эдвард Сноудений задруулсан энэхүү нууц баримт, материал 2010 онд хамаатай. Тэр үед NSA болон Америкийн нууц албад Shotgiant хэмээх тусгай ажиллагаа явуулжээ. Ажиллагааны гол зорилго нь Huawei компани болон Хятадын ардын чөлөөлөх армийн дотоод сүлжээ рүү нэвтрэх. Мөн тус компанийн дэлхий дахинд нийлүүлдэг компьютер, телефон холбооны тоног төхөөрөмжийг ашиглан өргөн хүрээтэй мэдээлэл цуглуулах зорилготой байжээ. Huawei дэлхийн хүн амын гуравны нэгд нь зориулан роутер,интернэт дамжуулагч, харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэдэг тул Хятадын компанийн бүтцэд нэвтрэх нь NSA-д тун чухал байв.

Өрнөдийн хэвлэлүүд Shotgiant ажиллагааг хайр найргүй шүүмжилж байна. АНУ өөрийн улсын фирмүүдэд Хятадын компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хориглосон байдаг. Мөн Австрали зэрэг холбоотнуудаа ч Хятадын компанитай гэрээ хийхийг хориглодог билээ. Хятадын тоног төхөөрөмж бусад улс орны харилцаа холбооны объектэд суурилагдвал тэдгээр улсын төрийн нууцад нэвтрэх “Хар хонгилийн хаалга” Бээжингийн өмнө нээгдэнэ хэмээн Вашингтон хэлдэг аж. Гэтэл тэд өөрсдөө Хятадын сүлжээ рүү “Хар хонгил” гаргах гэж оролдсон бололтой.

Хятадын эсрэг кибер тагнуулын ажиллагаа зөвхөн цэрэг, технологийн мэдээлэл цуглуулахаас хязгаарлагдсангүй. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн овоо хараанд 2010 онд Хятад ард улсын дарга, Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао өртөж байжээ. Америкийн тагнуулчид түүний цахим шуудан руу нэвтэрч байсан тухай Сноудений задруулсан нууц баримт, материалд байгаа аж. Б.Обама, Си Жинпиний уулзалтын өмнөхөн ийм мэдээлэл цагцагдсан нь тохиолдол уу? Тэд цөмийн аюулгүй байдал төдийгүй Украин дахь хямрал, оросууд Хар далайн хойгийг нэгтгэсний үр дагаварыг ч бас хэлэлцэнэ.

Хятад улс Оросыг чимээгүйхэн дэмжиж байгаа ч АНУ болон Европтой харилцаагаа муутгахыг хүсэхгүй байна. Тэд энэ асуудалд зуучлагчийн байр сууринаас оролцох бодолтой байна.

Хэдийгээр америкууд Хятадын пүүс компани, лидерүүдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл тарж байгаа ч хоёр улс үүнээс болж хэзээ ч муудалцахгүй хэмээн тоймч, ажиглагчид үзэж байгаа юм. Тэд муудалцаж, маргалдсан ч аюултай шугаманд хэзээ ч хүрэхгүй гэдгээ сайн мэдэж байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.