“Хирснүүд” Монголчуудын сэтгэлгээний гэгээвчээр салхи оруулна

хирснүүдАгуу сэтгэгч Ионескогийн нэрийн хуудас болсон “Сандлууд”, “Хирснүүд” жүжгийг Монголын үзэгчдийн хүртээл болох боломжийг “Вlаск Вох” театрын уран бүтээлчид олгож байна. Тус театрынхан өнгөрсөн онд “Сандлууд” жүжгийн тоглож, үзэгчдийн мэлмийг нээсэн. Харин удаах жүжиг болох “Хирснүүд”-ийг энэ сарын 27-нд буюу олон улсын театрын өдрөөр нээх гэж байна. Зорилгогүй хоосон амьдрал, үнэ цэнэгүй хүлээлт, утга учрын гэрэл дөнгөж гялсхийх агшинд болох эмгэнэлт төгсгөл гээд бидний амьдралыг дундуураас дүүрэн, хоосноос үнэ цэн рүү хөтлөх олон асуултын хариултыг “Хирснүүд” жүжгээс олж харж болно. “Вlаск Вох” театрын эзэн С.Мягмарын хэлж буйгаар “Сүүлийн хоёр гурван жилд л бид нөгөө социалист реализмынхаа их давалгаанаас ангижирч байна шүү дээ. Сүрлэг бадрангуй, магтан дуулсан урлагаас татгалзаж, субботник хийхээ больж, хувийнхаа уран бүтээлийг хийж эхэллээ. Сүүлийн үед манайд инээдэм их тоглогдож байна. Инээд бол хэн нэгэн хальтирч унахад л гарах зүйл шүү дээ. Тиймээс арай өөр зүйл үгүйлэгдэж байгаа тул “Хирснүүд” жүжгийг тоглохоор болсон” хэмээж байв.

Эжен Ионеско болон түүний “Сандлууд”, “Хирснүүд” жүжгийн талаарх товч мэдээллийг хүргэе. Ионеско нь 1909 онд төрсөн бөгөөд 1940-1950-аад онд хүчтэй давалгаалсан абсурд театрын томоохон төлөөлөгчийн нэг юм. Өөрийгөө ямар нэг онол, ямар нэг измтэй холбож, ямар нэг хаяг шошго наах дургүй тэрбээр бичсэн жүжгүүдийнхээ тухай тайлбарлаж ярихаас ямагт зайлсхийдэг байлаа. “Үзэгчид надаас зөв асуулт асуутал би тунгааж бодохыг хүсч байна” хэмээн хэлдэг байжээ.

Тэрбээр 1952 онд “Сандлууд” жүжгээ бичиж, тайзны бүтээл болгон үзэгчдэд хүргэсэн нь тухайн үедээ асар их шуугиан тарьж, театр судлалын ертөнцөд бөмбөг дэлбэлсэн гэдэг. Тэр үеийн хамгийн нэр хүндтэй шүүмжлэгч Кеннет Тайнан энэ жүжгийн дараа Ионеског “Бодит байдал хийгээд театртай тэрслэгч, олон нийтийг мунхруулагч” хэмээн нэрлэснээр шүүмжлэгч, судлаачдын дунд ихээхэн маргаан өрнөж байсан гэдэг.

“Хирснүүд” жүжиг 1960 онд тайзнаа тавигдсанаар Ионеско дэлхийн дахинаа алдар суугийн оргилд эргэлт буцалтгүй гарсан билээ. Дуулиан тарьж зохиолчоо эцэс төгсгөлгүй маргааны бай болгосон “Сандлууд жүжиг нь 1998 онд Лондоны “Роял” театрт тоглогдон гайхалтай амжилтад хүрсэн. Энэ буухиа АНУ-ын “Бродвей”-д үргэлжилсэн байдаг. Улмаар 1959 онд бичигдсэн “Хирснүүд” жүжгээ 1960 онд Лондоны “Роял”, дараа нь “Бродвей”-д тоглосноор дуулиан шуугианы эзэн болсон юм.

 

М.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих