“Усны хайгуулын судалгаа”-д хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаад санал нэгдэв

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Ус ба Эрчим хүч” сэдэвт зөвлөгөөн боллоо.

Өмнөговь аймаг, Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун, БОНХЯ-ны Усны мониторинг, зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, ИТХ-ын гишүүд, сумдын засаг дарга нар болон уул уурхайн компаниуд, Тавантолгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайхан болон мэргэжлийн судлаачид оролцлоо.

Зөвлөгөөнөөр “Эрчимтэй хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэлд газрын гүний усыг зохистой хэмжээнд ашиглах, гүний усны хайгуулын судалгаанд хөрөнгө оруулалт хийх, малчдын ундны усыг тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд шийдвэрлэх “ зэрэг нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Зөвлөгөөний үеэр гидрогеологийн инженер З.Цэрэндорж “Говийн бүсийн газар доорхи усны нөөц, судлагдсан байдал, ашиглах боломж ” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Уг илтгэлд “Өмнөговь аймагт тогтоогдсон газрын гүний усны боломжит нөөц 4386 л/с бөгөөд энэ нь уул уурхайн үйлдвэрлэлд хүрэлцэхүйц хэмжээ. Цаашид хайгуулын судалгааг хийх шаардлагтай” гэсэн юм.

Харин Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан  “Тавантолгой цахилгаан станц төслийн явц, хэрэглэх усны хэмжээ, ус ашиглах технологи”-ийг танилцуулсан юм.  Шинээр баригдах Тавантолгой цахилгаан станцын усны хэрэглээ 32 л/с байх бөгөөд усыг  хамгийн үр ашигтай зарцуулах, хаягдал усгүй байх, усыг 80% хэмнэх бололцоотой агаарын хөргүүрийн технологи хэрэглэх шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавиад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих