Хотын соёл нийслэлийнхэнд маань төлөвшчихсөн гэж боддог

527-139572697520447“Нийслэлийн хүндэт иргэн” булангийн энэ удаагийн зочноор Лондонгийн олимпийн хүрэл медальт МУГТ С.Ням-Очир уригдлаа. Түүнтэй тамирчин хүний хувьд бус Нийслэлийн хүндэт иргэн гэдэг талаас нь түлхүү яриа өрнүүсэн юм.

-Нийслэлийн хүндэт иргэнтэй уулзаж байгаа болохоор таныхаар нийслэл хот маань хэр хурдацтай хөгжиж байна гэдэг асуултаар яриагаа эхэлье?

-Намайг анх Увс аймгаас оюутан болоод ирсэнтэй харьцуулахад өнөөдөр нийслэл хот маань маш сайхан хөгжиж байна. Өндөр байшин барилгуудаас эхлээд хотыг чимэх зүйл их болжээ. Манай Улаанбаатар дэлхийн бусад хотуудын дэргэд жижигхэн, цомхон ч бүх зүйлийг агуулж цогцлоож чадсан байдаг. Үүгээрээ хөгжил нь онцлогтой юм болов уу. Миний бие 2012 онд Нийслэлийн хүндэт иргэн болж, Хангарьд одонгоор энгэрээ мялааж байсан. Энэ ч мөн адил надад тохиолдсон баяруудын нэг. Энэхүү хүндтэй шагналаа спортынхоо медалиудын дунд байрлуулаад дээдэлж явдаг.

-Монгол залуусын орон. Иймд залуучууд маань хүрээ соёлыг хэр эзэмшсэн байна вэ?

-Манай залуучууд өдрөөс өдөрт соёлтой болж бас боловсорч, цаг үеийн мэдлэг мэдээллээс хоцрохгүйг илүүд үздэг болж. Тухайлбал, биеэ авч яваа байдал, гудамжинд байрлуулсан хогийн савандаа хог цаасаа хийгээд хэвшчихсэн гээд ерөнхийдөө соёлжиж байна. Тийм учраас хотын соёл нийслэлийнхэнд минь төлөвшчихсөн юм болов уу гэж бодож байгаа. Залуучуудыг нийгмийн болоод хувь хүний ухамсар, хариуцлагынхаа хүрээнд массаар нь авч үзвэл  ахуй соёлын тал дээр 70,80 хувьтай байна гэж боддог.

-Таныг хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу байна вэ?

-Замын түгжрээ. Үүнээс болж хүмүүс ажлаа их алдаж байна. Гэхдээ нийслэлээс хэрэгжүүлж байгаа дугаарын хязгаарлалт замын түгжрээг нэлээдгүй хувиар багасгаж байгаа. Энэ мэтээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байгаа ажил их бий.

-Цаашдаа нийслэл хотоо хэр өөрчлөгдөн хөгжөөсэй гэж иргэний хувьд хүсч явдаг вэ?

-Нийслэл хотоо цэвэрхэн бүх зүйл нь нэгэн дор цогцлоод дээр нь зөрж өнгөрсөн бүхэн зөв сайхан харилцаатай болчих юм бол улам л гоё байх болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, би нийгэмд ийм үүрэг хариуцлагатай оролцоно гэдгээ мэдчих юм бол улс эх орны хөгжил эндээс л эхэлнэ. Тиймээс цаашдаа хүний амьдрах орчныг нь бүрдүүлээд сайжруулаад өгчих хэрэгтэй. Тэгэх юм бол үүнийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа ч өөрчлөгдөж шинэчлэгдэх нь зүйн хэрэг.

-Манай олимп, дэлхийн аваргууд нийгэмдээ, салбартаа бүтээлч ажлуудыг хийж байгаа. Таны хувьд наад зах нь шавьтай болох гээд зорьж төлөвлөсөн ажлууд байгаа байлгүй дээ?

-Тэгэлгүй яахав. Би одоо ид барилдаж, амжилт гаргахын төлөө тэмүүлж байна. Тиймээс хэрэв надаас шалтгаалах нийгэмд ач тустай ажил хийх санал ирэх юм бол би түүнийгээ дуртайяа хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Дээр нь монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн учраас хаа ч явсан мэнд, устай, халуун дулаан үгээр сэтгэлийг хөглөж байдаг. Энэ нь амжилт гаргахын эх ундарга болдог гэж хэлж болно.

-Увс аймаг бөхийн өлгий нутаг. Спортын олон төрөлд өндөр амжилт үзүүлсэн байдаг. Иймд та нутгаараа хэр очиж алжаалаа тайлж байна вэ?

-Том тэмцээний өмнө нутгаараа очиж нуурынхаа усанд ороод хийморио сэргээгээд ирдэг дээ. Гэхдээ манай нутаг Улаанбаатараас 1400 км зайд оршдог болохоор
санаснаараа очиж чаддаггүй юм. Миний хувьд Увс нуур, Улаан уул, Тарнийн нуруу, Хархираа Түргэний уулс зэрэг нутгийн зөн олныхоо зөв энерги, шүтээн болсон уулсуудад залбирч сүсэглэж явдаг. Нэг их мухар сүсэг гэдэг талаасаа биш, өөрийнхөө хэмжээнд аливаа нэг зүйлийг өөрийн болгож ухамсарлах гэдгээрээ шүтлэгтэй.

-Ойрд та гадаад, дотоодын томоохон тэмцээнүүдийг завсарлаад байгаа. Бэртэл тань сайн эдгэрээгүй байна уу?

-Би хагас жил гаруй бэртлийн улмаас барилдсангүй ээ. Харин өнөөдрөөс бэлтгэл сургуулилт маань жигдэрч байна. Тийм учраас бэлтгэл сургуулилтаа жигдрүүлээд барилдах хэмжээнд очсоны дараа барилдана даа. Үүний дараа тэмцээн уралдаандаа алгасалгүй оролцох бодолтой байгаа.

-”Амны билгээс ашдын билэг” гэдэг шиг ирэх олимпод таныг медалийнхаа өнгийг хувиргана гэж харж байгаа?

-Тамирчин хүний хувьд зорьж төлөвлөсөн зүйлүүд их бий. Түүндээ хүрэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийе гэж зорьж байна.

-Таны эхнэр ОУХМ П.Лхамдэгд.Та хоёр их спортоос төрсөн хосууд. Тиймээс танай гэрт спортын халуун яриа өрнөөд нэг л сайхан хийморьлог байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Чадах чинээгээрээ бие биедээ зөвлөөд амжилтын төлөө хамтдаа зүтгээд сайхан байдаг. Бөхийн эрдэм заадаг багшаас маань гадна миний хамгийн дотны зөвлөгч бол манай эхнэр. Хамтдаа бэлтгэл сургуулилт хийхээс гадна, тэмцээн уралдаанд оролцоход биеэ яаж авч явахав гэдгээс өгсүүлээд зөвлөх зүйл бишгүй байдаг. Энэ бүхэн миний амжилтын хөшүүрэг болж өгдөг дөө.

-Сонирхоод асуухад танай хүүг их бэлгэдэлтэй өдөр төрсөн гэдэг?

-Бид спортын буянаар боломжийн сайхан амьдарч байна. Манай хүү наймдугаар сарын 14-нд анхны Олимпийн аварга, анхны дэлхийн аварга төрсөн, дээр нь жудочдын өдрөөр төрсөн. Яагаад заавал ийм өдөр таарсныг нь мэдэхгүй. Төрөх ёстой жамаараа л төрсөн шүү дээ.

Д.Нэргүй

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих