Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний уулзалт дээр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

527-1395809433JAV_2180-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авч хэрэгжүүлэх үндэсний уулзалтад УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг-

2014.03.26                                                   Төрийн ордон

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авах үндэсний уулзалт, семинарт хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн бүх үед нийгмийн давхарга, газар нутаг, улс үндэстэн алинд ч ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал тухайн нийгэмд тулгамдсан асуудал байсаар ирсэн.

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоход байнга анхаарч ирсэн. Улсын Их Хурлаас 1995 онд анх удаа “Тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллын тухай” хуулийг баталж, 2005 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай” хууль болгон шинэчлэн найруулж баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тэдэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдсэн.

Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2008 оны 12 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг нэмэлт протоколын хамт Монгол Улсын Их Хуралд оруулж, соёрхон батлуулсан. НҮБ-ын конвенцийг нэмэлт протоколын хамт баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж, нийгмийн харилцаанд орох боломж баталгаажсан юм.

Энэ удаагийн Улсын Их Хурал 2013 оны 2 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, үүний дагуу “Эрүүл мэндийн тухай”, “Боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Нийгмийн халамжийн тухай” хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Энэ өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхийг бүрэн хангах боломжтой болж байна. Энэ нь Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлэн томоохон ажил хийсэн гэсэн үг юм.

Бид цаашдаа УИХ-аар хэлэлцэн батлагдаж буй хууль тогтоомжийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн гаргаж, батлагдсан хууль, тогтоомж амьдралд ойр, хэрэгжих боломжтой байх бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллана.

Ази, Номхон далайн бүс нутгаас зарласан 3 дахь 10 жилийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээнд дэвшил гаргах чухал баримт бичиг болсон гэж үзэж байна.

Инчеоны стратегийн Улс төрийн болон шийдвэр гаргах үйл явцад оролцоог дэмжих 2 дугаар зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрэгжүүлэх тулгын чулуу нь юм. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх нь энэхүү зорилгод хүрэх маш чухал зүйл. Энэхүү 10 жилийн стратегийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрийн болон шийдвэр гаргах бүх түвшинд илүү өргөн хүрээтэй оролцох боломж нэмэгдэнэ.

Бид Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Инчеоны стратегийг дэмжиж, эдгээр зорилго, зорилтуудыг 2013-2022 онд хэрэгжүүлэх, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, тэднийг бусдын адил нийгэмд бие даан амьдрах, тэгш оролцох оролцоог шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно.

Уулзалт, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсч, Монголын хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэддээ эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих