Өвөг дээдсийн минь булш угаадас хийх хөндий болжээ

26445_42174Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нийслэл хоттой зэрэгцэн чимээгүй хот хүрээгээ тэлсээр олон жилийн нүүр үзэв.

Нийслэл хоттой хамгийн ойр бүр хамт байх чимээгүй хот бол  Далан давхар. Хэдийгээр цементэн хашаагаар хүрээлээд ойролцоох айлуудаас тусгаарласан боловч  цөмөрч нурсан, тоногдож ухагдсан булш тоогоо  алдаж, золбин ноход шиншлэн гүйлдэх  нь нэгэнт  дасал болжээ.

Оршуулгын газар бараадан амьдрах айлууд “Хашаандаа танайх хэдэн булштай вэ?, Манайх өчигдөр жорлон ухсан чинь хоёр хүний толгой гарсан”  хэмээн ярилцах нь  энүүхэнд болов. Бүр зарим айл булшны хөшөөний хооронд хэц татан хувцсаа хатааж, цөмөрч орсон булшийг муу усны нүх болгон ашиглаж,  хүүхдүүд нь өвлийн цагт булшин дээр ус  асган хөлдөөж гулгуур болгон тоглодог аж.

Хотын ойролцоох оршуулгын газруудад булш тонох нь элбэгшжээ. Хэдхэн сарын өмнө л Нарангийн энгэрт оршуулаад удаагүй байгаа булшийг тонож, дотор нь байгаа эд юмсыг авч, авсаар нь тавилга хийгээд Нарантуул зах дээр зардаг байсан бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Гэтэл тэдгээр нөхдөд баригдчихаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хээв нэг “ядуу орны иргэд бид үүнээс өөр яаж амьдрах вэ дээ. Талийгаачийн шарилыг ухаад амьдрахаас өөр арга алга. Ер нь ч амьтан хүн тэжээвэл буян болдог биз дээ. Тиймээс бидний тээж байгаа талийгаачдын сүнс бурхны оронд очиж байгаа”  хэмээн ярьсан байна. Эндээс л ажиглахад яаж ч ядарч байлаа гэсэн монгол хүн бурхан болоочдоо ёс журмын дагуу нутаглуулж, хойдохын буяныг нь хэр чадлаараа хийдэг байсан хүн чанар өнөөдөр алга болсон нь эдгээр хүмүүсийн үйлдлээс л харагдах аж.

Нийслэлийн хэмжээнд Нарангийн энгэр, Алтан-Өлгий, Далан давхар, Цагаан даваа, Буянт-Ухаа, Японы болон Оросын оршуулгийн газраас гадна Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шарилын газар байдаг аж.

Эдгээрээс Далан давхар, Цагаан даваа, Буянт-Ухаад байдаг оршуулгын газрыг хаасан ч одоо хэр нь иргэд дур мэдэн хүнээ оршуулж, зарим нь талийгаачаа ил тавьсаар байгаа гэнэ.

Өнгөрсөн онд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс “Улаанбаатар буян” ХХК-ийнхан хамтарч оршуулгийн газраар явж шалгалт хийхэд нүд хальтрам дүр төрх угтсан аж. Тэднийг очиход нохой ,шувуу хагас идсэн цогцос Нарангийн энгэрт, Далан давхар, болоод Налайхын оршуулгын газруудад  хаа сайгүй хөглөрч байв..             Нэгэн цогцсыг Орох оронгүй, тэнэж яваад үхсэн нэгэн болов уу гэмээр чүнэтэй торгоор ороож, ном судар дэрлүүлэн хүндэтгэлтэй тавьсан байжээ. Энэ нь талийгаачийг нас барахад нь “Алтан хайрцаг”- т нь  “ил тавих ээлтэй” гэж хэлдэг шашны зан үйлтэй шууд холбоотой байх гэнэ.

Нийслэлд зөвшөөрөлгүй оршуулгын газрууд олширчээ

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрийн 1000 га газрыг бурхан болоочдын шарил эзэлж байна. Энэ газрыг иргэн бүр эзэмших эрхтэй 0,7 га-д хувааж үзвэл  1428 орчим хүнд оногдох нь. Түүнээс гадна нэг өрөө орон сууц хамгийн багаар  28м.кв байгаа гээд бодоход энэ газар хотхон, хороолол байгуулж , хүүхдийн сургууль цэцэрлэг эмнэлэг, үйлчилгээний газар олныг барьж болох нь.

Манай оронд дэлхийн бусад улс оронд түгээмэл хэрэглэдэг талийгаачийг чандарладаг ёсыг ашигладаг болсоор хэдхэн жилийн нүүр үзэв. Гэвч  гал дээр суусан хүнийг шатааж болохгүй, зүг нь таарахгүй байна гэсэн шалтгаанаар монголчууд чандарлахад тийм ч дуртай бус, харин ч эсэргүүцдэг аж.

Албан ёсны гэх оршуулгын газруудтай зэрэгцээд нийслэлийн  зүүн захад Хужирбулан , Улиастайн айлуудад  тулаад ирчихсэн томоохон оршуулгын газар бий болжээ.

Уг нь тус газрыг 2006 онд анх мод тарих зөвшөөрөлөөр авсан аж.  Мод ус, агаар мэт хэрэгтэй байгаа өнөө үед хэн хүний санаад байдаггүй сайхан санаачлага гаргасных нь төлөө дүүргийн газрын алба энэхүү зөвшөөрлийг өгчээ. Гэтэл сайхан санаачилга гаргасан хүн маань  нөгөө газраа мод бус “булш тарьсаар” одоо анх авсан газраасаа хэд дахин  их газрыг хамруулаад амжив.

Газрыг эзэмшиж авсан нөхдүүд дур мэдэн газар ухаж шарил хийснийхээ төлөө 50-80 мянган төгрөг аваад мөнгөөрөө өөрөө л хөлжиж, эзэмшил болгон авсан газраа ашгийн төлөө зах замбраагүй сунгаж Улиастай, Хужирбулангийн айлуудтай хаяа дэрлэн орших болжээ.

Энэ мэт зөвшөөрөлгүй оршуулгын газар Нийслэл хотод маань  цөөнгүй байдаг гэнэ.

Нийслэлийн Өлзийт хороонд хүн тавьдаг болсоор удаж байгаа ч энэ газар ямар ч зөвшөөрөлгүй ажээ. Уг нь Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2009 оны VIII  сарын 1-нээс хаасан боловч одоо хэр нь хүн тавьсаар 40 орчим га газрыг хамарчээ. Мөн Гачуурт, 61-ын гарам, Түргэний гол, Тахилт, Орбит, зуслангийн ногоон бүс Шарга морьт, Гүнт зэрэг газар хүн оршуулсаар байна.

НИТХ-аас нийслэлд оршуулгийн үйл ажиллагаа зохицуулах нийтлэг журамд тухайн оршуулгийн газар нутгийг 25 жилийн дараа өөр зориулалтаар ашиглаж болно гэсэн заалтын дагуу 2012 оноос Далан давхрын оршуулгын газрыг чөлөөлөх ажил хийж эхлүүлж гадуур нь хашаа татсанаас өөр зүйл хийсэнгүй . Уг нь дэлхийн улс орнуудын жишгээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай юм.

Тухайлбал Украин, Хятад, Герман зэрэг улсууд л гэхэд оршуулгын газрыг нэг мөр цэгцэлж хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болгожээ. Мөн Бразил улс оршуулгын газраа цэгцэлж орон сууцны хороололд болгожээ. Тэд энэхүү ажилдаа их хэмжээний мөнгө зарлагадсан хэдий ч хэдхэн жилийн дотор зарлагаа нөхөж бүр ч ашигтай ажиллаж байгаа аж.

Оршуулгын газрын асуудлыг ийнхүү дорвитой шийдэхгүй энэ байдлаараа явсаар л байвал нийслэл хот маань оршуулгаар дүүрч  хэдэн үеэрээ хайрлан дээдлэх учиртай  бидний өвөг дээдсийн булш тоногдож, эцэстээ хэнд ч хэрэггүй болж угаадас хийх хөндий болон хувирч байгаа нь хүний ёсонд нийцэхгүй юм.

Д.Гарам


URL:

Сэтгэгдэл бичих