Архи, тамхи, хүүхэн сурталчилсан хүүхдийн цувралууд

3-27-1Б.СОЛОНГО

Номын салбарт тэр дундаа хүүхдэд зориулсан номуудад алдаа ихтэй, болж бүтэхгүй үлгэртэй, буруу дууриалал үзүүлэх зурагтай, тэр байтугай садар самууныг сурталчилсан зүйлс орж байгаа талаар бид хөндөн бичиж байгаа билээ. Ерөөс номын салбар зарим нэг хүнд мөнгө олох хялбархан хэрэгсэл мэт санагддаг болчихсон нь илт боллоо. Ялангуяа хүүхдэд зориулсан гэсэн тодотголтой номууд чанараасаа эхлээд найруулга, утгазүйн хувьд асар их доройтолд орсон нь бидний өмнөх нийтлэлд дурдсан “Хүүхдэд зориулсан онигооны цуврал” юм. А.Наранбаатар гэж хүн эмхэтгэн “Шидэт өнгө” хэвлэх үйлдвэрт хэвлэсэн, томчууд ч тоож уншихааргүй архидан согтууралт, садар самуун үг хэллэг нь хэрээс хэтэрсэн энэхүү дөрвөн цуврал өчигдөр номын дэлгүүрүүдийн тавиур дээрээс буугаагүй л байна. Учир нь мөнгө  олох зорилгоор элдэв бусын хог нийлүүлэн ном гэж нэрлэн хүүхдийн нэрээр худалдаалж байгаа этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо манайд байхгүй. Тиймээс энэ асуудлыг бид тууштай хөндөж, зохиолч, редактор, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэл гээд шат шатны хяналтыг сайжруулах эрхзүйн орчинтой болгохын тулд хичээж байгаа билээ.

 

ОНИГООНЫ ЦУВРАЛ “ДҮҮ”-ТЭЙ БОЛЖЭЭ

 

Нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй өнөөх онигооны цуврал дахин дүүтэй болжээ. Энэ удаад онигоо биш “Хүүхдийн хөгжилтэй яриа” гэсэн нэртэйгээр хэвлэгдсэн байна. Мөн л номын томоохон дэлгүүрийн хүүхдэд зориулсан тасагт тавиур дээр олноороо тавигдан зарагдаж байна. Үнэ нь 1000 төгрөг. Г.Уянзул гэдэг хүн эмхэтгэсэн гэснээс бусад ямар ч мэдээлэл алга байлаа. Бас болоогүй ийм номын захиалга авна гэж 9665…., 9668…. гэсэн утасны хоёр дугаар бичжээ. Номон дотор юу хэвлэгдсэнийг уншигч та гадарлаж байгаа байх. Өнөөх л болж бүтэхгүй чепаев, вовкагаас эхлээд зүсэн зүйлийн онигоонуудыг нэтээс хуулаад хэвлэчихсэн. Өмнөх нийтлэлд дурдсан цуврал шиг “Би Болор архиар шээдэг болмоор байна” гэж улайм цайм бичсэн үг өгүүлбэр байхгүй ч хүүхдэд зориулсан хөгжилтэй ярианууд лав биш байна.

Тухайлбал, “Хоёр хүү тоо бодож байна. Найзаа 5 дээр 3-ыг нэмээд хэд вэ. -53. Зөв биз. Зөвөө зөв” гэх жишээний. Бас “Ойн амьтад архи уухаар болж хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов.  Гэтэл матар шар шувууг –Чи юугаа хараад байгаа юм бэ, хоёулаа хамт явья гэв”, “Нэг нөхөр хадам эхийгээ нутаглуулчихаад оршуулгын газраар явж байна гэнэ. Гэтэл толгой дээр нь шувууны баас унасанд тэнгэр өөд харснаа –Аан муу хорт могой чинь яасан хурдан тийшээ оччихдог юм бэ гэжээ”, “Гудамжинд залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод: -Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой, -Уучлаарай…, Санаа бүү зов Би багш хүн л дээ”  гэх мэтээр үргэлжилнэ. Хүүхдийн хөгжилтэй яриа лав ийм байхгүй байх.

 

НОМООС ГАДНА НЭВТРҮҮЛЭГ, СУРАХ БИЧГИЙГ ШҮҮМЖИЛЖ БАЙНА

 

“Зууны мэдээ” сонины нийтлэлийн дагуу маш олон хүн олон нийтийн сүлжээгээр болон утсаар холбогдож, хүүхдийн номтой холбоотой энэ асуудлыг заавал цэгцэлж, хяналттай болгох ёстой талаар саналаа хэлж байлаа. Тэдний ихэнх нь ээжүүд бөгөөд ийм ном уншсан хүүхэд ямар хүмүүжлийг эндээс авах вэ гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэд эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо маш хянуур байх хэрэгтэй, одоо ном сонгохын тулд дэлгүүрт ороод бараг бүтэн уншиж байж сонгодог болсон талаараа халаглаж байсан юм. Олон нийтийн сүлжээгээр саналаа илэрхийлсэн хүмүүс зөвхөн ном ч биш телевизийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн киноны үг хэллэг биш байгаа талаар шүүмжлэв. Тухайлбал, “Би ээжтэйгээ зурагт үзээд сууж байтал буландаа 3+ гэсэн бичигтэй эрүүл мэндийн нэвтрүүлэг гарсан. Хүүхэд яаж бий болдгийг бүхий л үйл явцыг аниме маягаар харуулсан. Хүүе юу гараад байна аа гээд телевиз рүү нь залгатал бид гурван наснаас дээш хүүхэд үзнэ гээд тэмдэглэгээ тавьсан гэж хариулсан. Хүүхэд тэр тоог хараад үзэхээ болих уу. Хажууд нь суваг солих хүн байхгүй л бол үзээд л сууна шүү дээ” гэж нэг ээж бичжээ.

Мөн “Хөгжилтэй бөмбөлгүүд гээд хүүхэлдэйн кино гардаг юм байна. Тэрэн дээр ингэж ярих юм. Нэг жижигхээн охин бөмбөлөг –Та хар хувцастай шалиг эр мөн үү, намайг том болохоор та аваарай гэнэ. Тэгсэн нөгөөх нь –Тийм ээ чи намайг солиоруулах нь гэдэг байгаа. Арай биш юм аа” гэв. Ээжүүд зохиолын ном болон сурах бичгийн талаар олон нийтийн сүлжээнд хатуухан шүүмжлэл өрнүүлж байна. Хүүхдэд зориулсан гэчихээд мөнгөний төлөө элдэв бусын зүйл нийтэлсэн номнуудыг нэг дор цуглуулж байгаад шатаая гэсэн санал ч гарч байлаа. “Ядаж сурах бичиг нь бас бөөн утгын болоод үгийн алдаатай. Тооны хүрд нь хүртэл алдаатай байгаа биз дээ”, “Анзаарсан хүмүүс нь ингэж олонд дэлгэх нь зөв. Хүүхдүүд нь өөрсдөө уншчихсан. Аав ээж нь анзаараагүй өнгөрсөн тохиолдол зөндөө байгаа байх. Би хоёр хүүхэддээ ном авч өгөх гэж дэлгүүрт бараг дуустал нь унших шахдаг болсон. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Ийм ном уншсан хүүхэд ертөнцийг зөв харах уу?”, “Хүүхэд байтугай том хүн ч дахин дахин уншаад энэ одоо юу гээд байгаа юм бол гэсэн бичлэгтэй, нэг л сайхан зураг, их үнэнээс цаашгүй хүн хуурсан хөгийн номнууд байдаг болсон байна”, “Хүүхдийн ном гэдэг сайн сайхан бүхнийг багтаасан байх ёстой. Сайхан сэтгэл, ухаарлыг ядаж агуулж байх ёстой. Энэ чинь одоо юу вэ. Амьдралыг таних гэж яваа алдрай бяцхан үрсдээ битгий хэл амьдралын муу сайн бүхнийг үзсэн азай буурал настангуудад хүртэл үзүүлэхээс ичмээр юм”, “Яаж ийм номыг зохиож, хэвлэж гаргадаг байна аа. Сайдаас нь хариу ирсэнгүй юу. Ер нь тайлбар, хариу өгсөн хүн байна уу. Муухай юм аа ийм ном хийж байдаг” гэх мэтээр олон санал ирсээр байна. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн нийтлэх болно.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих