Монгол ялтнуудыг нэг өрөөнд оруулжээ

d19be8b238ba3290a48054dfb50e900b_L“Монголчууд маань өрөөндөө цэцэг тарьдаг болчихож, хүн бүр нэг цэцэг тордоод их хөөрхөн өөдрөг сууж байна” хэмээн ялтнуудаа эргээд ирсэн Б.Оргилбаяр олзуурхан ярилаа.  Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас Өвөрмонголд ял эдэлж байгаа монгол иргэдтэйгээ хийдэг ээлжит уулзалтын энэ удаагийнхыг консул Ж.Багахүү, хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Оргилбаяр нар зохион байгуулсан юм.

Консулын газраас ялтнуудаа тогтмол хугацаанд эргэж хүн бүрийн нэрийн дансанд 100 юань хийж, ар гэрийнхнийх нь илгээмжээс гадна өөрсдийн бэлтгэсэн ном сэтгүүл, чихэр жимсийг хүргэж өгөн, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж бэрхшээл хүндрэлийг нь хамтран шийдвэрлэдэг уламжлалтай. Өвөрмонголд өнөөдрийн байдлаар Монгол улсын есөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй ял эдэлж байгаа билээ. Мөн урьдчилан хорих төвд саатуулагдан шалгагдаж байгаа 12, дээд шатны шүүхэд давж заалдан хоригдож буй  нэг иргэн, нийт 26 иргэн байна. Хятадад ял авсан монгол иргэдийн олонхийг Өвөрмонголын хорих ангиудад шилжүүлдэг, энэ талын хүсэлт шаардлагыг ч манай улсын зүгээс Хятадын талд байнга хэлж сануулдаг байна. Хөххотод ял эдэлж буй монгол иргэдийн нөхцөл Хятадын бусад шоронгуудын дэргэд харьцангуй хөнгөн байдгаас гадна эх орноосоо эргэлт авахад дөхөмтэй гэх мэт нааштай талууд олон гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий консулын газраас шоронгийн удирдлагуудад тавьсан хүсэлтийн дагуу монгол хоригдлуудыг нэг өрөөнд оруулж өвөрмонгол харгалзагчтай болгожээ. Уулзалтын үеэр хоригдлууд өвөрмонгол хянагч нартаа ихээхэн ам сайтай байсан тухай Консулын газрын ажилтнууд ярьжээ. Мөн шоронд хийдэг ажлуудынх нь үнэлэмж янз бүр байдаг бөгөөд манай ялтнууд хамгийн өндөр цалинтай ажил хийж оноо цуглуулж ялын хугацаанаасаа хасуулах хүсэлтэй байдгийг харгалзан оёдлын хэсэг гэх мэт өндөр үнэлэмжтэй газруудад хуваарилан ажиллуулах боломжоор хангажээ. Монгол хоригдлууд үр бүтээмж ихтэй ажиллаж шагналын хоногуудаа улирал тутамд шоронгийн удирдлагадаа мэдүүлснээр ялын хугацаанаас дээд тал нь нэг жил 10 сарын хугацааг хасуулан тооцуулж байна. Энэ нь хугацаанаас өмнө суллагдах нэг нөхцөл болж, манай иргэд ч ямар нэгэн сахилгын зөрчил гаргахгүй, ажил хөдөлмөрөө сайн хийж гүйцэтгэж байгаа аж.
Хүний нутагт ял эдэлж байгаа монголчууд маань Консулын газрын ажилтнуудыг эргэж ирэхийг хуруу даран хүлээж байдгаа хэлж, шоронгийн нөхцөл, ар гэрийнхнийхээ зовлон жаргалыг ярьж, зарим нь гэр бүлийнхэндээ захидал хүсэлтээ дайж, өөрсдийнх нь өмнө тулгамдаж байдаг зарим асуудлыг айлын талд уламжилж аль болох нааштайгаар шийдүүлж өгөхийг ам уралдан тоочжээ. Тухайлбал, нөхрийн хамт ял эдэлж байгаа Д.Даариймаа эрэгтэйчүүдийн шоронгийн удирдлагуудтай ярьж нөхрийг нь уулзуулж өгөхийг хүсэхийн зэрэгцээ Монголд үлдсэн үр хүүхдүүдийнх нь талаар асууж тодруулан эргэж мэдээлж туслахыг гуйлаа. Мөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс хорих газрын зүгээс нийт хоригдлуудын гадуур, дотуур бүх хувцасыг жигдрүүлэн нэгдсэн журмаар олгож байхаар болсон тул эргэлтээр ирэхдээ хувцас авч ирэхгүй байхыг ар гэрийнхэндээ хэлүүлэв. Мөн Чэндү, Сычуанаас шилжиж ирсэн хоригдлууд тэнд эдэлсэн ялныхаа шагналын оноог нэхэмжлэхэд нь туслахыг хүсчээ. Тэрчлэн гадаад улсад ажиллаж амьдарч буй садан төрлийнхөн нь мөнгө, эд зүйл илгээх гэхээр хэрхэн яаж дамжуулахаа мэдэхгүй байгаа тухай бэрхшээлийг Консулын газрын ажилтнууд шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ялтнуудын хүсэлтээс цухасхан дурдахад,

Т.Отгонбаатар: -Өмнө манай шоронгийн зүгээс нээлттэй өдөрлөг зохион байгуулаад бидний ар гэрийн хүмүүс ирсэн хэдий ч хамгийн гол нь дотор оруулаагүй. Бусад ялтнуудын ар гэрийн хүмүүс дотор орж уулзаад, харин үдээс өмнө нэг, үдээс хойш нэг удаа 1 цаг уулзуулсан. Манай консулын газраас эргэлтээр ирсэн бүх хүмүүст зөвшөөрлийн бичиг авахад их тусалсан гэж байсан. Харамсалтай нь энд ирсэн хойно оруулаагүй.Та хоёрыг бас хэзээ ирэх бол гээд  харж л байлаа, бид нар сайн байгаа, дараагийн уулзалт хэзээ  болох вэ, наадмын өмнө үү, дараа юу?

Н.Зоригтбаатар: -Солонгос улсад миний хүү над руу мөнгө шилжүүлэх гээд яах учраа сайн олохгүй байх шиг байна. Та бүхнээр дамжуулаад авч болох уу? Хугацаагүй ялтай ялтнууд одоо хийж байгаа ажлын хоног, цуглуулсан оноо ялын хугацаатай болсон тохиолдолд хугацаанаас хасагдах талаар яг тодорхой мэдэхгүй байна. Өөр санал хүсэлт алга, баярлалаа та бүхэнд.

Н.Мөнгөнхундага: -Дансанд минь мөнгө хийж өгсөнд баярллаа, би карт аваад ээжтэйгээ яринаа, их баярлалаа, та нарт. Манай ээж рүү бас намайг сайн байгаа талаар уламжилж өгхөийг хүсье. Би ялын хугацааны 5/1-ийг биеэр эдэлсэн болохоор одоо үлдсэн ялаа эх орондоо дуусгах хүсэлтэй байгааг минь уламжилж өгнө үү. Ажлаа хийж байгаа, ажлын хүнд, хөнгөн, нөхцөл муу сайн гэж би ярихгүй ээ. Болж л байна. Оны өмнө манай дүү ирээд, та бүхэн уулзуулж өгсөн, дүүгээ ирсэнээс хойш сэтгэл санаа өөдрөг болсон. Цагаан сарын үеэр монгол руу зөвшөөрөл авч карт аван ярих гэж их хэцүү байсан, энэ талаар удирдлагуудад хэлж өгвөл сайн байна, өөр хэлэх санал хүсэлт байхгүй байна.

Д.Дариймаа: -Хөххотын шоронд ирээд багаггүй хугацаа өнгөрч байна. Би долоон жилийн өмнө Монголдоо аваарт ороод тархиндаа гэмтэл авсан юм. Түүнээс шалтгаалаад унадаг, татдаг болсон. Одоо ийм газар сэтгэл санаа хямраад өвчин улам хүндрээд хэцүү байгаа. Гэхдээ шоронгийн удирдлагын зүгээс эмчид үзүүлж эм тариа өгч эмчилдэг, намайг өвчтэй болоод ч тэр үү маш их анхаарал тавьж сайн харилцдаг, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэдэг юм. Гэхдээ эмэгтэй хүн болохоор зарим үед их хүнд байдалд ордог, өдөр ажилдаа гараад орой өрөөндөө ирээд бусад хүмүүс амарч байхад унаж, тусаад бусдад их тээр болдог, үүндээ ч өөрөө их эмзэглэдэг юм. Эндхийн хоолонд дасахгүй хэцүү байна, Монголд байгаа гурван жаахан үрдээ  л санаа их зовж байна даа. Манай нөхөр бас Эрэгтэйчүүдийн хорих газар байгаа. Таныг өмнө ирээд уулзсан гэж надад хэлж байсан. Цагаан сараар зөвшөөрөл аваад энд ирж надтай уулзаад явсан. Би таниар дамжуулан төрсөн ах, ээж, охиндоо мэнд дамжуулж, ахыгаа энд ирээч гэж хэлүүлмээр байна. Ээж рүү минь яриад маш их хайртайг минь заавал хэлж өгөөрэй, ийм зүйл хийж зовоож байгаадаа маш их харамсаж байгааг минь, охиноороо маш их бахархдаг, хайртай гэдгийг минь хэлж өгөөрэй. Хүсэх зүйл гэвэл эх орондоо үлдсэн ялаа дуусгах хүсэлтэй л байна. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа ингээд торны цаана орчихоор муу хэдэн хүүхдээ бодхоор гол харлаад хэцүү байх юм. Миний хүсэлтийг цааш уламжилж эх орондоо ялаа үргэлжлүүлж эдлэхийг хичээнгүйлэн хүсч байна, та бүхнийг ирж бидний санал, хүсэлтийг сонсож уулзаж байгаад маш их баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.

Д.Жүгдэргарам: -Энэ хорих газарт бидний дөрвөн монгол, хоёр солонгос эмэгтэй хоригддог, биднийг баяр ёслолын үеийг тааруулан ар гэрийнхэнтэй гар утсаар яриулах арга хэмжээ авдаг байсан нь 2013 оны сүүлээс эхлээд  тасарсан. Ар гэрээс ирүүлсэн монгол хэл дээрх ном, сэтгүүлийг шалгаж байгаа гэх шалтгаанаар өгдөггүй. Өнгөрсөн оны долдугаар сард явуулсан номыг одоог хүртэл өгөхгүй байгааг тодруулж асуухаар шалгаж байгаа гэж тайлбарладаг. Мөн дансан дахь мөнгөө өгч хоол хүнсний зүйл худалдан авахуулахаар халуун ногоо ихтэйг авчирдаг, эдгээр хүндрэл бидний дунд нийтлэг байгаа тул та бүхэн анхааралдаа авч Хорих газрын удирдлагад уламжилж нааштай байдлаар шийдвэрлүүлж өгнө үү.
Консулын газрын ажилтнууд дээрх асуултуудтай холбоотой зарим боломжтой зүйлүүдийг газар дээр нь шийдвэрлэлээ. Хятадын шоронгуудын нэг бэрхшээл бол ял эдэлж буй гадаад иргэдэд өөрсдийнх нь хэлээр ирдэг  ном хэвлэлийг шууд нэвтрүүлэхгүй шалгаж байцаадгаас мэдээлэл ихээхэн хоцорч ирдэг аж. Ялтнуудын хамгийн их хүсэн хүлээж байдаг зүйл бол ном гэнэ. Саяын эргэлтээр Консулынхны авч очсон сэтгүүл номын хагасыг нь мөн оруулахыг хориглож, шалгалтад буцаажээ. Харин Өвөрмонголд ял эдэлж буй монгол иргэд сахилга дэг журмын зөрчил гаргадаггүй тул шоронгийн удирдлагууд ам сайтай байлаа. Дахин хэзээ ирэх вэ хэмээн хүүхдүүд шиг шалгаах тэднийгээ наадмаар эргэх амлалттайгаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Хөх хот. Б.Занданхүү


URL:

Сэтгэгдэл бичих