Эх хэл, бичгээ мэдэхгүй бол эрдэм сурна гэж мөрөөдөх хэрэггүй

хххххОрчин цагийн мэдлэг, боловсрол, мэргэжлийг эзэмшихийн тулд эхлээд монгол хүн болох ёстой. Эс тэгвээс эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг шиг хэчнээн эрдэм мэдлэгтэй байлаа гээд өрөвдөлтэй харанхуй, өрөөлийг дагалдагч төдий болно. Тиймээс өнөөгийн залуус оюутан болохын тулд эхлээд монгол хэлээ төгс эзэмшиж, босоо бичгээрээ бодлоо амилуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг шийдвэр гаргагчдын зүгээс тавьж байгаа ажээ. 2013 онд гаргасан Засгийн газрын 37 дугаар тогтоолд энэ тухай тусгаж өгсөн байна. Үүний дагуу энэ жилээс эхлэн их, дээд сургууль, коллежид элсэхээр бүртгүүлсэн залуусаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авахаар болжээ. Физикч, математикч, геологич, эмч, зураач, дуучин гээд ямар ч мэргэжил эзэмших байсан эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичдэг байх шаардлагыг тавьж байгаа нь энэ юм.

 

 

Хэл, сэтгэхүй хоёр шууд хамааралтай. Хэл эвдэрвэл сэтгэхүй эвдэрнэ. Сэтгэхүй эвдэрснээр хүн эвдэрнэ. Сүүлийн үед монголчуудын гадаад хэлний боловсрол өндөр болсон. Ясли, цэцэрлэгээсээ эхлээд гадаад хэл үзсэн унаган англи, орос, хятад, япон хэлтэй хүүхэд, залуус өсч өндийж байна. Эх хэл, бичгээ гүйцэд эзэмшээгүй байхдаа гадаад хэл сурсан залуусын сэтгэлгээ харьжиж, монгол хүний оюуны дархлаа суларч эхлэв.

 

Монголчууд бидний эх хэлний мэдлэг өдөр тутмын хар ярианы явцуухан хүрээнд эргэлдэж, мессеж, мессенжер, твиттер, фэйсбүүкийн этгээд гаж хэллэг хэрэглээнд түрэн орж ирээд багагүй хугацаа өнгөрөв. Залуус байжээнэ /байж байна/, явжийнэ /явж байна/, гэжийгаа /гэж байгаа/, тийштээ /тийм шүү дээ/, хаанайгаан /хаана байгаа юм/, юувайна /юу байна/, өөлгөнийн /хөөрхөн юм/ гэх мэтээр ярьж бичих болоод удав. Балчир хүүхдүүд цагаан толгойн үсэг хагас дутуу нүдлээд л олон нийтийн сүлжээний гишүүн болж дээрх яриагаар тархи цэнэглэж эхэлж байна. Ингээд ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө Гаамп, Артанъянаас дутахгүй гаж хэлтэй нэгэн болно. Энэ бол орчин үеийн хөгжлийн хурд, техник, технологийн дэвшлийн нэг сүүдэртэй тал .

 

Өнөөдөр их, дээд сургууль, коллежид элсэхээр шалгалт өгч байгаа сурагчид Гаампын хэлээр бичиж, мөн тэрчлэн сэтгэж байгааг буруутгах арга алга. Өдрийн ихэнх цагийг цахим ертөнцөөр аялж, олон нийтийн сүлжээгээр харилцахад зориулж сурагчдаас эх хэл, бичгээ хэр эзэмшсэнийг нь шалгаж, монгол хүн  гэдэг дархлааг нь тогтоож, сануулж байх нь зөв. Тэгэхээр элсэлтийн шалгалт өгөх сурагчид, залуус эхлээд  монгол хэл, бичгийн шалгалтаар өөрийн мэдлэгийн чанар, төвшингөө тогтоолгохоор болж байгаа нь оройтсон уу гэхээс эртдээгүй шийдвэр. Ирэх зургадугаар сарын 14-нд их, дээд сургууль, коллежид элсэх залуус бүгд монгол, хэл бичгийн шалгалтыг нэгэн зэрэг өгнө. Энэ өдөр эх хэл, бичгийн өдөр байх болно.

 

40 мянга орчим залуус “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл”-ынхоо эзэн болж чадаж байгаа  үгүйгээ дэнслүүлнэ. Эх хэл, бичиг, өв соёлдоо эзэн шиг эзэн болж чадаагүй байж дэлхий нийтийн шинжлэх ухааны эрдэнэсийн санд эзэн болно гэдэг санасны гарз гэдгийг өнөөгийн залуус ойлгож эхлэх цаг ирэх нь.

 

Г.Сонинбаяр


URL:

Сэтгэгдэл бичих