Сайд дарга нар авгайн шахаа араас нь намын лүндэнгээр томилгоо хийсээр толгой нь эргэж гүйцжээ

намуудЯам гэдэг нь нэг сайдын хийгээд нэг намын өмч биш терийн албыг үүрч явдаг том салбар. Гэм нь өнөf цагт нэг юм уу хоёр намд харьяалагддаг улс төрийн хараат аппарат болж хувирчээ. МАХН, ИЗНН-тай хамтарч АН шинэчлэлийн засгийн газар байгуулсан атал энэ танхимын салбар яамууд төрлийн хэлхээнд суурилсан намын эзэмшил болсон мэт харагдаад байх юм.
Яамны сайдын томилолт авсан эрхэм эхлээд төрлийн сүлбээгээр төрийн хариуцлагатай агентлаг газруудын удирдлагад томилгоо хийчихээд дараа нь намын томилгоо хийдэг үзэгдэл хавтгайрсан. Худалч нэгэн байтугай хулгайч, луйварчин хүртэл даргын суудал эзлээд даналздаг болсон байна.

Хуулинд заасан Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтыг бүр тоомсорлохоо ч байчихаж. Засгийн газрын танхим болон яамдын аппарат нь багаар ажиллахыг шаарддаг. Агентлаг, газар хэлтэс ба тасаг албад хүртэл тийм шалгууртай. Гэтэл үхрийн эвэр шиг олон амьтныг газар газраас түүж авчирсан болохоор өнөөдүүл нь юун багаар ажиллах дор дороо довоо шарлуулах гэж зүтгэдэг учир ажил цалгардах нь энүүхэнд. Нэг жишээ татахад л ССАЖЯ-ны төрийн нарийн П.Алтангэрэл соёл, урлагийн газрын дарга асан Н.Оргил хоёрын хооронд зөрчил үүсэж хэрүүл хийгээд түүнийх нь нурам одоо ч уугьсаар, утаа май тавьсаар байна. Хоорондуур нь хар муур харайхын шалтгаан нь нөгөөх л намын томилгоо, төрлийн сүлбээгээс үүдэлтэй. Багш мэргэжилтэй Алтангэрэл нь АН-ын томилолт өвөртлөөд УИХ-ын гишүүнээс энд ирсэн бол жүжигчин Оргил нь 1996-2000 онд төр түшилцсэн Нарангэрэлийн ганц хөвгүүн юм. Хоёулаа л нэг намынх боловч гэдсээ ухалцаад эхэлдэг нь хачин.

Засгийн эрх авсан нам юм уу нэг яамыг эзэгнэсэн нам тэндээ! эзэн суудаг нь нууц биш. Яг л газрын эзэн, байрны ноён шиг аашилна. Зарим нь ялсан намын эрх ашгийг биелүүлнэ, нөгөө нь өөртөө тусалж зүтгэсний өрийг төлөх гээд чадах чадахгүй амьтдаар төрийн алба залгуулна. Кинонд гардаг хачиг Луузан шиг ардын засагт өгсөн арван шарынхаа хөлсийг авна гээд гүйдэгчүүл ч цөөдөхгүй. Энэ бол өнөө цагийн манай намуудын бохир царайны жинхэнэ төрх. Төрийн алба нь намын ажил биш гэдгийг ойлгодог нь байвч үл тоомсорлогчид нь дийлэнх. Ерөөс төрийн ажлыг тохиролцоогоор хийх нь ердийн жишиг болсон байна. Яамны сайд, дэд сайд, төрийн нарийн гурав нь өөр өөр намынх байх жишээтэй. Эндээс л хэн нэгний ачийг хариулах, өр төлөх, намын томилгоог биелүүлэх гээд зөрчлүүд нь эхэлж байгаа юм.

Намын ба төрлийн томилгоо явуулахдаа ч айж ичихээ бүр больжээ. МАХН-ын генсек болсондоо халуурч догдолсон Г.Шийлэгдамба нам ба төрийн ажил алба ямар байх тухайгаа ч мартаад Бага чуулгандаа төрд ажиллахаар хүсэлтээ гаргасан МАХН-ын 600 гишүүний 150-ыг нь ажилтай болгосноо нэрэлхэж цээрлэлгүй мэдэгдэж байх жишээтэй. Шинэчлэлийн
танхимын шадар сайд, МАХН-ын дэд дарга Тэрбишдагвын мэдэлд. ОБЕГ, МХЕГ,.. гээд томоохон агентлаг харьяалагддаг. Онцгой байдлын газарт гэхэд тус намын 60 гишүүн том жижиг албан тушаалд очжээ. Тэрбишдагвын шадар гар байсан Т.Дуламдорж гэхэд ОБЕГ-ын дарга болж ёстой л “сраз майор” гээч болох жишээтэй. Сангийн сайд Ч.Улааны мэдэлд ТЕГ, ГЕГ байдаг. МАХН-ын нарийн бичгийн дарга тул түүнд намынхаа нөхдийг төрийн албанд оруулах үүрэг оногдож таарна. Тэгээд татварт дөчөөд, гаальд хориод гишүүнээ томилон ажиллуулжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгч, Дархан-Уулд нэр дэвшээд бүдэрсэн Б.Тулга БОНХЯ-ны дэд сайд, намын жагсаалтын 12-т бичигдсэн Э.Эрдэнэжамьян ХЗЯ-ны дэд сайд болжээ. АН-аас Баян-Өлгийд өрсөлдсөн Ч.Куланда японы Осака хотод консулаар, Говь-Алтайд унасан Б.Ариунсан Тагнуулын ерөнхий газарт, Дорнодод үзээд бүдэрсэн Б.Мөнхцэцэг  Боловсролын Төрийн сангийн дарга, УИХ-ын экс гишүүн Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой”-н           захирал, Дорнодоос  мултарсан. П.Алтангэрэл ССАЖЯ-ны терийн нарийн, С.Баярцогтын зевлөх Д.Цогт-Очир ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Төв аймагт ялагдсан Д.Доржпүрэв Сангийн яамны дэд сайд, Ховдод арчуулсан Д.Кёкүшюзан Батбаяр Ерөнхий сайдын зөвлөх, Ховдод холион бантан хийсэн Б.Пүрэвдорж Гадаадын иргэд харьяатын асуудал хариуцах газрын дарга, Хэнтийд ойчсон М.Хүдэрбаатар Ерөнхий сайдын зөвлөх,,. гэхчлэнгээр сонгуулийн тойрогт нэр дэвшээд дийлдэгсэд төийн албанд томилогджээ.

Намыг санхүүжүүлдэг, намдаа үнэнч зүтгэгсдийг харж үзээд төрийн ажлаар шагнадаг явдал улам гаарлаа. Чихэр өгөхгүй бол уйлаад цэцэрлэгтээ явдаггүй эрх танхи хүүхдээ эрхлүүлдэг эцэг эх шиг л сонгуульд нэр дэвшээд санал авч чадаагүй хүмүүс болон нэр дэвшиж амжилгүй үлдэгсдийг төрийн албаар мялаадаг нь жирийн үзэгдэл боллоо. Зөвхөн АН, МАХН, ИЗНН, МҮАН тэгсэн хэрэг биш засгийн эрх барьж байхдаа МАН бас л тийм жишигтэй байсан юм. Урьдын юм ул болж, шинэ юм зул болно гэдэг боловч засгийн эрхэнд гармагцаа бүгдийг үл хайхардаг нь ялсан намуудын үнэн дүр төрх болоод байна.

Уг нь АН-ын дарга Н.Алтанхуяг засгийн газраа шударгаар ажиллуулж, өөрчлөлт бүтээн байгуулалт явуулна гээд шинэчлэлийн  хэмээх сонсголонтой яруу төгс үгээр тодотгосон. Гэтэл юуных нь шинэчлэлийн байхав энэ сайхан тодотголоо шалбаагтай хольж орхилоо. Байсгээд нэг дарга солигдоно, зарим нь улсын хөрөнгө завшаад шорон руу ачигдаж байна. Аман дээрээ сайхан үгээр алим шиг амттай яривч ачир дээрээ төрийн ажил нь түгжигдэх маягтай. Гэмтэл согогийн эмнэлэг гэж хэл амнаас салдаггүй нэг газартай боллоо. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа эхнээсээ л урагшгүйдсэн. Сайд, төрийн нарийн бичгийн дарга хоёр нь хоёулаа МАХН-ын гишүүд байсан ч Удвал сайд, ардын эмч Хатанбаатар нар хоорондоо хөлөө жийлцсээр яваад төрийн нарийн нь халагдсан.

Одоо тэгэхэд нэг эмнэлгийнхээ даргыг ч томилж чадахгүй ЭМЯ нөгөө хөлдөө чирч байна. ГХ-ны сайд Лу.Болд өмнө нь БХЯ-нд хамт ажиллаж байсан хамтран зүтгэгчээ шинэ яамандаа дагуулж очоод Консулын газрын даргаараа тавьсан ч нөгөөх нь хэл ам татлаад эхэллээ. Ерөнхий сайд гэхэд л өөрийн шадар туслах асан хүргэнээ ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар тавьсан ч халамжит хадмынхаа төлөө үнэнчээр зүтгээд ажлаа өгөхөд хүрсэн. Ямартаа л төрийн ажил төрлийн алба болов гэсэн хэлц үг эндээс үүсэх вэ дээ. Салбар толгойлсон сайд яамыгаа төрлийн сүлжээ, намын сүлжээ болгохдоо гудийдаггүй болсон нь мөнөөх ардчиллын маань ололт юмсан уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрсөн ах нь нйислэлийн нэгэн жижигхэн байгууллагын дарга байхад Үүл, Тулгаа хоёрын чихийг чимхсээр байгаад чөлөөлүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан бас л төрсөн ахыгаа нэгэн төрийн өмчит үйлдвэрийн захирал болоход шаардсаар байгаад халуулсан. Энэ мэт шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн сайн зүйл байхад сэтгэл чилээж, чих халууцуулсан таагүй явдал нь бүр илүү жин дарж байна. Намын өмнө хүлээсэн үүргийг төрийн албаар төлбөр хийж ажилд авахыг хэлдэг болсон нь дэндүү бохирдсоны шинж биз. Энэ бол төрийн албыг намын халаасанд шургуулсны тодорхой жишээ мөн.

Төрөөс том толгойтой нам буй болсны яруу тод баримт “Өөрчлөлтийг  өөрөөсөө, шинэчлэлийг ширээнээсээ” хэмээн цээжээ дэлдэх шахаад донгоддог атлаа зул шиг бадамлуулах учиртай төрийн албыг намын ажлын дамжлага болгодгоо хэзээ орхих бол оо. Халаагаа өгөхөд хоёрхон жилийн зай байна. Энэ мэтээр өдөр сарыг өнгөрөөвөл 2000 оны сонгуульд навсайтал
унасантайгаа адил өнхөрсөн түүх давтагдах л байх даа.

 

А.Өгөөмөр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.