Г.Батбаатар: Чи арчаагүйдээ л 103-ын эмч хийж байгаа биз дээ

527-1396231087zaxiral-Ёс суртахууны доройтолтой хүнээр ирээдүйн эмч нарыг бэлтгүүлэх үү-

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал Г.Батбаатар автозамын осол гаргасан байна. Мөн ослын хохирогчид үзлэг хийхээр ирсэн түргэн тусламжийн эмчийг загнаж, доромжилжээ.

Тодруулбал, тэрээр энэ сарын 16-ны өглөө 09:00 цагийн үед Энхтайваны гүүрний ард осол гаргажээ. Тухайн үед Г.Батбаатар хар өнгийн 0911 УНД улсын дугаартай Ланд-200 маркийн машинтай явж байсан аж. Харин түүний хохирогчид нь цагаан өнгийн суудлын тэрэгтэй явж байжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар бол тэрээр суудлын тэрэгний араас мөргөж, засвар авахааргүй болгосон байсан гэнэ. Харин Г.Батбаатарын машины баруун талын дугуйны тохиргоо алдагдсан байжээ. Мөргүүлсэн машинд нэг гэр бүлийн дөрвөн хүн явж байсан байна.

Ослын улмаас эхнэрийнх нь толгой, нөхрийн нь хүзүү өвдөж байсан учраас, бэртсэн байж болзошгүй хэмээн хохирогчид түргэн тусламж дууджээ. Харин хүүхдүүдийн хувьд нэг нь ой гарантай, нөгөөх нь дөрөв орчим настай аж. Осол гарах үед нөхөр нь жолоо барьж, том хүүгээ хажуудаа суулган, эхнэр нь бага хүүхдээ тэврэн арын суудалд сууж явжээ.

Улмаар дуудлагын дагуу түргэний эмч очиж үзлэг хийсэн байна. Анхан шатны үзлэгээр яаралтай авч явах шаардлагагүй гэсэн оношийг дуудлагын эмч гаргасан аж.
Гэхдээ тэрээр Г.Батбаатарт хандан “Ослын бэртэл тухайн үедээ илэрдэггүй юм. Битүү бэртсэн байж болзошгүй. Тиймээс та энэ хүмүүсийг шинжилгээнд хамруулаарай” гэсэн аж.

Гэтэл Г.Батбаатар дуудлагын эмчийг түлхэн “Би мэдэж байна. Наад хүмүүс чинь зүгээр юм бол та нар зайлцгаа. Чи арчаагүйдээ л 103-ын эмч хийж байгаа биз дээ” хэмээн уурлаж эхэлжээ.

Төд удалгүй цагдаагийн албаны машин унасан энгийн хувцастай, 40 орчим насны эрэгтэй ирсэн байна. Тэрээр Г.Батбаатарыг өмгөөлж түргэн тусламжийн эмчид “Чи бол гөлөг. Чамайг хаана ч дарангуйлна. Чи надаас юу ч олж долоохгүй” зэргээр заналхийлж эхэлжээ.

Осол гарах үед тухайн орчимд байсан хүмүүсийн хэлж буйгаар энэ эрхэм цагдаагийн албаны дарга нарын унадаг “Волксвоген” маркийн машинтай ирсэн гэнэ. Тийм учраас цагдаагийн алба хаагч байж болзошгүй хэмээж байна лээ.

Мөн тухайн үед Г.Батбаатарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тухай ч хэлж байна лээ. Учир нь тэрээр тамхи татан, ийш тийш алхалж “Чи намайг таньж байгаа биз дээ. Зүгээр л наадахаа бүртгэж аваад миний үнэмлэхийг өгөөдөх. Битгий хуцаад байгаарай. Ах нь чамайг дээрэлхэнэ ээ. Хаана ч дээрэлхэнэ. Аймаар шүү харин.
Онгироо. Яадаг юм тэгээд” гэх мэтээр загнаж, заналхийлсэн байна.

Уг нь яаралтай түргэн тусламжийн эмч, хаана ч, хэнийг ч үзэж, зөвөлгөө өгөх эрхтэй хүмүүс. Гэтэл энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэх ёстой Г.Батбаатар гэгч эрхэм ЭМШУИС-ын захирал хэмээн онгирч, эмчийг цаашлаад “Яаралтай түргэн тусламжийн төв” хэмээх байгууллагыг доромжилжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх санаачлага гарган, түүнийг ч төрийн байгууллагууд дэмжин ажиллаж байгаа. Гэтэл зарим нь эсэргээрээ том машин унаж, том дуугаар бусдыг дээрэлхдэг урагшгүй албат байсаар байгааг үүнээс харж болно. Цаашлаад эмч хүнийг бэлдэж байгаа хүн гэхэд ёсзүйн доройтолтой байгаа юм.  Тиймээс энэ хүн ямар замаар захирал хэмээх албан тушаалд очсон нь сонин.

ЭМШУИС-ын захирал Г.Батбаатар гэгч хэн бэ

Г.Батбаатар нийслэлийн Баянгол дүүргийн 40 -дүгээр сургуулийг дүүргэжээ. Дараа нь Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөн, 1992-2000 онд ЭМШИУС-ийн харьяа Микробиологи-Дархлаа судлалын тэнхимд Дархлаа судлалын багшаар ажилласан аж.

Улмаар 2000-2003 онд Микробиологи-Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч болжээ. Харин дараа нь Био-Анагаахын сургуулийн захирлын албан тушаалыг хашин 2013 оны наймдугаар сараас ЭМШИУС-ын захирал болжээ.

Тэрээр судалгаа, шинжилгээний ажлаа хүний биеийн дархлааны чиглэлээр хийж, дархлаа судлаач мэргэжил эзэмшсэн байна. Ямартай ч түүнийг ЭМШУИС-ийн захирал болохын тулд 2013 оны хоёрдугаар сараас эхлэн “нүхээ ухаж”, чамгүй мөнгө зарцуулсан тухай цахим хуудаснаа мэдээлэл гарч байсан юм.

ЭМШУИС-ийн ректорын албанд хамгийн олон буюу 10 хүн өрсөлдсөн. Тухайн үед тэднээс захирлын үүрэг гүйцэтгэж байсан Н.Сүмбэрэлзулыг шалгарах хамгийн их магадлалтай гэлцэж байсан ч Г.Батбаатар сонгогдсон юм. Г.Батбаатарыг оношлогооны хувийн лабораториудтай, мөн сүлжээний бизнестэй хөрөнгөлег нэгэн ч гэлцдэг.

Учир нь АНУ-ын “Трансфер фактор”-ын сүлжээг Монголд оруулж, мэргэжлийнхээ дагуу дархлаа сайжруулах бэлдмэлүүдийг нь сурталчилдаг гэнэ.

Түүнчлэн сонгон шалгаруулалт явуулахаас өмнө өөрийгөө ЭМШУИС-ийн захирал болсноор томъёолж, дэд захирал болон салбар сургуулиудын захирлаар хэн хэнийг томилох талаар зураг төсөл гаргачихаад сууж байсан гэх тухай ч вэб сайтуудаар мэдээлэл гарч байсан юм.

Г.Баярцэцэг

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих