Хуурамч бичиг баримт үндэслэн гадаадаас ажиллах хүч оруулах квот олгосон байсан

1,4ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараахь зүйлийг
тодрууллаа.

-Гадаадаас ирж ажиллаж байгаа иргэдийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байсныг илрүүлсэн гэсэн. Энэ талаар?
-Цагдаагийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сард эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой нэлээд хэргийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тухайлбал, НӨАТ-ыг хуурамчаар бичиж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байгаа. Энэ хэрэг нь улсад 603 тэрбум төгрөгний хохиролтой. Одоо мөрдөн байцаалтын шатандаа явагдаж байна. Мөн хууль бусаар бичиг баримт бүрдүүлж гадаадаас их хэмжээний ажиллах хүчийг оруулж ирсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Үүнд, Монгол улсад БНХАУ, БНВУ, БНАСАУ-ын иргэдийн бичиг баримтыг хууль бусаар бүрдүүлэн оруулж ирсэн байгаа. Энэ хэрэгт төрийн албан хаагчдыг ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр зарим хүмүусийг хэрэгт татан шалгаж байна.

-Төрийн алба хаагчдыг ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа гэлээ. Хичнээн төрийн алба хаагчид холбогдож байгаа вэ?
-Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажилтнууд компаниудын бүрдүүлж өгсөн материал дээр хяналт тавилгүй ажилдаа хайнга хандаж, хууль бусаар бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн гадаадаас ажиллах хүч оруулж ирэх квотыг гаргаж өгсөн байгаа. Үүнд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж гадны иргэнийг оруулж ирсэн тохиолдолд ямар ял шийтгэлд ногдуулдаг юм вэ?
-Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн 158.1 дүгээрзүйл ангийг үндэслэн шийтгэнэ.

-Он гарснаас хойш хар тамхитай холбоотой хичнээн хэрэг шалгагдаж байна вэ. Хамгийн сүүлд гарсан хэргийн талаар?
-Он гарснаас хойш цагдаагийн байгууллага хар тамхитай холбоотой 11 гэмт хэрэгт 23 хүнийг холбогдуулан шалгаж байна. Хар тамхи, сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар хэрэглэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэдэг үндэслэлээр шалгалтын ажиллагаа явагдаж байна. Гуравдугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт хэсэг залуус машин дотроо хар тамхи хэрэглэж байна гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад ирсэн. Энэхүү дуудлагын дагуу очиж шалгахад “Ниссан мурана” гэх машинд тус хороонд оршин суух 23 настай, эрэгтэй М, 28 настай эрэгтэй Н нар нь өвсний төрлийн зүйл хэрэглэж байсныг нь үйлдэл дээр нь таслан зогсоосон. Мөн эд мөрийн баримтыг хураан авсан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Баянгол дүүрэгт дөрвөн охин хар тамхи татаж   байгаад баригдсан. Энэ хэргийг шалгаж дууссан уу?
-Энэ хэргийг цагдаагийн байгууллага иргэдийн мэдээллийн мөр болон бусад эх сурвалжаас мэдээлэл авсан. Одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Энэ хэрэгт хар тамхи хэрэглэсэн, борлуулсан тээвэрлэж явсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэнэ шалгаж байна.

-Ховор ан амьтны эд зүйлийг тээвэрлэж байсныг илрүүлсэн гэсэн. Хичнээн хэмжээний зүйл байсан вэ?
-Гуравдугаар сарын 28-ын өдөр Сүхбаатар дүүргийн V хороонд “Тоёото прусс” маркийн автомашинд нэн ховор амьтны эд эрхтэн авч явж байна гэсэн мэдээллийн цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгахад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат 44 настай эрэгтэй Ш, 26 настай Б нар нь ховор ан амьтны жагсаалтанд орсон баавгайн нойтон арьс мөн хүдрийн заар 12 ширхэгийг авч явсаныг нь илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан.

 

 

Н.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих