ЭДИИН ЗАСГИИН ХЯМРАЛААС БОЛЖ ЗАЛУУС ЭХ ОРНООСОО «ДҮРВЭЖ» БАЙНА

1,2Хямрал, хямрал бас дахин хямрал. Ингэж хэлэхийн учир нь 2012 оны дэлхийн эдийн засгийн хямралыг монголчууд ажрахгүй давсан ч энэ жил өнөөх хямралын хар шуурганд сөгдөж, сөхөрч, адагт нь элгээрээ мөлхөж эхлэв.

Үүнийг нотлох олон зүйл нүднээ илхэн харагдана. Амралтын өдөр дэлгүүр хоршоо хүн олонтой байх болов уу гэж бодтол харин ч үгүй шүү. Хэд хэдэн дэлгүүрээр ороход эл хуль. Захын нэг дэлгүүрээр ороход л “Хүн алга, гүйлгээ муутай байна” хэмээгээд хатгамал хатгаж, хөзөр тоглож байгаа худалдагчдыг л харна. Зарим нь бүр лангууныхаа ард дэлгэдэг сандал дээрээ тухлан унтаж байх жишээтэй.

“Алтжин Бөмбөгөр”-т ороход нэгдүгээр давхар харьцангуй хүн олонтой байв. Учир нь энэ давхарт бүх төрлийн хүнс, гоо сайхан болон ариун цэврийн бүтээгдэхүүнүүд худалддаг. Айл гэрийн анхдагч хэрэгцээ учраас энэ давхарт хүн олонтой байх нь арга ч үгүй биз. Чихрийн лангууны нэгэн худалдагчаас худалдан авалт хэр байгааг сонирхтол “Гүйлгээ эрс муудсан. Чихрийг килограммаар нь авдаг хүн ховордоод байна шүү дээ. Дийлэнх нь 200,300 граммаар нь л авна. Баяраар л арай дээрдэнэ дээ. Ойрд баяр байхгүй. Эх үрсийн баярыг л хүлээж сууна. Одоо ч түрээсийн мөнгөө арай ядан төлж байна. Лангууны түрээс ам метр нь 120 мянган төгрөг. Нэг лангуу ойролцоогоор дөрвөн ам метр гэхээр сард 480 мянга орчнм төгрөг төлдөг.

Энэ мөнгөө олж чадахгүй байх үе ч бидэнд байна. Өдөр бүр мөнгөтэй харьцдаг бид ингэтлээ ядарч байхад, тогтмол цалингаараа амьдардаг хүмүүс яадгийг бүү мэд. Монголчууд баяжиж байна л гэдэг, худлаа шүү дээ. Хэсэг бүлэг хүмүүс л хагартлаа баяжиж байгаа болохоос иргэд нь хоосон хонохдоо тулчихаад байна” хэмээн ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Энэ бол ганц энэ түрээслэгчийн зовлон бус гэдгийг ойлгох биз ээ.
Тус захын хоёрдугаар давхарт төрөл бүрийн бэлэн хувцас, гутал бий. Энэ давхарт огт хүнгүй байлаа гэчихвэл худлаа болно. Гэхдээ тэнд явж байгаа цөөн тооны хүний чухам хэд нь юм худалдаж авч байна вэ гэвэл бас л сонин тоо гарна. Эхнэр нөхөр бололтой залуухан хос ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэхээр бэлтгэлийг нь базааж явна: Тэдний яриа чих дэлсэв. “Ээжид халаад авахаа больчих уу. Аймаар үнэтэй юм байна шүү дээ. Бусад жижиг зүйлсийг нь л бэлтгэчихье. Тэгэхгүй бол хэвтсэнийх нь дараа хоол цай зөөх болдог, мах гурилын ч мөнгөгүй үлдэх нь. Юмны үнэ ямар их өсөө вэ. Хэцүү юм бэ” гэсээр шатаар уруудав. Энэ ч бас айл өрх бүрт тулгарч буй хүндрэл.

Олонхи лангууны худалдагчид “Борлуулалт, муу байгаагаас бараандаа ойрд явсангүй. Эргэлтийн мөнгө ч олигтой гарахгүй байна. Нээрээ ч зарим лангуу өвлийн гутал, куртикээ хавар намрын хувцсаар сольж амжаагүй шахам байна. Энэ байдлаас залхсан зарим нь түрээсийн мөнгөө төлж хүчрэхгүй, туулсан замаасаа ухарч байгаа бололтой. “Түрээслэнэ” гэсэн бичиг өлгөсөн лангуу хэдэн арваараа. Тэдгээр лангууны зарим нь анхнаасаа эзэнгүй. Түрээсийг нь дийлж орох хүн олдохгүй байгаа. Харин зарим нь түрээсийн мөнгөө дийлэхээ больсон наймаачдын орхисон лангуу.

Худалдаж авахаар зорьж ирсэн зүйлээ олоогүй учраас III, IV хороолол руу явахаар шийдлээ. “Алтжин Бөмбөгөр”-ийн үүднээс таксидаад, хороолол хүрэх зуураа жолоочтой буу халав. Тэрбээр хувийн байгууллагад ажиллаж байсан ч цалин мөнгөө хугацаандаа өгөхгүй болохоор нь ажлаасаа гарч, “халтуурчин” болсон гэнэ. Уг нь боломжийн орлого олж, ар гэрийнхээ амьдралд муугүй дэмжлэг болдог байсан ч сүүлийн үед нэмэр болохоосоо нэрмээс болох нь их болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, монголчуудын ядуурч буйн жишээг тэр жолооч дахиад л тодотгов. “Урин цаг ирсэн болохоор хүмүүс таксидахаа больж, алхах нь элбэгшсэн. Тиймээс өдөртөө сайхан амарч байгаад орой аажуухан гардаг. Гарахдаа 20 мянган төгрөгөөр шатахуун хийгээд явж явж шөнө дунд 12-13 мянган төгрөгтэй л ордог юм. Томоохон буудал, рестораны үүдийг таксины компанийн жолооч нар “анадаг”. 22:00 цагаас хойш буюу нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш автобусны буудлууд. дээр таксинууд хэд хэдээрээ дугаарлаад зогсчихно. Таксигаар үйлчлүүлэх хүн нь ховордоод унаа нь элбэгшчихдэг” гэв. Бид ийн ярих зуур “Ачлал” их дэлгүүрийн гадаа ирсэн байв.

Цаг нарт баригдаагүй учраас тэр хавийн хэд хэдэн дэлгүүрээр хэслээ. Орчин нь цэвэрхэн, бараа нь сонголт арвинтай, үнийн хувьд том дэлгүүрүүдийг бодвол харьцангуй хямд учраас тэндхийн дэлгүүрүүдийг зорих хүн олон бололтой. “Түмэн” их дэлгүүрт ороход лангуу бүр л дүүрэн бараатай, захуудыг бодвол шал өөр орчинд орчихсон мэт санагдав. Хүүдээ хавар намрын нимгэн хүрэм сонирхох зуураа худалдагчтай нь тав гурван үг солиод амжив. Түүний хэлж буйгаар лангуугаа чөлөөлөхөөр бараагаа 3040 хувь хямдруулсан гэнэ. Учрыг лавлахад “Наймаа хийнэ гэдэг амаргүй юм. Урагшаа хойшоо явж бараагаа татна, тэр бүртээ элдэв татвар татаас төлнө. Тэгээд энд өдөржин суудаг, үүнээс өөр орлогогүй хүнд өдрийн хоол, унаанаас авахуулаад зардал л гарах юм. Мөн түрээс өндөр учраас хэцүү байна” гэв. Сэтгүүлч хүний сониуч зангаараа ‘Та тэгээд наймаа хийхээ бүр болих гэж байгаа юм уу, эсвэл өөр төрлийн бараа зарах гэж байгаа юм уу” гэхэд, “Монголдоо амьдрах хэцүү болж байна. Ганц амьдрах насандаа ингэж зүдэрнэ ч гэж юу байх вэ. Японд байдаг эгч рүүгээ явах санаатай. Эгч татаж авна, ажлаа цэгцэлж бай гэсэн юм. Тэгээд л түрээсийн хугацаагаа дуустал бараагаа шавхаж байгаа юм” гэв.

Түүнээс гадна хэд хэдэн худалдагч “Одоо хямдруулаад ч, элдэв янзын урамшуулал зарлаад ч худалдан авалт хийх хүн ховор болсон. Дэмий л хорхойгоо дарах гэж байгаа юм шиг ирж үзээд, үнийг нь асуугаад буцаж байна. Тэдэнд буруу байхгүй шүү дээ. Авах сонирхол нь байвч, халаасандаа юу ч үгүй байна шүү дээ. Одоо бид оюутнуудын төгсөлтийн баяр, эх үрсийн баяр, улсын наадмыг л хүлээж байна. Тэр үед орлого жаахан нэмэгдэнэ гэж найдаж байна” хэмээцгээв. Энэ хямрал ганц худалдааны газарт мэдрэгдээд байгаа ч юм биш. Сураг сонсоход баар, ресторан пабууд ч орлого нь хомсдоод хэцүүдэж байгаа сурагтай. Үйлчилгээ сайтай, тэр хэрээрээ үнэ өндөр газруудаар хүн орох нь ховордож, харин жижиг цайны газруудаар ширхгийн хоол буюу бууз, хуушуур л гүйлгээ гайгүй байгаа гэнэ. Ёстой л зах зээлийн ширүүн “шуурга”-нд өлдөж өсдөх нь олон, өөдөлж дэгжих нь цөөн болж байна. Хэдийгээр энэ бүгдийг зах зээлийн хуулиар зохицуулагдаж байна хэмээн цэцэрхэж болох ч цаана нь хэчнээн хүний амьдрал сүйрч буйг тааж ядах юмгүй..

“Монголчууд одоо хүнсний бүтээгдэхүүнээс өөр юу ч худалдан авч хүчрэхгүй нь. Орон сууц, автомашин гэж томроод яах вэ ядаж өмсөх хувцас, хэрэглээгээ дийлдэг болох юмсан. Ар гэр, үр хүүхдээ хоёр гуравдугаарт дугаарлачихаад ажил ажил гэж гүйгээд ч амьдрал дээрддэггүй, одоо яана вэ” хэмээн халаглах хүн хаа сайгүй. Удахгүй мах, гурилынхаа үнийг хүчрэхээ больж, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын эгнээнд нэгдэх вий гэхээр аймаар ч юм шиг. Муу амлаж байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ л аюулын харанга дэгдэхгүй гэх баталгаа алга. Яагаад гэвэл бидний идэж уух, өмсч зүүх дийлэнх нь импортынх. Ийм нөхцөлд төгрөг нь гадаад валютын хараат болж, үүнийх нь хөлд иргэд нэрвэгдэж байна. Адаг сүүлдээ ид хийж бүтээх насны залуус нь эдийн засгийн хямрал гэх энэ айхавтар зүйлээс шантарч, эх орноо орхин “дүрвэхэд” хүрч байгаа нь бодит үнэн. Монголчуудын амьдрал өнөөдөр ийм л байна. Энэ бол бидний амьдрал. Харин дарга нарынх биш.

М.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих