120 мянгатынхыг нурааж чадаагүй байтал дахиад нэг сүндэрлэх нь, хотын дарга аа

батүүлХот төлөвлөлтгүй явсны балгийг иргэд амсч байна. Газрын маргаан, барилга барихаас үүдсэн зөрчил тасрахаа

болилоо. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 113 дугаар байрны гаднах тапбайд барилга барих гэж байна. “Бидний нар харах эрхийг хаалаа” гэсэн гомдол манай редакцийн хаягаар ирсний дагуу бид Баянзүрх дүүргийн XV хорооллыг зорьсон юм. Манай сурвалжлах багийнхныг очиход “Та бүхнийг дуудсан хүн би байна” гэсээр бор шаргал хүрэмтэй 40 гаруй насны эр угтаж ирлээ. Тэрбээр өөрийгөө “Солонго-5″ гүйцэтгэх захирал Г.Мягманцоодол гэж танилцуулав. Түүний хэлж буйгаар ойр хавийнх нь оршин суугчид барилга барих болсонд ихэд дургүйцэж буй аж. Хотын дарга Э.Бат-Үүлд хоёр ч удаа бичиг хүргүүлснээ дуулгалаа.

Г.МЯГМАНЦООДОЛ: БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛБЭЛ ИРГЭД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА ГЭЭД БАЙГАА

-УСУГ-ын ажилчдын орон сууц гэсэн хаяг хадсан байна. Хэрэв энд барилга баривал хойд байрныхаа айлуудын цонхыг таглахаар харагдаж байна. Та бүхэнд газрынхаа зөвшөөрлийг үзүүлсэн юм уу?
-Баянзүрх дүүргийн IV хорооны 113 дугаар байрны урд талын жижиг талбайд УСУГ-аас 12 давхар 47 айлын орон сууц барихаар төлөвлөж зураг төслөө гаргаж хадчихаад байна. Энэ бол барилга барих хангалттай зай талбайтай газар биш. Мөн бид барилгын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь хойд болон баруун талд байрлах байрны цонхыг хааж иргэдийн нар үзэх эрхийг хязгаарлах гээд байна. Уг нь барилга барихад нийтийн эзэмшлийн талбайгаас 10 гаруй метрийн зайд барих ёстой бол энэ газар ердөө гурван метр хүрэхгүй зайтай байгаа. Орчны тохижилт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол гээд олон асуудлыг цогцоор нь шийдсэн байх шаардлагатай.

Гэтэл автомашины замтай зэрэгцүүлээд л барилга барих болчихоод байна. Нэг зүйлийг хэлэхэд УСУГ-ын дарга асан Пүрэвжав гэдэг хүн өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр энэ хавьд хэд хэдэн газар авч барилга барьсан. Бид энэ газрыг ч гэсэн тэгж хардаад байгаа юм. Хотын дарга асан Г.Мөнхбаярыг ажлаа өгөхийн өмнөхөн зөвшөөрөл авсан гэж байсан. Үүнийг оршин суугчид эсэргүүцээд Э.Бат-Үүл даргад барилга бариулахгүй байх хүсэлт тавьсан. Уг нь хотын даргын гаргасан тогтоолууд бий. Хотын А зэрэглэлийн бүс ялангуяа баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх газруудад барилга барихыг хориглосон шүү дээ. “Хэрэв барилга барих болбол иргэдээрээ хэлэлцээд шийдвэр гаргадаг болъё” гэж Шинэчлэлийн Засгийн газар тогтсон. Гэтэл УСУГ иргэдээс ямар ч санал аваагүй. Байсан байшинг нь нураагаад ажлаа эхлэх гээд байж байна.

-Тэгэхээр хэр хэмжээний орон сууц баригдана гэсэн үг вэ, газрынх нь хэмжээ ямар бол?
-Зургаараа бол 12х15-ын хэмжээтэй барилга барина. Ийм хэмжээний газарт ямар орон сууц баригдах нь тодорхой. 113 дугаар байрны оршин суугчид голдуу өндөр настнууд байдаг. Цагдаагийн газар, цэргийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүмүүс байдгийг энэ хавийнхан андахгүй. Өндөр настнууд цонхны гэрлээрээ элч энергиэ   авдаг. Эрүүл мэндэд эм тарианаас илүү нар, салхи хэрэгтэй болчихоод байна.

-Энэ газар УСУГ-ын эзэмшлийнх юм уу. Газрын эзэмшигч нь хэн байсныг мэдэх үү?

-Үгүй. Оросуудыг байхад дан байшинтай цэвэр усны насос байсан юм. 2006 оны үед УСУТ шилжүүлж авсан байсан. Энэ газар хувь хүний нэр дээр байсныг УСУГ худалдаж авсан Тэгээд ‘Траншейны тагны үйлдвэрлэл явуулна” гэж хүмүүст хэлж байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс танилцуулгаа хадаад, байшинг нь нураагаад эхэлсэн. Бас болоогүй, ил нүх ухаад бие засдаг байсан. Одоо тэр нүхээ таглаад машин зогсоочихоод байна. Ойр хавьд нь нохой үүрлээд, хогийн сав болчихоод байгаа.

-Таныг СӨХ-ных нь захирал учраас иргэд хандсан юм уу?

-Тийм. “Чи оршин суугчдыг төлөөлж явах ёстой. Цонхоо таглуулж барилга бариулмааргүй байна. 113 дугаар байранд 60 айл амьдардаг. Баруун талынх нь байранд 74 айл бий. Хоёр байрны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлээд байна. Хэрэв барилга бариад эхэлбэл Хотын захиргааны үүдэнд очиж өлсгөдөн зарлана гэж зарим оршин суугчид хэлж байгаа.

“ЦОНХ ТАГЛАЖ БАРИЛГА БАРИХ ГЭЭД ТАЙВАН АМЬДРАХ АРГА АЛГА”
Таван давхар угсармал саарал орон сууцнуудын дээд давхарт мансард барьсан нь содон харагдаж байв. 113 дугаар байрны урд улаан тоосгоор барьсан автомашины гараашууд байна. Гараашуудын бөөрөнд наалдуулан төмөр хашаа хатгажээ. Эл газарт Ус сувгийн удирдах газрын харьяа ажилчдын орон сууц барина” гэсэн зураг бүхий самбар хадсан харагдана. Ойр хавийнх нь оршин суугчид “Мэргэжлийн хяналтынхнаар дүгнэлт гаргуулж ирээд шууд барилгын ажилдаа орно” гэж ярьж байсныг дуулгасан юм.

Хүмүүсийн хэлж буйгаар бол 12 давхар орон сууц баригдах гээд байгаа. Тэгэхээр байрны цонх халхалж таарна. Эцэстээ нар харах эрхгүй болох нь. Хүнд нарны гэрэл хамгийн чухал байдаг. Манай ойр хавьд автомашины зогсоол байхгүй болохоор хүүхдийн тоглоомын талбайд иргэд машинаа оруулаад тавьчихдаг юм. Хүүхэд тайван тоглох аргагүй. Машинд дайруулчих гээд байдаг. Урд талын талбай нь сул байсан бол хүүхдийн тоглоомын талбай болгоод тохижуулчихмаар байгаа юм. Даанч хэдэн сарын өмнөөс барилга барих гээд тоос манаргаад байх боллоо. Жижигхэн талбайд 12 давхар орон сууц барих юм гэсэн. Тэгэхээр хойд талынхаа таван давхар байрны цонхыг таглаж таарах гээд байна. Энд барилга баривал бид нар эцсээ хүртэл тэмцэнэ. Уг эхлээд л бариулах хэрэггүй байгаа юм” хэмээн 113 дугаар байрны оршин суугчид ярилаа. Хогийн үүр болсон жижигхэн талбайд хэдэн хүн шороо бужигнуулан тоосго буулгаж харагдсан. Хатгасан хашаа нь яг автомашинтай залгаа юм билээ. Бид 113 дугаар байр руу орж таван давхрынх нь цонхоор харж үзлээ. Тэнд 12 давхар байшин бариад эхэлбэл айлуудын цонхыг таглаж нэгэн насны маргаан дэгдэхээр харагдаж байсан.

ИРГЭДИЙН НАР ХАРАХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН БАЛГАС ДАХИН НЭГИЙГ БОСГОХ НЬ
Ингэж цонх таглаж барьчихаад хүмүүсийн эрхийг зөрчсөн газар Хан-Уул дүүргийн “Адоре” компанийн барьсан байрнаас эхлээд бий. Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын 14, 15 дугаар байрны урд барьж байгаа G.M.V зочид буудлын 13 давхар, түүний залгаа хоёр давхар барилгууд айлуудын цонхийг таглаж барьсан. 2006 онд 14, 15 дугаар байрны оршин суугчдыг зусланд гарсан хойгуур барилгын ажлаа эхлүүлж зочид буудлыг барьж дуусгасан бөгөөд иргэд холбогдох бүх байгууллага, албан тушаалтнуудад хандан өргөдөл, гомдол хүсэлт гаргаж үргэлжлүүлэн хөөцөлдсөн ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй. Ингээд 2007 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч зарим оршин суугчдын гомдлын дагуу гэрт хэмжилт хийж Монгол Улсын хэд хэдэн хуулийн заалт зөрчсөнийг нотолсон. Эцэстээ шүүх цагдаад тулсан ч асуудлыг шийдэж чадаагүй юм.

Харин Э.Бат-Үүл Улаанбаатар хотын даргаар сонгогдсоноос хойш “Зөвшөөрөлгүй болон хууль зөрчиж барьсан барилгуудыг нураана” хэмээн хэсэгтээ л тэмцсэн. Гэтэл одоо дахиад л таг чиг болчихоод байна. Өнгөрсөн жил 120 мянгатын хоёр байрны цонхыг тагласан эл барилгыг нураах шийдвэр гаргасан ч өнөө хэр нь сүндэрлэсээр байгаа. Эцэстээ нийслэлийн төсвөөс өчнөөн сая төгрөг гаргаж нураах тухай ч ярьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл нураагаагүй. Гэхдээ шинээр баригдсан ажил үйлчилгээ эрхлэх боломжгүй барилга балгас шиг болчихоод байна. 120 мянгатын 14, 15 дугаар байрны зарим иргэн гэртээ амьдрах нөхцөлгүй болсон талаар гомдоллож байгаа. Учир нь нар үзэхээ байсан хэд хэдэн айлын байр мөөгөнцөрдөж чийг даагаад хүн амьдрах нөхцөлгүй болжээ. Гэтэл ийм түүх Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд давтагдах нь. Хэрэв Ус сувгийн удирдах газар 113 дугаар байрны цонхыг таглаад барилга барьчихвал хэсэг иргэн дахиад нар харах эрхгүй болох нь.

Түүх давтагдахаас өмнө арга хэмжээ авахыг хотын дарга Э.Бат-Үүл танд дуулгамаар байна. Алга дарам газар л байвал барилга барьдаг жишиг тогтоод удаж буй. Үүнийг цэгцлэх цаг болжээ. Манай улсад олон дүрэм журам, стандарт байдаг ч хэрэгждэггүй. Харин одоо хэрэгжүүлэх хэрэгтэй биз ээ.

 

 

Б.ГАНАА


URL:

Сэтгэгдэл бичих