Зам засварт шинэ технологи нэвтэрч эхэллээ

Төв аймгийн Аргалант сумын нутаг хүрэлгүй баригдаад хоёр жил болж байгаа шинэ зам энд тэндгүй хуурчихсан байгаа харагдав. Хүнд даацын машинууд л шинэ замыг онги татаад хаячихсан нь энэ бололтой. Улсын комисс хүлээж аваагүй байхад нэлэнхүйдээ нүх” гараад хагаралт өгчихжээ. Энэ замд дахин их засвар хийх нь ойлгомжтой болж. Ийнхүү явсаар Эрдэнэсант сумын Бүс уулнаас Өвөрхангай аймаг хүртэлх баригдсан замаар явлаа. Мөн л хэсэг хэсэг газраа цууралт өгөөд хагарчихсан байв. Уул уурхай хөгжиж байгаа энэ үед хүнд даацын машинууд энэ замаар өдөр шөнөгүй давхисаар байгаад л ийм болгочихсон гэдгийг Авто замын газрын мэргэжилтнүүд хэлж байна лээ. Ингээд Элсэн тасархай дээр очлоо. Замчид цугларчихсан байв. Энэ удаагийн замчдын чуулга уулзалт нь нөгөө талаараа зам засварын компаниудын сургалт болж байсан аж. “Өвөрхангай АЗЗА” болон “Хархорин АЗЗА” компаниуд зам засварын шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байгаагаа харуулж байлаа. Тэр нь юу гэвээс замын нөхөөсийг хоёр дахин хямд өртгөөр нөхөх явдал. Тодруулбал, хууларсан замын тэр хэсгийг хөрөөдөж аваад дахин халааж боловсруулаад бага зэрэг хар тос халааж хийгээд дахин замын нөхөөс болгон ашиглах. Урд нь замын нөхөөсийг огт ингэж хийж байгаагүй юм байна. Өнгөрсөн жилээс ингэж хийж болох юм байна гэдгийг олж мэдээд ийнхүү нэвтрүүлж байгаа юм байна. Ийнхүү хуулж авсан замын асфальтыг дахин ашиглаж болох эсэхийг лабораториор шинжлүүлж үзэхэд өмнө нь зам барихдаа ашиглаж байсан зуурмагийн технологи нь хэвээрээ, бага зэрэг хар тос хийгээд л нөхөөс хийхэд боломжтой гэх дүгнэлт гарчээ. Бүр хэд хэдэн удаа нарийвчилсан шинжилгээ хийлгэж үзсэн юм байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн АЗЗА-ын дарга Г.Ганболдоос тодрууллаа. “Манай компани 800 гаруй км замын арчлалт, засварыг хийж байна. Үүнээс 70 гаруй км нь хатуу хучилттай зам. Зам арчлалт, засварт улсын төсвөөс маш бага мөнгө төсөвлөдөг. Тэр мөнгө нь хаанаа ч хүрэхгүй дуусах үе байдаг. Иймд манай компанийнхан бага зардлаар, богино хугацаанд техникийн тусламжтайгаар ажлаа амжуулах хуучин асфальтыг дахин боловсруулах хээрийн завод угсарсан юм. Хээрийн заводтой болсноор цаг хугацаа төдийгүй тээврийн үргүй зардлыг хэмнэж, ажлаа ч чанартай хийж байна. Өмнө нь бид асфальтны нэг тонн халуун зуурмагийг аймгийн төвөөс 200 мянган төгрөгөөр авчирдаг байсан. Харин хуулж авсан асфальтаа хайлуулж, замаа тавьж байгаагаас нэг тонныг бид 70 мянган төгрөгөөр л хайлуулаад замаа нөхөөд байгаа юм. Эдийн засгийн хувьд нэлээд хэмнэлттэй” гэв. Хээрийн заводыг мөн л бага өртгөөр хийжээ. Тракторын чиргүүлний раман дээр урд хөршид үйлдвэрлэсэн бага оврын цахилгааны эх үүсвэр гаргадаг мотор байрлуулаад хоёр араагаар хуулж авсан асфальтаа буталчихдаг юм байна. Мөн энэ үеэр хуулж авсан асфальтаар сумын төвд шинэ зам барих боломжтой гэдгийг ч авто замын газрынхан хэлж байна лээ.

Зам засварын компаниудын ажилчид бүгд л “Өө ингээд л хийчих байсан юм байна. Ингэж хийж болох л юм байна. Лүн сумын тэнд байгаа хуучин хуулчихсан асфальтыг хаячихсан байна лээ. Тэрийг ашиглаж болох юм байна” гээд л өөр хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдоно. Мөн энэ үеэр замын цас зайлуулах байнгын хаалтыг “Хархорин АЗЗА” компанийнхан хийжээ. Өнгөрсөн өвөл их цас унаж Шартын даваа орчмын зам цасанд боогджээ. Үүнээс болж тус компани болон онцгой байдлын ажилчид их хэмжээний хөрөнгө мөнгө гарган замын цас арилгасан аж. Иймд Элсэн тасархайгаас Өвөрхангайн төв хүртэлх 70 гаруй км авто замд цасны байнгын хаалт байгуулж байгаа юм байна. Хаалтыг дан шороогоор хийх гэнэ. Ингээд “Хархорин АЗЗА” компанийн захирал Ж.Бадрах “Манай компани шороогоор цасны байнгын хамгаалалт хийхээр төлөвлөж, ажилдаа ороод байна. Мод, төмрөөр хийхээр хулгайч аваад явчихдаг юм. Тиймээс дан шороогоор хаалт хийнэ. Өнгөрсөн жил замдаа судалгаа хийж хаа хаана шороогоор хаалт хийх вэ гэдгийг судалчихсан байгаа” гэлээ. Хэд хэдэн удаа туршилт хийгээд үзсэн юм билээ. Аймгуудыг хооронд нь холбосон 12618 км замыг 2016 он гэхэд бариад дуусчих юм байна. Гэхдээ замчдад шүдний өвчин болоод байгаа зүйл нь Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаж өгөхгүйд байгаа гэсэн. Энэ жил гэхэд авто замын салбарт 6.4 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Э.БААТАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих