Зандардаггүй цагдаатай болох зам хол

1441-5tД.БОЛД

Монгол Улсын хууль эрх зүйн орчин, хууль, хүчний байгууллагуудын бүтэц, зохион  байгуулалтыг  өөрчилж шударга шүүх, хүнлэг энэрэнгүй цэрэг, цагдаатай болох зорилготой  хэмээж  буй  Хууль зүйн  сайд Х.Тэмүүжиний шинэчлэл ид  үргэлжилж  байна.

Тэрээр энэ салбарын 40 гаруй  хуулийг өөрчилснөөр Монгол Улсын  хууль, хүчний  байгууллагуудын хувьд жинхэнэ  шинэчлэл  болно гэж үзэж буй юм. Мэдээж энэ  шинэчлэл дундаас хамгийн чухал нь цагдаагийн  байгууллагын, цагдаа нарын шинэчлэл буюу тэдний ажлын арга барил. Хуулийнхан өөрчлөгдөж буйг шүүх, прокурор  гэхээс  илүү  иргэдтэй  өдөр бүр харьцаж буй цагдаа нараас харах нь илүү дөхөмтэй. Тэгээд ч бүх  зүйлийн эхэнд өнөөх муу нэртэй, луу данстай цагдаа нар байдаг шүү дээ.

Тиймээс ч нэ­гэнт галт тэргийг хө­дөл­гөчихсөн гээд бай­гаа Х.Тэмүүжиний шинэчлэл Цагдаагийн ерөнхий газрын дарга дээр очоод гацчихлаа. Эрхэм  сайдын хэлснээр бол энэ  шинэчлэлийн үр дүн 4-5 жилийн дараагаас мэдрэгдэж эхлэх учиртай. Тэр болтол маш олон эсэргүүцэл, тэмцэлтэй  тулах  болно  гэж  өөрийнх нь хэлсэн үнэн бололтой. Хууль зүйн  сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд телевизэд ярилц­лага өгөхдөө “Өөрч­лөлт шинэчлэл хийхэд явагддаг таван алхам гэж бий. Гэхдээ аливаа шинэчлэлийг хийхэд хамгийн гол зүйл нь зорилго өөрчлөх. Би цагдаагийн хуулийг дангаар нь өргөн бариагүй. Тахарын алба, мөрдөх алба, цагдаа, гэрч, хохирогчийг хамгаалах гээд тухайд үед блок, багц хууль явсан. Гэхдээ зарим нь батлагдаад, зарим нь УИХ дээр хэлэлцэгдээд үлдсэн. Бид хуучин хүчний байгууллага гэдэг нэрийн дор нэгдсэн зохион байгуулалттай, ихэнх тохиолдолд хаалттай тогтолцоотой байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллага хүчний байгууллага байж болохгүй юм байна. Хууль сахиулах байгууллага руу хууль тогтоодог, хуулийг дээдэлдэг, хуулийг хамгаалдаг тэр чиглэл рүү өөрчлөх хэрэгтэй. Цэрэгжсэн зохион байгуулалтаар үүнийг хийхгүй, иргэнших ёстой юм байна. Дээр нь хаалттай байхаас илүүтэйгээр иргэдэд хя-нуулдаг, олонд үйлчилдэг болох хэрэгтэй гэж үзээд зорилгоо өөрчилж байгаа” хэмээн ажлаа  танилцуулж байна.

Шинэчлэлийн анхан шат буюу иргэдтэй зандарч харьцдаггүй, хүч хэрэглэдэггүй цагдаатай болох  үйл явц  маш урт замыг туулах нь дамжиггүй. Бусадтай өштөн дайсан  шигээ  хахир, яхир харьцдаг нь өнөөгийн цагдаагийн байгууллагынхны үндсэн дүр төрх мөн. Харин  үүнийг өөрчлөх гэж  үзэж буй  Х.Тэмүүжиний  шинэчлэл гэгчийг ЦЕГ-ын даргаасаа  эхлээд  хүлээж авахгүй, ойлголцохгүй байвал өнөөх зам бүр л  урт болно. Цагдаагаа  иргэншүүлэх нь дээрээсээ эхлээд  доод шатны бүх албан тушаалтнуудын  толгойд нэг юм  хийхээс эхэлнэ. Тэдний сэтгэхүйг өөрчлөхгүйгээр хуулиа мянган удаа  өөрчлөөд  ч нэмэргүй. Яг одоо юу  болж байгааг, бид бүгдээрээ  харж  байна. Шүүх, цагдаа, хүчнийхэн нь  баахан бужигнаанд орж, энэ салбарынхан болон  иргэдийн санаа  бодол үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Дээрээс нь салбарын сайд нь, цагдаагийн даргатайгаа ойлголцохгүй тар, түр хийчихлээ. Б.Билэгт дарга  сайдыгаа тагнаж, чагнасан хэрэгт орооцолдож,сайд нь  эргээд түүнийг шалгуулахаар ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст  гомдол гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хууль зүйн  салбарын шинэчлэлд  зориулсан хуулийн өөрчлөлтүүдийн заримыг нь  баталж, оны  эхнээс хэрэгжүүлж  эхэлсэн ч үр  дүн нь одоохондоо иргэдэд мэдрэгдэхгүй байна.

Яг  цагдаагийн байгууллагад  хийж буй өөрчлөлтийнхөө талаар Х.Тэмүүжин “ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ зэрэг харьяа агентлагууддаа давхардсан ажлын байр, орон тоо байна уу гэдгийг судалсан. Ингээд чуулга, спорт хороо гээд хууль сахиулах үйл ажиллагаанд оролцдоггүй тамирчин, дуучин, гудамжинд эргүүл хийдэг цагдаа нараас илүү дүрэмт хувцас, орон байрны хангамж эдэлдэг хэсгийн орон тоог цомхотгосон. Тэндээс хэмнэсэн зардал, орон тоог шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэж байна.

Нөгөө талаар Цагдаагийн байгууллагын захиргааны төвшинд данхайсан бүтэц байсан. Үүнийг задалсан. ЭЦГ, ХБГ, УМБГ зэрэг чиг үүрэг нь ижил хэрнээ тусдаа захиргаатай бүтцүүдийг нийлүүлж, суларч байгаа орон тоог шилжүүлсэн. Дотоодын цэргийг ч үүнд хамруулсан байгаа. Мөн Цагдаагийн байгууллагад хууль сахиулагчидтай адил цол хэрэглэж, ижил цалин авдаг захиргааны албан хаагчдыг энгийн орон тоон дээр шилжүүлсэн.

Цагдаагийн байгууллагад нягтлан хийх, яаманд, эсвэл өөр нэг хуулийн этгээдэд нягтлан хийх огт ялгаагүй шүү дээ. Тийм байж энэ хүмүүс яагаад цагдаагийн цол зүүгээд, хангамж эдлээд явах ёстой гэж. Ингэж зардлаа бууруулж байж шинэ бүтцээ ажиллуулж байна”  хэмээн нэгэн өдөр тутмын хэвлэлд  ярьсан байналээ. Магадгүй энэ бүхнээс болж түүний шинэчлэл гээчийг  эсэргүүцэгчид байсаар байх бололтой.Ямар боловч сайд, генерал хоёрын маргаан манай хуулийн байгууллагынхны өнөөгийн дүр  төрхийг илчилж энэ салбарт шинэчлэл хийх  зам их урт,хол гэдгийг харуулж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.