“Хөлгүй” журамнууд

527-13964046062013-05-29-09.51.03-originalЯпоны нэг мэргэн үг байдаг. “Tax унавал морь улдана. Морь улдвал элч удна. Элч удвал захидал хожимдоно. Захидал хоцорвол дайнд ялагдана” гэж. Жижигхэн зүйлсээ ч алдахгүй харж, хянаж нягт нямбай хийдэг орны сэтгэлгээний онцлог гэвэл ийм байна даа.

Тэд аливаа үйл хэргийнхээ бага жижиг зүйлсийг нямбай анхаарч, хууль журмаа ягштал мөрдөж өнөөгийн хөгжил цэцэглэлтдээ хүрчээ. Бидний гайхаж бишрээд ирдэг тэр соёл чухам хэвшүүлж чадсанд нь л байгаа юм. Хэв журмыг хүчээр тогтоодог. Дараа нь хэвшдэг. Гадны өндөр хөгжилтэй гэгдэх орнуудад бүх юм нь эмх цэгцтэй.

Гудамж талбай нь цэвэрхэн, ил задгай “морь харж” байгаа байтугай нус, шүлсээ хаях хүн гарахгүй. Автомашинууд нь эгнээ, байр таглаж зогсохгүй. Харин манайд замбараагүй байдал элбэг. Бид гудамжинд бие засахыг хориглосон журамтай боловч энд тэндэх булан тохой “өтгөн, шингэнтэй”.

Автомашинуудыг нэгдүгээр эгнээнд байрлуулбал ачдаг боловч хориглосон газарт машинууд багсраастай. Тамхи ширхэгээр зарахыг хориглосон боловч ТҮЦ-үүд чөлөөтэй зараастай гэх мэт. Хөгжил дэвшилттэй оронд байх ёстой бүх л журам, дүрмийг гаргасан боловч хэрэгждэггүй. Түүнийг хянах, мөрдүүлэх талаар анхаардаггүй гэсэн үг.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн үйлчилгээний газруудын бие засах өрөөг төлбөргүй болголоо гэж зарласан. Уг журам өнгөрсөн хоёрдугаар сарын 1 -нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Ингэвэл иргэд заавал булан тохой бузарлахгүй болох юм. Сайхан байгаа биз. Гэвч түүнийг хэрэгжүүлж байгаа газар харагдахгүй л байна.

Албаны хүнд нь энэ журам мөрдөгдөхгүй байгаа талаар хэлтэл “Журам гараад маргааш нь шууд хэрэгжинэ гэж байхгүй л дээ” гээд ямар ч гэнэ үү бас нэг алба хэлтэс байгуулах ёстой гэх мэтээр ярих юм. Уг нь бол мөрдүүлэх гэж журам гардаг байлтай. Гэтэл хэрэгжилтийг нь хянах ямар ч арга алга. Энэ мэтээр бол бид гадны оронд атаархсаар л байх шинжтэй шүү.

Ж.Баярсайхан

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих