“Тавин-Ус” компани сэтгэцэд нөлөөлдөг эм их хэмжээгээр оруулж ирдэг байжээ

1,023 Эм эмийн бүтээгдэхүүний худалдаа манайулсад нилээд ашигтай бизнес болоод байгаа. Учир нь эрүүл мэнддээ анхаарч байна хэмээн өвчний сураг сонсоод л бараг эмийн сан руу алхдаг гэвэл хилсдэхгүй болов уу.

Тиймдээ ч эмийн худалдааг даган хууль бусаар эм эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг түүнийгээ дагаад хөлжих гэсэн далд санаагаараа хүний эрүүл мэндийг уландаа гишгэх асуудлууд цөөнгүй гарч байна.  Саяхан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг төмөр замын хилийн боомтоор ОХУ-аас их хэмжээний хүний сэтгэцэд нөлөөлдөг эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэх гэж байгаад баригдсан байна. Дээрх эм нь “Тавин-Ус” ХХК болон “Гашуунбулаг” зэрэг манай улсын томоохон эм ханган нийлэх компаниудад борлуулдаг болохыг шалгалтын үеэр тогтоогдсон байна.

Мөн энэхүү сэтгэцэд нөлөөлдөг эмийг оруулж ирэхдээ хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, галт тэрэгний үйлчлэгч болон бие бүрэлдэхүүнтэй хуйвалдсан эсэхийг тогтоохоор шалгаж байгаа юм байна.

Сэтгэцэд нөлөөлдөг энэ эмээ улаанбаатар хотод эмийн бөөний худалдааны газруудад борлуулдаг байсан нь илэрсэн ба иргэдийн эрүүл мэндэд ноцтойгоор заналхийж байна хэмээн үзэж болохоор аж. “Тавин-Ус” л гэхэд Улаанбаатар хотод таван салбартай бөгөөд энэхүү оруулж ирсэн “хор”-оо борлуулдаг болохыг тогтоожээ.

Гэтэл энэ компани “Эмнэлэг, эмийн сан, хүн амыг чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээ, эм хангамжийг эх орны онцлогт тохируулсан системийн хандлагыг төлөвшүүлэх” гэсэн уриатай ажилладаг юм билээ. Өөрөөр хэлбэл тэд эмийн буруу хэрэглээг дадал болгож төлөвшүүлж байгаагаа уран гоёор тодорхойлжээ. Харин “Гашуунбулаг”-ийн хувьд Хишигдоржийн Наранцацралт гэдэг хүний нэр дээр тусгай зөвшөөрлөө авсан байдаг бөгөөд мөн л хэд хэдэн салбартайгаар олон жил эмийн хангалт үйлчилгээг хийж буй нилээдгүй том эмийн сан аж.

Энэ мэтчилэн иргэдэд эмээр үйлчлэх эрхээ авсан мөн ЭМД-ын сангаас хөнгөлөлт эдэлдэг төдийгүй улсаас нөхөн олговор авдаг эдгээр компаниудын иргэдийн эрүүл мэндэд халдаж буй ноцтой үйлдлүүд илэрч байгаа нь сайн хэрэг.

 

 

 

Ч.Мөнхбат

 


URL:

Сэтгэгдэл бичих