Иргэдийн хүртэх ёстой энэ зээл зогсох учиргүй

barilgaДаяаршлын эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж яваа монголчууд бид сүүлийн үед нүүдлийн бус тохь тухтай суурьшмал амьдралыг нэгдүгээрт тавих болсон. Мэдээж монгол гэртээ сайхан амьдарч байгаа ч нэг сайхан байртай болох хүсэлтэй.

Бэл бэнчинтэй нэг нь хүссэн газраа сайхан байр авч байхад цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэд яах билээ. Өр зээл хийж байгаад ч хамаагүй дулаан пар, палантай жорлонтой байранд орж байгаа ч энэ нь иргэдэд үнэхээр дарамт болж байгаа.

Тиймээс л иргэдийн толгойны өвчнийг шийдэх гэж Шинэчлэлийн Засгийн газар найман хувийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Анх удаа ийм шийдвэр гаргасан гэвэл үгүй. Төрийн эрх барьж буй нам бүхэн л ийм шийдвэр гаргаж байна гэхэд болно. Гэхдээ 100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд шат дараатайгаар үргэлжилсээр яваа хөтөлбөр гэхэд болно. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр 2016 онд дуусна гэдгийг ч бас хэлж байсан. Үүнийг иргэд шинэ хөтөлбөр мэтээр ойлгох нь ч бий.

Ер нь орон сууцны зээлийн, хөнгөлөлтэй нөхцөлтэй хөтөлбөрийг 4000 айлын орон сууцаар эхэлсэн гэхэд болно. Тухайн үед буюу 2010 оны гуравдугаар сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэн баталсан 65 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаагаа эрчимтэй явуулах боломжтой болж төрийн албан хаагчдад орон сууцны зээл олгох ажлыг эхлүүлсэн билээ.

“4000 орон сууц” төслийн хүрээнд Засгийн газраас 53 төсвийн ерөнхийлөн захирагчдад 4000 орон сууцны эрхийг хуваарилсан бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн байгууллагуудад 3907 орон сууцны эрх буюу квотийг хуваарилсан.

Нийт орон сууцны эрхээс 2284 нь Улаанбаатар хотод, 1623 нь хөдөө орон нутагт хуваарилагдсан билээ. Энэ асуудал ч тухайн үед багагүй хэл ам дагуулж байсан. Харин үүний дараахан буюу 2012 онд хоёрдугаар сард Засгийн газар туулай жилийн отгон хуралдаанаа хийж, зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн
иргэдийн хүлээлт бодит ажил хэрэг болох асуудлыг шийдлээ хэмээн зарласан.

Мэдээж эдийн засаг элгээрээ хэвтэж, улаан гэрэл ассан 2014 онд ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр орон сууцтай болно гэдэг мөрөөдөл. Тийм болохоор аль нэг бололцоо боломжоо ашиглан удаан хугацааны зээлд хамрагдаж, сайхан амьдрах нөхцлөө бүрдүүлж буй хүн олон бий.

Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон. Түүгээр ч барахгүй үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргаж байсан билээ. Хамгийн гол нь энэ хөтөлбөр юугаараа иргэдийг “уяраасан” гэхээр бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох тухай асуудлыг зохицуулсан журмыг баталж байсан юм.

Батлагдсан журмаар иргэд энэ зээлд хамрагдах хүсэлтээ тухайн үеийн Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргах ёстой. 50 сая төгрөгийн зээл авахын тулд тухайн зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байхаас гадна тухайн үед иргэн бүрт олгож байсан “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө урьдчилгаа төлбөрт ашиглаж болохыг журамласан гэх мэтчилэн олон зүйлийн зааж өгсөн. Ингээд л иргэд энэ зээл рүү хошуурч, нойр хоолгүй, дугаарлаж байгаад ч хамаагүй орох оронтой болохоор зүтгэж эхэлсэн. Иргэд санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох хүсэлдээ автсан ч энэ нь нэг их удалгүй талаар болсон гэхэд болно. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болж, АН олонхи болсоноор энэ хөтөлбөр “бүтэлгүйтэх” тийшээ хандаж, одоо бол “үгүй” болсон гэхэд болно.

Ингээд “шинэ” нам төрийн эрхэнд гарч одоо хэрэгжиж буй найман хувийн зээлийг бий болгосон. Өдрөөс өдөрт орон сууцны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа ч “Засгийн газар энэ хөтөлбөрийг битгий зогсоочихоосой” гэх иргэд үнэхээр олон бий.

Мэдээж эдийн засаг элгээрээ хэвтэж, улаан гэрэл ассан 2014 онд ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр орон сууцтай болно гэдэг мөрөөдөл. Тийм болохоор аль нэг бололцоо боломжоо ашиглан удаан хугацааны зээлд хамрагдаж, сайхан амьдрах нөхцлөө бүрдүүлж буй хүн олон бий.

Тийм болохоор л энэ хөтөлбөр иргэдийн хүсэн хүлээсэн зүйл болж чадаж байгаа. Мэдээж өмнөхийг үгүйсгэж болохгүй ч одоо байгаа нөхцөлд найман хувийн орон сууцний зээлийн хөтөлбөр мөрөөдөл бус бодит дэмжлэг болж буй нь мэдээж.

Э.Пагма

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих