Д.Арвин Сонгинохайрханыг, Л.Гантөмөр Увсыг, М.Батчимэг Эрдэнэтийг тойглож эхэлсэн гэнэ

0.00.Эрх баригчдын зугээс энэ 2014 оныг жинхэнэ утгаараа ажил хийх цорын ганц жил хэмээн тодорхойлоод байгаа. Энэ жил шувтарлаа л бол сонгуулийн салхи хаалга цонх савчуулан хийсэн ажил бүхэнд шоуны шошго дарагдана хэмээж буй ч яг үнэндээ ирэх сонгуулийг анасан улстөрчид хэдийнэ тойргоо өмчлөөд, сонгогчдоо тойглоод эхэлчихсэн юм билээ. Ялангуяа эрх барьж буй улс төрийн хүчнийхэн Сонгуулийн шинэ хуулийг санаснаараа гаргана хэмээн бардам байгаа учраас боломж бололцоо бүрийг ашиглан өмчилсөн тойрог руугаа сээтэн хаяж, сэтгэлийн үгээ ил тодоор илгээж суугаа аж.

Ирэх сонгуулийг холимог системээр явуулах нь тодорхой. Нэг тойрог нэг мандат гэдэг дээр ч нэгдэж буй сураг байгаа. Гагцхүү хэдэн тойрог хэчнээн мандаттай байхыг хууль тогтоогчид шийднэ. Ажлын хэсгийнхэн 48:28 гэсэн хуучин хувилбараас гадна 38:38 буюу тойргоос 38, намын жагсаалтаас 38 гишүүн гэсэн зарчмыг санал болгож буй. Тэр ч бүү хэл 28:48 гэсэн өөр нэг хувилбарыг зүтгүүлж буй хэсэг ч байгаа. Энэ нь тойрогт махаа идэж, мөнгөө барж байснаас намын жагсаалтад дээгүүрхэн бичигдчихээд азаа үзэх тухай яриа юм. Түүнээс гадна бас нэг хачирхалтай зүйлийн тухай Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн цухалзуулах болсон.

Энэ нь нэг хүн тойрогт ч, жагсаалтад ч зэрэг багтаж болох тухай юм. Тойрогт өрсөлдөөд унавал жагсаалтаар гараад ирэх шаанстай байх хувилбар эрх баригчдад хачин их таалагдаж байгаа гэнэ. Ард түмэн сонгохгүй байсан ч намынхаа нэрээр парламентад багтана хэмээн цээжний хонжоо хийсэн улс улам олон болж буй учраас яг ийм заалт хуулийн төсөлд биежээд ороод ирвэл бушуухан баталчих юмсан хэмээн гар нь загатнаж буй юм байх. Нэг үгээр гуйгаад өгөхгүй бол гуядаад авна хэмээн пээдийх том боломжийг эл заалт өгөх гэнэ. Аз болоод тойргоосоо мандат өвөртөлчихвөл жагсаалтад буй нөхөддөө буян болох аж. Тиймээс алсыг харсан улстөрчид одооноос өөрийн гэж өмчилсөн тойрогтоо өнжиж хонох нь олшроод буй.

Тухайлбал, нэгэнтээ Хэнтийн гурван тэнэгийн нэг хэмээн хочлуулж асан Д.Арвин гишүүн 2016 оны сонгуульд бууриа сэлгэхээр бэлтгэж эхэлсэн бололтой. УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас хоёр удаа сонгогдсон ч гуравдахиа очих нүүргүйдэж 2012 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн. Дахин сонгууль явуулж байж арайхийж гарч ирсэн тэрбээр гишүүн болонгуутаа ялагдсан МАН-аасаа урваж, ялсан АН-ын нөмөрт багтсан юм. Харин өөрийнх нь хэлдгээр “зүрхээ уран” байж хийсэн энэхүү сонголт ард түмэнд огтхон ч таалагдаагүйгээр барахгүй, баянзүрхчүүдийн голыг гонсойлгосон хэрэг болсон нь нууц биш.

Тэгвэл сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар ажил амьдралаа зохицуулахдаа хүртэл улстөрждөг монголчуудын сэтгэлзүйгээр хашир туршлагатай хатагтай ДАрвин дахин нэг тоглож азаа үзэхээр шийджээ. Учир нь тэрбээр ирэх 2016 онд Баянзүрхээс бултаж, Сонгинохайрханыг онилж энэ дүүргийнхэнд хайр зарлаад удаж буй аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ч ирэх сонгуулиар тойргоо солино гэсэн тооцоог хийчихээд байгаа сураг бий. Тэрбээр анх гишүүн болгосон Сүхбаатар дүүргээсээ дайжиж төрсөн нутаг Увсаа бараадахаар болсон юм байх. Тиймдээ ч сайд болсноос хойш Увсын гэх тодотголтой бүхнийг өөд нь дээш нь хэмээн найр тавьж урьд өмнө нь төдий л ач холбогдол өгөөд байдаггүй байсан Увс фракцдаа ухаангүй хайртай болсон гэх юм билээ. Түүний ачаар ажилтай албан тушаалтай болсон увс хүмүүс ирэх сонгуулиар эрхэм сайдынхаа төлөө Увсын цэнхэр хязгаарыг илбэн тохинуулах нь тодорхой.

Ерөнхийлөгчийн фракцын гэгддэг хуульч М.Батчимэг 2016 онд намын жагсаалтад багтах нигуургүй хэмээн тооцсон уу, ямартай ч сүүлийн үед Орхон аймгийг зорих нь олширсон гэх юм. Жагсаалтад найдахгүй байгаагийн шалтгаан нь парламентад асуудал шийдэхэд намын эрх ашиг гэхээсээ төрийн, түмний өмнөөс хандаж төрөлх намынхаа бодлогыг эсэргүүцсэн үг нэг биш удаа унагачихсантай нь холбоотой байж мэдэх. Тиймээс Эрдэнэтэд элдэв уулзалт хийж, иргэдийнх нь төлөө идэвх зүтгэл гарган буй гэнэ.

“Нэг ардчилал”-ын Э.Тамир гэж дэд сайд энэ Засгийн газарт бий. Хувийн компанид ажиллаж байгаад улс төрд орж ирсэн энэ залуу ирэх сонгуулиар нэр дэвшинэ хэмээн чичирч тойргийн эрэлд мордсон сураг бий. Хотод багтахгүй бол эцэг өвгөд элэнц хуланцынхаа нутгийг олж аль нэг газрыг срнгоно хэмээн шоо хаяж, зоос татахаас наагуур яваа гэх хүн ч таарав.

Энэ мэтээр хоёр жилийн дараа болох сонгуулийн сунгаагаа хэдийнэ эхэлчихсэн улстөрч нэг хоёроор тогтохгүй нь.

 

 

Н.САНСАР


URL:

Сэтгэгдэл бичих