Улс төрийн намууд засгийн газрыг огцруулах ёстой гэдэгт санал нэгдлээ

засгийн газарУлс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар өчигдөр Төрийн ордонд уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа болоод Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Засгийн газрын үйл ажиллагаа болоод нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Бид 2012 оны наймдугаар сард Засгийн газрыг өнөөгийн эрх баригчдад эдийн засгийн өсөлт нь 17 хувьтай, гадаад валют дөрвөн тэрбум ам.долларын нөөцтэйгөөр хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр эрх баригчид хоёр тэрбум гаруй төгрөгийг УИХ-ын хяналтаас гадуур зарцуулж, нийт аж ахуйн нэгжүүдийн 44 хувь хаалгаа бариад байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан.

Эрх баригчдын хэт их улстөржилт, алсын хараагүй үйл ажиллагааны улмаас ард түмэн хохирч, улс орны эдийн засаг эргэн сэргэхэд амаргүй хүндхэн хувь заяа нүүрлэсэн. Энэ бүхнээс үзэхэд эдийн засаг уналтад орсон нь илт байна” гэв.

Улс төрийн намуудын хувьд эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас хариуцлага нэхэж, огцруулах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн ирэх сонгуулиудад хар машиныг ашиглавал заавал гараар тоолж, эцсийн дүнг баталгаажуулах ёстой гэв.

Харин Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаас УИХ-ын гишүүн С.Баярцогтыг халах ёстой гэсэн юм. Оронд нь улс төрийн намуудын төлөөлөлийг оруулах ёстой гэсэн албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлэхээр болов.

Энэ үеэр улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байгааг тодруулсан юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРЛОО

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.МӨНХБАТ:

-Өнөөдрийн уулзалтад улс төрийн 13 нам оролцсон. Тэд-ний долоо нь Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж байна. Засагт хамтарч байгаа хоёр намын төлөөлөл тодорхой байр сууриа илэрхийлсэнгүй. Нэг нам түтгэлзсэн байр суурьтай байна. Дийлэнх нь Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзлээ. Харин МАН-ын байр суурийг илэрхийлэх нь эрт байна. Яагаад гэвэл нам гэдэг хамтын удирдлагын байгууллага.

Тийм учраас энэ асуудлыг намын бүлэг болон Удирдах зөвлөлийн хурлаар шийднэ. Нийгэм, эдийн засгийн хүнд байдал үе үеийн Засгийн газрын түүхэнд байгаагүйгээр уналтад орж, аюулын харанга дэлдлээ. Гадаад өр тогтоосон хэмжээнээс хэтэрч, валютын ханшийн өсөлт рекорд тогтоож байна. Үүнийг зогсоох арга зам байгаа. Улс төрийн намуудын дарга нар эрх баригчдад хоёр жилийн туршид боломж олгосон бөгөөд өчигдөр тэдний мөрийн хөтөлбөрийн 50 хувь нь хэрэгжсэн байх ёстой.

ЭДИЙН ЗАСАГТ НЭМЭЛТ ЗУГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.ДУГАРЖАВ:

-Өнөөгийн Шинэчлэлийн Засгийн газар сайн ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд шийдэх ёстой бүхий л асуудлыг шийдсэн. Эдийн засгийн хямрал ганц манай улсад нүүрлээгүй. Дэлхий нийтэд эдийн засгийн хямрал болж байна. Гэхдээ энэ хямралаас гарах гарц нь шинэ Засгийн газрыг байгуулах биш. 2014 он хүнд сорилтын жил болох нь. Төсвийн орлого тасарч, мөнгөний ханш буурсан. Энэ бүхэн бол дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой.

МАН-ынхан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ эдийн засгийн хямралаас гарах гарц, шийдлийг тэд хэлж чадсангүй. Эдийн засагч хүний хувьд эдийн засагт нэмэлт зузаатгал хийх хэрэгтэй, зээл тусламж буюу бондоо үргэлжлүүлэх нь эдийн засгийн хүндрэлээс гарах гарц гэж харж байгаа. Тухайлбал, БНХАУ эдийн засгийн хямралаас гарахын тулд гурван триллион ам долларын зээлийн ахуйн нэгжүүдэд өгч байгаа.

ЗАСГИЙН ГАЗАР МӨНГӨӨ ЮУНД ҮРСНЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛАГНАХ ЁСТОЙ

БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.ГАНХУЯГ:

-Өмнөх Засгийн газар Шинэчлэлийн Засгийн газарт дөрвөн тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй улс орныг хүлээлгэж өгсөн гэж байна. Гэтэл өнөөдөр 500-600 сая ам.доллар байна уу, үгүй юү.

Засгийн газар мөнгөө юунд үрснээ ард түмэндээ тайлагнах ёстой. Тайлан тавьдаггүйгээс нийгэмд хардлага үүсч байна. Монголбанк ам.долларын ханшийг тогтворжуулахаар өнгөрсөн долоо хоногт 6-7 сая ам.долларын интервэнц хийлээ. Гэсэн ч энэ нь үр дүнтэй ажил болоогүй.

Монголын барилгын компаниудын 90 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай. Тэд монгол төгрөгийг орны хөндий, авдар ханзныхаа доогуур шидсэн байдаг. Ингээд интервэнц хийхэд нь хямд ам.доллар худалдаж авдаг. Долоо хоногийн дараа долларын ханш буцаад л өсөж байна. Ийм бодлогогүй төр байж болохгүй.

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДААД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ

Монголын Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.МӨНХБАЯР

-Эрх баригчид ард түмнээ сайн, сайхан болгоно гэсэн үгээр мансууруулж тархийг нь угааж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр тэнгэр заяатай ард түмэн гэх мэтээр дэмийрч буй. Иймд бид өнөөдөр эрүүлээр харах цаг болсон.

Өнөөгийн нийгэмд жинхэнэ ардчилал, шударга ёс үгүйлэгдэж байна. Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдаад юу ч өөрчлөгдсөнгүй. Тэдний амлалт биелэхгүй байна. Асуудлаас их юм алга. Тиймээс энэ Засгийн газар цаашид үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Стратегийн гол түүхий эд болох нүүрс маань үнс боллоо. Ийм байхад Засгийн газар иргэдээ хүүхдийн 20 мянган төгрөгөөр хуурч байна. Монголын Ногоон нам Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

ЕРӨНХИЙ САЙД АЛЬ ХЭДИЙНЭ ОГЦРОХ ЁСТОЙ БАЙСАН

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.ЗАНАА

-Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт эрчимтэй уруудаж байна. Үүнийг амтай болгон яриад байгаа хэрнээ яагаад арга хэмжээ авахгүй байна вэ.

лс орны эдийн засаг доройтож, иргэд үнийн өсөлтөд нэрвэгдэж байгааг би өөрийн жишээгээр хэлье. Би өмнө нь долоо хоногт 100 мянган төгрөгөөр хоол хүнсээ базаадаг байсан бол өнөөдөр ийм мөнгөөр хоол авч дийлэхгүй байна.

Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан Засгийн газар, Ерөнхий сайд аль хэдийнэ огцрох ёстой байсан юм. Энд сууж байгаа бид, эрх баригчид ч мөнх биш. Улс орноо хөгжүүлэх нөхцөлийг л өнөөдөр бүрдүүлж өгөх ёстой.

Манайд сөрөг хүчний тухай хууль хэрэгтэй байна. Ийм хуульгүйгээс эрх баригч нам бусад намын дуу хоолойг сонсохгүй ноёлох шинжтэй боллоо.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЛАА ГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЦОГТГЭРЭЛ

-Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгааг ойлгож байна. Гэхдээ энэ Засгийн газрыг огцрууллаа гээд нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол хавтгайрсан улстөржилтөө одоо зогсооё гэж хэлэх байна.

Аливаа асуудалд дандаа нэгийгээ үгүйсгэсэн, улстөржсөн байдлаас хандаад сурчихлаа. Үүнийг болих шаардлагатай байна. Мөн энэ эдийн засгийн хямралаас гарахын тулд бид гарцыг олох хэрэгтэй. Үндэсний зөвшилцөл бидэнд хэрэгтэй юм. Ядуурал, ажилгүйдэл гээд олон асуудлын үндэс нь төрийн хэрэгжилтийн механизмын ядуурал.

Ипотекийн зээл айл бүрийг мөлхүүлж байна. Энэ бүгдийгээ ухаарч, сэхээрэх хэрэгтэй. Алдаагаа засахын тулд бүгд нэг талдаа гарах хэрэгтэй. Монгол түмэнд сөрөг хүчин байх ёсгүй.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.