Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд “Жигүүр Гранд” хүчээр орж ирэх нь

BZD-12-horooНийслэлийн гэр хо­рооллын айл, өрхүүдийг орон сууцжуулах их аян өрнөж байгаа билээ. Гэр хорооллын иргэдийн газрыг ашиглан орон сууц барих нь барилгын бизнес эрхлэгчдийн аманд орсон шар тос л болсон.

Иргэдэд ч бас хашаа байшингаа дулаан тохилог орон сууцаар солиулах боломж нээгдсэн. Энэ их бүтээн байгуулалтын ажлыг улс хийж чадахгүй учраас хувийн хэвшлийн компаниу­даар хийлгэхээр шалгаруулалт зарлаж, иргэдийн саналыг хурааж компаниудыг сон­госон. Тэгвэл барилгын салбарын зарим нэг аку­лууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс хо­цорсон. Тэдгээрийн нэг нь барилгын салбарт 25 жилийн түүхтэй, чанартай, сайн барилга барьдаг гэгддэг “Жигүүр гранд” груп юм. Тус компани гуйгаад өгдөггүй зөвшөөрлийг гуядаад авах аргыг сэдсэн бо­лолтой. Сая­хан тус компанийнхан “Чулуутын задгай” ТББ-аар дам­жуулан иргэдийн тархийг угааж, 0.07 га газрыг 120мкв орон сууцаар солино.

Дээр нь үл хөдлөх хөрөнгийг нь үнэлэн орон сууцны талбайд нэмж өгнө гэжээ. Газар эзэмшигч 1250 иргэнтэй гэрээ хийгээд эхэлжээ. Ийнхүү Баянзүрх дүүргийн XII хороон дахь 110 га гарын эзэн суух гэж байгаа юм. Газар болон үл хөдлөх хөрөнгийг тохирч худалдсанаар тэр бүхэн “Жигүүр гранд” групийн өмч болно. Нэгэнт иргэдийн хувийн зүйл биш болсон учир захиран зарцуулах эрхийг тус компани эзэмшинэ хэмээн “Жигүүр гранд” групийн Хуулийн зөвлөх Р.Батбаяр хэлжээ. Иргэдээс ийнхүү гэрээгээр газрыг нь авах бололтой.

Ботаникийн цэцэрлэгийн баруун тал орчмын оршин суугчид дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй гэж “Чулуутын задгай” ТББ-ынхан ярив. Дээрх ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнийн ярьснаар 1250 өрхийн дунд дахин төлөвлөлтөд хамрагдах талаар судалгаа хийхэд 88.4 хувь нь дэмжсэн гэж байсан. Ингээд “Чулуутын задгай” ТББ-ынхан “Жигүүр гранд” групийн ерөнхийлөгч Д.Баттөрд хандаж, тэр хэсгийг орон сууцжуулахыг хүсэхэд нааштайгаар хүлээн авсан тул “Жигүүр гранд” групийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж өгөх хүсэлтийг Гэр хорооллын хөгж­лийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлээд байгаа гэнэ. “Жигүүр гранд” груп иргэдийн нэрээр далайлган төрийн байгууллагаас зөвшөөрөл шаардсан нь энэ. Тэд яагаад заавал “Жигүүр гранд”-ыг сонгохоор болов. Барилгын салбарт олон жил ашигтай ажилласан компани нэг муу төрийн бус байгууллагыг худалдаад авах асуудалгүй. Тэд үнэхээр иргэдтэй нэг бүрчлэн уулзсан эсэх, төсөл хэрэгжүүлэгчээ сонгохоор компанид санал тавихдаа иргэдийн санаа бодлыг тусгасан эсэхийг холбогдох газрууд тогтоох шаардлагатай.

Тус компани 110 га талбайд 12-15 мянган айлын орон сууцны иж бүрэн хороололдоо явган хүний өргөн чөлөө, талбайгаар тусгаарлагдсан орон сууцны зургаан блок болон соёл урлагийн бүхий л төрлийн үйлчилгээний цогцолбор босгоно гэнэ. Мөн өмнө зүгтээ хоёр давхар таунхаус, нэг айлын эзэмшлийн амины орон сууцаас бүрдэнэ гэжээ. Орон сууцнуудын эргэн тойрны бүрэн тохижуулсан газар, амралт, спорт болон хүүхдэд зориулсан талбай, машины ил зогсоол, 1400 хүүхдийн дунд сургууль, 1000 хүүхдийн цэцэрлэг, хорооллын доторх зогсоолоос бүрдэх аж. Хорооллын баруун хэсгийн ногоон бүсэд олон нийтийн үйлчилгээний 32 давхар цогцолбор төв зэрэг зүүнээс баруун зүгт чиглэсэн авто замын өргөн чөлөөний эхэнд 26 давхар хоёр барилга төрөл бүрийн үйлчилгээний барилгатай. Хорооллын зүүн хэсэгт том хүн, хүүхэд хэвтүүлэн эмчлэх поликлиник бүхий эрүүл мэндийн төв, хорооллын зүүн өмнөд хэсэгт бассейн, стадион бүхий спортын байгууламжууд барих гэнэ.

Энэ маш гоё сонсогдож байгаа юм. Чадал нь байгаад хийж бүтээж чадаж байвал сайн л байна. Гэхдээ 1250 өрхийг орон сууцжуулахад 4-5 жилийн хугацаа орно. Харин 110 га талбайд тэдний хэлж буйгаар 15-20 жилийн дараа л бүтэн хороолол сүндэрлэх юм байх. Мөн “Жигүүр гранд” групийнхан 12-15 мянган өрхийн орон сууцны дулааныг хэрхэн хангах бол. Одоо байгаа хэдэн дулааны цахилгаан стан­цууд тэдгээрийг дулаанаар хангаж дийлэхгүй. Хэзээ дөрөв, тавдугаар дулааны цахилгаан станц баригдах нь мэдэгдэхгүй байгаа. Эсвэл тус компанийн барих хороололд дулааны цахилгаан станц багтсан юм болов уу. Одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 19 компа­ни шалгараад байгаа. Тэдгээр компаниудын барьж байгуулах барилгууд бүгд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон байдаг. Харин гэнэт нүсэр хороолол барина гээд гараад ирсэн “Жигүүр гранд” групийн төсөл хотын ерөнхий төлөлвлөгөөнд харшлахгүй байгаа юм байх даа. Гэр хорооллын хөгжлийн газар “Жигүүр гранд” групийн саналыг сайтар судалж үзээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэг­жүүлэгчийн батламжийг олгохгүй бол дурын нэг компани хороолол босгосоор байтал эмх замбараагүй хот төөрдөг байшин болох нь байна.

Д.МЯГМАРДОРЖ


URL:

Нэр: П.Эрдэнэтуяа Огноо: 14 May 2018

8,9 харьцаатай хабусыг бариуулах

Сэтгэгдэл бичих