Стрессээс хэрхэн сэргийлэх вэ?

stressСтресс буюу мэдрэлийн ядаргаанд ороогүй хүн гэвэл өнөөдөр хуруу дарам цөөхөн биз. Хүмүүс өдөр бүр сэтгэлд үл нийцсэн таагүй зүйлтэй тулгарч байдаг.
Нийтийн тээвэр, машины түгжрэл гээд тоочоод байвал дуусахгүй нь мэдээж. Тиймээс хамгийн гол нь өөрөө өөрийгөө аз жаргалтай байлгах зөв аргыг эзэмших нь чухал юм.

Стресс гэж юу вэ?
Стресс гэдэг нь гадна, дотнын тааламжгүй нөлөөлөлд бие, сэтгэцээс үзүүлж буй хариу урвал аж. Уур уцаар, бухимдал, айдас түгшүүр, гомдол тунихрал гээд стресст оруулдаг хүчин зүйл нийгэмд асар их бий. Тиймээс хүн бүр харилцан адилгүй стресст өртдөг байна.

Стресст орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Таагүй зүйлээс үүдсэн сэтгэл хөдлөлийн үед цусны даралт ихсэх, буурах, нүүр улайх, цайх, ходоод базлах, булчин шөрмөс чангарч агших болон даавар, дархлааны нарийн урвалууд явагддаг. Өөрөөр хэлбэл стрессийн үед бие махбодь, сэтгэцэд нэгэн зэрэг өөрчлөлт илэрдэг байна. Харин цочролын нөлөө, хүч, үргэлжлэх хугацаа нь тухайн хүний онцлогоос хамаардаг аж.

Стресс үүсэх гол шалтгаан юу вэ?
Сэтгэл хөдлөлийн сөрөг илрэл болох уур бухимдал, өлсч цангахаас эхлээд айж түгших зэрэг нь бүгд стрессийн илрэл юм. Хөмсөг зангидах болгонд цусанд адреналин, норадреналин ихээр ялгарч, цусны даралт ихсэн, зүрх, тархи туйлдан эцэж, өөрийн зохицуулгаа алддаг. Энэ нь эргээд стресс болдог байна. Хүн үргэлж дотоод хүнтэйгээ сэтгэлзүйн хувьд зөвлөлдөж, нэгдэж, бас үгүйсгэж, зөрчилдөж байдаг. Тиймээс хувь хүний зан араншин, хүмүүжил, харилцааны соёлоос шалтгаалан стресст орох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь ч бас хамаардаг байна.

Стресс амархан тайлагддаг уу?
Хэт ачааллаас болж ядарсан биеийн алжаал нь зөв хооллож, унтаж амрахад тайлагддаг бол стресс буюу мэдрэлийн ядаргаа нь хэдэн долоо хоног, сар, жилээр үргэлжилдэг. Эрч хүч буурах, дуртай зүйлдээ дургүй болох, эцэж тамирдах, анхаарал сарних, мартах, нойргүйдэх, тайван унтаж чадахаа болих, сэтгэл тавгүйтэх, шаналах, толгой өвдөх зэрэг нь мэдрэлийн ядаргааны үндсэн шинж аж.
Хүн стресст байнга өртсөнөөр мэдрэлийн архаг ядаргаа, невроз, зүрхний эмгэг, цусны даралт ихсэх, ходоодны шарх, элэг цөсний архаг эмгэг зэрэг өвчинд өртдөг байна. Харин сэтгэлийн хөдөлгөөнөө хүчтэй илэрхийлдэг хүмүүс стрессээс түргэн гарч чаддаг тухай сэтгэлзүйчид ярьдаг. Тиймээс эрхэм та стресст орохгүй байхын тулд байгаа байдлаараа бахархаж, амьдралаас гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлсийг олж харахыг хичээдэг байх хэрэгтэй.

Стрессээс сэргийлэх аргууд
1. Зөв хооллож, эрүүл хүнс хэрэглэх
2. Тогтмол цагт нойрсох
3. Өдөрт 20-40 минут явган алхах буюу гүйх
4. Бясалгал буюу алжаал тайлах аргад суралцах
5. Хувийн зохион байгуулалтаа сайжруулах
6. Стрессээс холдож, ажил амьдралын хэв маягаа өөрчлөх
7. Аминдэм тогтмол хэрэглэх
8. Архи, тамхинаас татгалзах


Стресс тайлах аргаас
1.
Таагүй үйл явдал болон ажлын байран дахь дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс хол байх
2. Өөрт тулгарсан таагүй мэдрэмжийг хэн нэгэнд ярих. Ингэснээр сэтгэл онгойж, уужрах болно.
3. Айж тэвдсэн үедээ өөрт тохиолдсон сайхан дурсамжийг бодож, аз жаргалтай байхыг хичээх.
4. Сэтгэцэд муу нөлөөтэй эм уухаас аль болохоор зайлсхийж, сэтгэл санаагаа тайван байлгах.
5. Тайвшруулах дасгал хийж сурах. Хүнд байдалд орсон үед гурван секундын турш хамраараа аажим амьсгал авч, аажмаар гаргах. Дараа нь мөн гурван секунд амьсгалаа түгжих. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтан хийхэд та тайвшрах болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих