Төрийн даатгалын компани байгуулж их хэмжээний мөнгө босгох нь хэний санаа вэ?

  7cea9d84ee274228c7efe8de18592df7Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд төрийн данхагар бүтцийг хумиж, зарим байгууллагыг цомхотгохыг уриалсан. Мөн нэмж төрийн өмчийн компани байгуулахыг хориглох тогтоолын төсөл санаачилж байгаа билээ. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар Ерөнхийлөгчийн улс орон даяар эхлүүлсэн тус санаачилгыг эсэргүүцэж байгаа бололтой.

Тодруулбал, Засгийн газар төрийн өмчит “Үндэсний даатгалын корпораци” ХХК байгуулах шийдвэрийг гаргажээ. Үүнийхээ үндэслэлийг “Экспортын даатгалыг дотоодын даатгагчид хийж чадахгүй учраас…” гэж тайлбарлаж байгаа юм. Цаашлаад тэдний байгуулах тус компани нь энгийн даатгалын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Энэ бол төрийн оролцоог салбарт бүрт улам нэмэгдүүлж, даатгалын салбарыг залгихаар бэлтгэж буй Засгийн газрын ээлжит явуулга юм.

Үүнийг нь даатгалын салбарт ажиллаж буй 17 компани бүгд эсэргүүцэж  байгаа бөгөөд цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байна. Арга ч үгүй биз. Манайдаа л хөлөө олж, хэр баргийн шуурганд унахааргүй болсон цөөн хэдэн салбарын нэг нь даатгалын салбар. Гэтэл санхүүгийн хувьд биеэ даасан, чөлөөт эрүүл өрсөлдөөн дунд байдаг даатгалын компаниудын үйл ажиллагаа руу төр шууд гар дүрж буй нь гэр орон руу тань хэн нэгэн гаднаас орж ирээд хамаг зүйлийг нь бусниулахтай ижил зүйл болж байгаа юм.

Үнэн хэрэгтээ даатгалын компаниуд Засгийн газрынханы хэлээд буй шиг экспортын даатгалыг хийж чадахгүй биш харин ч эсрэгээрээ гэнэ. Дотоодын даатгалын компаниуд экспортын даатгалыг олон улсын “АА” хүртэл зэрэглэлтэй хийж чадах  бүрэн боломжтой бөгөөд үүнийгээ санхүүгийн зохицуулах хорооноос авсан зөвшөөрөлтэй хийдэг байна. Гэтэл төр тус салбарт шууд хутгалдан орж бас нэгэн үр ашиггүй, хүнд сурталтай, Төрийн монопол эрхийг бий болгохоор зүтгэж байгаа нь хэн нэгний хувийн эрх ашиг юм биш гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлээд байна. Нөгөөтэйгүүр энэ нь Монголын даатгалын зах зээлийн хөгжилд том ухралт болно хэмээн тус салбарынхан үзэж байгаа юм. Тэд төрийн энэхүү үйлдлийг өөрсдийнх нь 23 жилийн турш даатгалын зах зээлийг хөгжүүлэх гэж хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж ирсэн хувийн хэвшлийг дэмжихийн эсрэг бодлого гэж үзэж буй аж.

Манай улсыг өнөөдөр чөлөөт зах зээлийн нийгэмтэй гэж хэлэхэд үнэхээр хэцүү болж. Учир нь төр оролцоогүй салбар гэж байхаа больж. Өнөөдөр Монголын төр банкны салбарт л гэхэд Төв банк, Хөгжлийн банк, Төрийн банк гэсэн гурван том сектороор санхүүгийн зах зээлд хутгалдаж байна. Гэтэл өнөөдөр арай биеэ даасан, өрсөлдөх чадвартай даатгалын зах зээлээр оролдоод эхэллээ. Төрийн даатгалын компани байгуулах юм бол хувийн даатгалын компанийн даатгуулагчид төр рүү очно. Ингэснээр төр зах зээлээс их хэмжээний мөнгө босгох боломжтой юм. Тухайлбал төрийн өмчит “МИАТ”, “Оюутолгой” “Эрдэнэт” үйлдвэр, “Монголын төмөр зам” зэрэг компаниуд бүгд Төрийн даатгалын компанид даатгуулна. Ингэснээр тус компаниудаас Засгийн их хэмжээний мөнгө татан төвлөрүүлэх боломжтой болж байгаа юм.

Харин даатгалын бусад компаниуд хохирч, төрийн сүр дор үйлчлүүлэгчдээ алдах эрсэдлтэй тулгараад байгаа. Төр заавал нэгийг байгуулахын тулд нөгөөг хохироох шаардлага байна уу. Эсвэл ямар ч хамаагүй аргаар мөнгө босгож, төсвийн хөрөнгийг бүрдүүлж л байвал юун нөгөө Ерөнхийлөгчийн хэлээд буй “Өмч хувьчлалын хоёрдугаар аяныг эхлүүлэх, хувийн хэвшлийг дэмжих” манатай гээд байна уу.


URL:

Нэр: Ashely Lalka Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.