Умард Солонгосын телевизээр өрнөдийн шоу гарах болно

Умард Солонгосын иргэд барууны телевизийн шоу нэвтрүүлгүүд үзэх болж байна. Тус улсын удирдагчид юуны өмнө Их Британий ВВС компаний “Top Gear” автошоу, хүүхдийн “Teletubbies” болон “Doctor Who” олон ангит кино үзүүлэх сонголт хийсэн байна. Харин уг нэвтрүүлгүүд гарахын өмнө Умард Солонгосын аугаа их хүч чадлыг илтгэх лекц тогтмол явуулж байхаар шийдвэрлэсэн аж. (The Independent).

Умард Солонгосын төв телевиз орой бүр 6,5 цагийн хөтөлбөр бэлтгэн нэвтрүүлдэг бол гуравны нэг хэсэг нь нам, төр засгийн ололт амжилт, үлдэх нэг хэсгийг нь БНАСАУ, хайртай урдирдагчынхаа төлөө дайчин давшингуй ажиллаж хөдөлмөрлөхийг уриалсан илтгэл эзэлдэг байна. Харин Солонгосын хөдөлмөрчдөд өрнөдийн цэнгээнтэй нэвтрүүлэг хүргэх саналыг ВВС компаниас өнгөрсөн жил тавьж, Британий Гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг үүнийг дэмжиж ” дэлхий дахинд юу болж байгаа талаар энэ хаалттай нийгэмд ойлгуулах сайн арга зам” хэмээн тэмдэглэсэн байна.

ВВС компаниас тавьсан энэ саналыг Их Британид суугаа БНАСАУ-ын элчин сайдын яамнаас хэдэн сарын турш сайтар нягтлан судалсны эцэст “БНАСАУ-ын төр засаг эдгээр нэвтрүүлгийн агуулгыг анхааран үзэж, Солонгосын иргэдэд үзүүлэхэд зохимжтой эсэхийг хэлэлцээд улс төрийн утга агуулгагүй ердийн цэнгээнт шоу нэвтрүүлэг болох нь тодорхой” гэж тэмдэглэсэн ажээ.

Умард Солонгосын төв телевизээр эдгээр нэвтрүүлгийг гаргах яриа хэлэлцээ одоо төгсгөлийн шатандаа орж байгаа боловч ВВС компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Умард Солонгост одоо хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэг нь долоо хоног бүр гардаг “Its So Funny” (“Энэ маш хөгжилтэй”) гэсэн нэртэй шоу байдаг бөгөөд цэрэг хувцас өмссөн жүжигчид их удирдагчынхаа суу алдарыг магтан дуулсан жүжиглэлт үзүүлдэг аж.

 

БНАСАУ-д гадаадын кино, телевизийн хөтөлбөр үзэх хориотой, хэрвээ баригдвал засан хүмүүжүүлэх хорих газар очиж болох тул USB-флэшкартаар солилцож, цагдаа нараас нууцлах хэрэгтэй болдог байна.

Л.Отгонбат


URL:

Сэтгэгдэл бичих