“Эрэл”-ийн Эрдэнэбат сая долларын өрөнд оржээ

 erdenebat_said001

Саяхан л Монголын баячуудыг тэргүүлж, алт олборлож, банк хүртэл байгуулж, байшин барилга барин мандаж, УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Түлш эрчим хүчний яамыг толгойлж явсан Бадарчийн Эрдэнэбат хэмээх хүний сураг улс төрийн тавцангаас арчигдаж, бизнесийн ертөнцөд ч чимээ тасраад удаж байна. 2008 оны сонгуулийн өмнөхөн Б.Эрдэнэбат сайдын талаар маш ноцтой баримтууд дэлгэгдэж байлаа.

Түүнийг сайдын ажлаа хүлээлгэж өгөх өдрөө тушаал гаргаж, хагас тэрбум төгрөгний үнэтэй орон сууцаар ажилчдаа шагнасан. Мөн 10,8 тэрбум долларын өртөгтэй том тендрийг Хятадын талд дур мэдэн ямар ч тендер зарлалгүйгээр өгсөн хэрэгт буруутгаж, Авилгалтай тэмцэх газар шалгуулахаар болсноо нэр бүхий сайд нар сүр дуулиантай мэдэгдэж байв. Түүнийг улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугидаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж  бүтэн гурван жил шүүхээр яваад бараагүй юм гэнэлээ.Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон.

Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, БХЯ-ны сайдаар ажиллаж байсан энэ эр бизнест хэзээ ч мөнгийг чамладаггүй. Хуучин халбаг сэрээ, түмпэн шанагаа 30 саяар Батлан хамгаалах яаманд шахаж онигоонд ч орж байсан удаатай. Монголын алтны магнат эр сүүлийн үед бизнесээ хүүдээ өвлүүлж, өөрөө ном бичиж байгаа гэдэг мэдээлэл гарч байсан. Тэгвэл тэргүүн баян эн эр бас л өр зээлтэй, түүнийгээ төлөхгүй “луу унжиж” байгаа гэнэ. Ард түмний банк гэж өөрсдийгөө нэрлэж байгаад дампуурал зарласан “Анод “банкны өр барагдуулагчид алдартай баян эр хоёр сүүлийн хэдэн жил “муур хулгана” болон тоглож байгаа аж.

Анх 2008 онд “Анод” банк, “Эрэл” компани хамтран  “Залуусын хотхон” нэртэй орон сууцны хороолол барихаар тус бүр нэг нэг сая доллар гарган санхүүжүүлэхээр гэрээ байгуулан гүйцэтгэх захирал Д.Уламбаяр, Б.Эрдэнэбатын эхнэр  Д.Сэргэлэн нар гарын үсэг зуржээ. Хотхоноо Баянзүрх дүүргийн 14-р хороонд “Эрэл” компаний гэрчилгээтэй газар барихаар болж тохирсон гэнэ. “Анод” банк ч мөнгөтэй гэдгээ харуулж гэрээ байгуулсан өдрөө л 500 мянгыг бэлнээр үлдсэн хагасыг нь тухайн өдрийн ханшаар тооцон шилжүүлжээ. Харин удалгүй банк дампуурч, “Залуус хотхонд” өгсөн мөнгийг иргэний журмаар нэхэмжилэн авах прокурорын шийдвэр гарчээ.

Гэвч “Эрэл” энэ мөнгөө эргүүлж төлсөнгүй.  Нэгэнт “Эрэл” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хоёр сая ам долларын төсөвтэй энэ ажилд сохор зоос ч гаргаагүй тул банкны эрх хүлээн авагчид анх оруулсан сая доллароо тэр чигээр нь буцаан авна гэдэг нэхэмжлэл гаргажээ. Энэ хэрэг  шүүгчдийн ширээ дамжиж явсаар  эцэст нь “Эрэл” ХХК 10 айлын орон сууцыг  540 саяд үнэлэн өгчээ. Гэвч өнөөх  байр нь борлогдсонгүй. Байрлал муутайн дээр хэт өндөр үнэтэй авсан тул тийм үнээр авах хүн яагаад ч олдсонгүй. Харин өндөр үнэтэй байр өрөнд авлаа гээд бөөн хэл ам дэгдэж. Банкны хохирогчид хэт өндөр үнээр байр авсан талаар нь банкны эрх хүлээн авагчдыг хардаж дахиад л хэл ам хэрүүл маргаан дэгдэж эхлээд байна. Нэгэнт зарагдахгүй байрыг хуучин үнээр шахсан учраас тэд “Эрэл”-ийн Эрдэнэбатаас сая доллароо л авах хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа юм.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.