“Ц.Мөнхбаяр нарыг зандалчлах зүйл, заалтаар яллах үндэслэлгүй” гэв

527-1397009468мөнхбаяр“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхийг шаардан төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд С.Дашцэрэн нарыг Төрийн ордны хашаанд буун дуу гаргаж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон.

Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн тэдэнд оноосон ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл өчигдөр энэ хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх хурал 08.30 цагт эхэлж 14.30-д дуусч тогтоол уншихад Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхээр ногдуулсан ялыг хөнгөрүүлж “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 cap, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, С.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноолоо. Шүүх хурлын тогтоолыг ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Даваасүрэн уншиж танилцуулав.

Тэрбээр “Эрүүгийн хэргийн давж заалдах 10 дугаар шүүхийн шүүх хуралдаанаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I дүгээр шүүхийн 2014 оны нэгдүгээр сарын 21-ны өдриийн 126 тоот шийд тогтоолтой Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, С.Дашцэрэн, Г.Болдбаатар, Н.Самбуу-Ёндон, Ж.Ганболд М.Мөнхболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Ингээд Н.Самбуу-Ёндон, Ж.Гантулга нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин М.Мөнхболдын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон.  Шүүх хэргийг зөв зүйлчилж түүний гэм буруу болон хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул түүнд холбогдох ялын заалтыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн. Мөн З.Ганболд нь эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргах буюу гаргахаас татгалзуулахад чиглэсэн санаа зорилготой байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явсан нь тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185-ын 2-т зааснаар галт зэвсэг хадгалж, тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр нэг жилийн хорих ял оноолоо. Цаашлаад С.Дашцэрэнгийн үйлдэлд мөн эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдоогүй гэж үзэж харин бусдын өгсөн галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг авч явсан нь тогтоогдсон гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 185-ын 1 дэх зүйл заалтаар өөрчилж хоёр жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гарсан. Түүнчлэн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар нарыг Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу зохион байгуулалттай бүлэглэж үйлдсэн хэрэг гэж хууль зүйн үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилж ял оноосныг өөрчилж 177-ын нэг дэх хэсэг болгон өөрчиллөө. Ингээд Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 177-ийн 1-д зааснаар Ц.Мөнхбаярын биеэр эдлэх ялыг долоон жилийн хорих ял болгож тогтоолоо. Мөн Г.Болдбаатарын зүйл заалтыг өөрчилж зургаан жил 11 cap хорих ялаар, тогтоов. Харин Д.Төмөрбаатарын мөн өмнөх ялыг хөнгөвчилж “Сайга” загварын “Рес” 111, 389 дугаартай ангийн зориулалттай бууг эзэмшигч Б.Гантулгад буцаан олгох өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ. Мөн дээрх хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэв.

Мөн энэ шүүх хурлын үеэр урьдчилан хорих 461 дүгээр ангид хүмүүжиж буй Ц.Мөнхбаяр нартай УИХ-ын гишүүн Г.Уянга очиж уулзсан юм. Түүнд хүмүүжигчид “Бид цагаадах бүрэн үндэслэлтэй. Тийм учраас шүүх хурлын дүгнэлтээс эмээхгүй байна” хэмээжээ. Шүүх хурлын тогтоолоос харахад зандалчлах буюу бусдад хор хохирол учруулсан онц аюултай гэмт хэрэг гэх Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл ангиар яллах үндэслэл байхгүйг тогтоож ялын хэмжээг хөнгөвчилсөн талаар шүүх бүрэлдэхүүн танилцуулсан.

Өмгөөлөгчид ч мөн энэ удаагийн Давж заалдах шатны шүүх хуралд Ц.Мөнхбаяр нарыг бүлэглэж зандалчлах зүйл ангиар ял авах үндэслэлгүй хэрэг гэдгийг нотлох баримт бүрдүүлж ирсэн гэдгээ шүүх хурлын завсарлагааны үеэр хэвлэлийнхэнд дуулгасан юм. Ингээд шүүх хурал хэлэлцэж дуусахад шүүх бүрэлдэхүүн үнэхээр зандалчлах хэлбэрийн хүнд гэмт хэрэг биш гэж үзээд зүйл ангийг өөрчилж ялын тогтоол уншсан юм.

Эндээс харахад, иргэний хөдөлгөөн болон ар гэрийнхэнийх нь хэлээд байсанчлан цаанаасаа зохион байгуулалттайгаар ялласан байж болзошгүй гэдэг таамгийг бататгах мэт шүүх хурал боллоо. Иймд тэдний ар гэрийнхэн “Долоон жилийн ял авах үндэслэлгүй. Цаашид цагаадах ёстой” гэсэн үүднээс Дээд шүүхэд давж заалдах талаар хэлсэн юм. Харин тэдэнд тэсрэх бөмбөг худалдсан гэмт хэрэг нь холбогдсон М.Мөнхболдын хоёр жилийн ял хэвээр үлдсэн юм.

Түүний хувьд мөн 461 дүгээр хорих ангид хүмүүжиж байгаа. Гэхдээ түүний хувьд ял эдлэх боломжгүй гэдгийг түүний өмгөөлөгч дуулгасан. Учир нь М.Мөнхболд нь цэрэгт байхдаа сэтгэцийн өөрчлөлттэй болж цэргийн албанаас чөлөөлөгдөж байжээ. Гэсэн ч түүний хэргийг шүүх бүрэлдэхүүн гэмт хэргийн зүйл заалтыг зөв шийдвэрлэсэн гэж үзээд ялыг хэвээр үлдээлээ.

Шүүх хурлын дараа Ц.Мөнхбаярын дүү Б.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Шүүх хурлын шийдвэр гарч Ц.Мөнхбаярт долоон жилийн ял оноолоо. Танд шүүхийн шийдвэр хэр санагдав?

-Ах маань хамгийн өндөр буюу долоон жилийн ял авлаа. Бусад нь бүгд 1-2 жилийн ял авч байна. Үүний цаана ямар нэгэн сэдэл санаа байна уу даа гэж харж байгаа. Анхнаасаа төр засаг “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэдэг шиг “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхгүй хав дарж байгаад зүйл, заалтыг нь өөрчлөх гэж оролдсон.

Үүний эсрэг тэмцсэнийхээ төлөө анхан шатны шүүх хурлаас 21 жилийн ял авсан. Давж заалдах шатны шүүхээр долоон жил болгож хөнгөрүүллээ. Цаашид үнэн зөв гэж байдаг бол миний ахын хэрэг цагаадах ёстой гэж бодож байна. Монголын ард түмэн энэ хэргийг мэдэж байгаа шүү дээ.

-Ц.Мөнхбаяр гуайтай уулзаж байгаа юу. Нэг хэсэг эргэх бичиг олгохгүй байгаа талаар мэдээлж байсан?

-Уулзаж байгаа. Долоо хоногт нэг удаа эргэлт оруулдаг. Биеийн байдал одоогоор гайгүй байна. Давж заалдах шүүхэд гомдол гаргасны дараа cap шахуу эргэлт оруулахгүй хэцүү байсан.

-Та ахынхаа хийж байгаа үйл хэргийг “Дэмий дээ” гэж бодож байсан үе байсан уу. Ер нь байгаль орчны төлөө тэмцэлийг хэр дэмждэг байв?

-Байгаль орчны төлөө дуугарах хүн байхгүй байхад би дэмжихгүй байна гэж байхгүй. Ахынхаа үйл хэргийг дэмждэг байсан. Энэ зүгээр нэг гэнэт гараад ирсэн хүн биш шүү дээ. Миний мэдэх ах маань сүүлийн 20 гаруй жилийг байгаль орчны төлөө тэмцэж өнгөрүүлсэн гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан зандалчлах хэмээх заалтыг өмнө нь шүүхийн практикт хэрэглэж байгаагүй аж. Харин мөрдөн байцаалтын явцад хоёр дахь удаагаа хэрэглэсэн нь энэ хэрэг. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай нарын хүмүүст энэ зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгож байжээ.

Зандалчлах зүйл заалтын хоёр дахь хэсэгт шүүгдэгчийг 20-25 жил хорих юм уу, цаазаар авах ялаар шийтгэхээр тусгасан. Харин Ц.Мөнхбаяр нарт зандалчлах зүйл заалтаар ногдуулсан анхан шатны шүүх хурлын ялыг хөнгөрүүлж 1-7 жилийн болголоо. Гэхдээ анхан шатны шүүх хурлын дараа ар гэрийнхэн нь “Шүүх хурлын явцаас харахад дээрээс ирүүлсэн үүрэг даалгаврыг биелүүлэх шиг санагдсан” гэж хэлж байсан.

Мөн тэр үеэр ОХУ-ын “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын төлөөлөгч Евгений Симёнов “Манай байгууллага Монгол, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг. Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” хөдөлгөөнийнхөнд 21 жилийн ял оноож байгаа нь тэднийг шоронд үх гэснээс ялгаа байхгүй. Танайхны Урт нэртэй гэж нэрлээд байгаа хууль маш сайн хууль. Олон улс ийм хуультай болохыг мөрөөддөг, тийм л үлгэр жишээ хууль болж чадсан. Хэдэн жилийн өмнө газрын тосны үйлдвэрийг эсэргүүцэн тэмцсэн иргэдийг барьж хорьсон хэрэг ОХУ-д гарч байсан. Олон нийтийн эрх ашгийн төлөө явсан гэдэг үндэслэлээр тэднийг сулласан. Гэтэл Монгол Улсад өөр аргаар шийдлээ” гэж байв.

Үнэхээр тэд 21 жилийн ялыг биеэр эдэлсэн бол амьд гарна гэхэд хэцүү байв. Эндээс үзэхэд тэднийг яагаад Эрүүгийн хуулийн зандалчлах зүйл, заалтаар яллав гэдэг асуулт хариу нэхэж байх шиг. Гэтэл давж заалдах шатны шүүх хурлаар “Ц.Мөнхбаяр нарын хэргийг зандалчлах зүйл, заалтаар ял тогтоох ямар ч үнэдэслэлгүй” гэж шийдвэрлэлээ. Бас л бодох асуудал. Шүүх үнэхээр улс төрөөс хараат ажиллаад байгаа юм биш биз гэж хардах нэгэн нотолгоо нь эдний хэрэг болж үлдэх вий.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих