Г.Ундармаа өрх тусгаарлаж, “Шинэ үе”-ийн залуусыг авч одох нь

0602b21093eb5f46originalМонголын урлагийн талбарт хүч түрч орж ирсэн хүмүүс бол хошин шогийн хамтлагууд. Нийгмийг хуйлруулахын зэрэгцээ гайгүй мөнгө олж байгаа хүмүүс бол яах аргагүй хошин шогчид. Тэр хэрээр гайгүй авьяаслаг залуусаар хүрээгээ тэлсээр байгаа ч зарим хамтлагийн залуус нийлж өрх тусгаарлах нь бий. Тухайлбал, “Х ТҮЦ” хамтлагаас хэсэг залуу уран бүтээлчид “Эмоци” хэмээх нэрийн дор өрх тусгаарлаж одсон. Ер нь хаа хаанаа залуу уран бүтээлчид бие даан уран бүтээл хийхийг зорих болсныг буруутгах аргагүй. Харин “Шинэ үе” продакшнаас залуус биш гол төлөв тус хамтлагийг байгуулцаж байсан нөхдүүд гарч одох нь бий. Анх энэ хамтлагаас авьяаслаг жүжигчин Д.Хүрэлхүү, Амбий нар гарч байсан.

Тэгвэл энэ хамтлагийн анхдагчдын нэг Г.Ундармаа аанай л “Шинэ үе”-ээс өрх тусгаарлах тухай мэдээлэл бий бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тоглолтод ч очсонгүй. Энэ тухайд түүнээс асуухад ““Мэдэхгүй ээ, би зүгээр л очоогүй. Намайг яагаад очоогүйг “Шинэ үе”-ийнхнийхээс асуугаарай” гэсэн нь хэвлэлийн хуудаснаа буй. Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хамтлагийн ахлагч УГЖ Б.Ариунболдтой маргалдаж, сүүлийн үеийн тоглолтуудад ирэхгүй байгааг хэлсэн. Тэр ч бүү хэл Г.Ундармаа эргэж “Шинэ үе”-д орохгүй бөгөөд тусдаа хамтлаг байгуулахаар зорьж байгааг ч нуусангүй. Тэгэхээр Г.Ундармаа чухам ямар хүмүүстэй хамтрах вэ гэдэг нь сонирхол татсан асуудал болно. Тэгвэл Г.Ундармаа “Шинэ үе” продакшний залуу жүжигчин болох Ц.Алдармаа, Отгоо буюу Б.Отгонтуяа, Ганбаа буюу Ц.Ганбаяр нараар багаа бүрдүүлэн ажиллахаар болсон гэв. Энд шинээр нэмэгдэх жүжигчин бол манай нэрт алиалагч Латив агсны хүү залуу жүжигчин Л.Нурбулан юм.

Ерөнхийдөө “Шинэ үе”-ээс өрх тусгаарлаж байгаа шинэ айлынхан эдгээр таван жүжигчнээр гал голомтоо бадраах бол бусад жүжигчдээ СУИС болон бусад урлагийн сургууль төгсөх, төгсөж буй залуусаар эгнээг бүрдүүлэх аж. Юутай ч хошин шогчдын бүлээс нэгэн айл өрх гал голомтоо бадрааж, тусдаа хана шийрлэж байна. Тэгэхээр шинээр төрж буй хамтлагийн уран бүтээлчдэд нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Ч.Дорж 

URL:

Сэтгэгдэл бичих