Нууц сансрын хөлөг тойрог замд 500 хоножээ

АНУ-ын агаарын хүчний нууц сансрын хөлөг манай гаригийн тойрог замд ажиллаад даруй 500-аад өдөр өнгөрчээ.

Гэхдээ бүтэн жил хагасын турш X-37B ямар даалгавар гүйцэтгэж байгааг Пентагон тайлбарлаагүй хэвээр байна. Түүнчлэн хөлөг хэзээ ирэх талаар мэдээлэл байхгүй.

Нэгдсэн улсын агаарын хүчин бүрэн автомат X-37B хөлгийг Атлас-5 пуужингийн тусламжтай, 2012 оны арванхоёрдугаар сард хөөргөсөн. Түүнээс хойш энэ нууцлаг хөлөг дэлхийг хэдэн мянган удаа тойрч, Хойд Солонгос, Иран зэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг орнуудын дээгүүр нисчээ.

2011 онд хэрэглээнээс хасагдсан, сансрын Шаттл хөлөгтэй адил үйл ажиллагаатай энэ хөлөг хуучин Шаттл хөлгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй. Гэхдээ хэд хэдэн онцлогтой.

Сансрын нисгэгчдийн багийнханд тохиромжгүй, цонхгүй энэ хөлөг ачааны тэрэгтэй адил хэмжээтэй нөөцийн хэсэгтэй. Мөн жинхэнэ Шаттл хөлөг задгай сансарт 17 өдөр ажиллах чадвартай байсан бол X-37B даалгаврын анхны загвар OTV-1 Колорадод байрлах Шривер удирдах төвийн заавраар задгай сансарт 225 өдөр ажиллаж байсан юм.


OTV-1 хөлгийг газардсаны дараа шалгаж байна.Харин хоёр дахь хөлөг OTV-2 нийт 469 өдөр ажилласан бол гурав дахь хөлөг OTV-3 одоогийн байдлаар 482 өдөр ажиллаад байна.

Үнэндээ энэ сонирхолтой нууцлаг хөлөг хэзээ Сансрын Шаттл хөлөг шиг тэтгэвэртээ гарч, дэлхийд эргэн ирэхийг хэлж мэдэх хүн алга. Анх X-37B төслийг НАСА агентлаг жижиг, хүнгүй сансрын хөлөг бүтээх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн ч төслийн саатлаас болж, 2004 онд АНУ-ын агаарын хүчинд шилжүүлэн өгчээ. Эхний хоёр хөлгийг Боинг компанийн “Фантом” хэсэг бүтээжээ. Нэгдсэн улсын агаарын хүчин X-37B төслийн зорилгыг бидэнд хэзээ ч хэлэхгүй.


Боинг компаний бүтээсэн Х-37ВГэхдээ зарим цуу ярианаас үзэхэд энэ төслийн хүрээнд зарим орнуудын хиймэл дагуулуудад ямар мэдээлэл ирж байгааг судлах гэнэ.

Боломжийн санаа боловч Нэгдсэн улсад угаас илүү жижигхэн, олоход хэцүү, дээрх зорилгоор ажилладаг төхөөрөмж байдаг.

Харин өөр нэг цуу яриа нь X-37B төслийн зорилго нь илүү өндрөөс бөмбөгдөгч онгоцонд байршлын мэдээлэл дамжуулах гэнэ. Магадгүй л юм.

Гэхдээ ийм том хөлгөөр тийм чухал зүйл хийнэ гэдэг юу л бол. Тэгээд ч Нэгдсэн улсыг ердөө л ийм зорилгоор энэ хөлгийг бүтээсэн гэхэд итгэхэд бэрх. Өмнө нь АНУ-ын агаарын хүчний “Сансрын үйл ажиллагааны төв”-д ажиллаж байсан Брайн Вийдн энэ төслийг тагнуулын ажиллагаанд ашиглах шинэ төхөөрөмжүүдийн гүйцэтгэл, үйл ажиллагаанд хяналт тавих, цаашид хэрхэн хөгжүүлэх асуудлыг шийдэхэд туслах зорилготой гэж таамаглаж байгаагаа ярьжээ.

Учир нь гурван ч удаа хийсэн үйл ажиллагаанууд яг л нэг тойрог замд ажиллаж байгаа нь ингэж бодоход хүргэж байна. Сонирхолтой нь, ямар ч тагнуулын зорилгоор бүтээгээгүй гэгдэж байгаа энэ хөлөг Иран, Пакистан, Хойд Солонгос, Афганистан зэрэг улсуудын дээгүүр нисэж мэдээлэл цуглуулдаг ч байж болох юм.

Тэгвэл Хойд Солонгос пуужингаа хаана бүтээж, хэрхэн хөлөг онгоцнууд руу тээвэрлэж байгааг, БНХАУ-ын дараагийн агаарын тээврийн хэрэгсэл хаана бүтээгдэж байгааг хардаг гэсэн үг.

Хүн төрөлхтөн цэнхэр дэлхийгээ хэрхэн урт удаан, эрүүл саруул байлгаж, дэлхийн иргэдийг аюулгүй, эв нэгдэлтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэх асуудалд санаа зовохын оронд иймэрхүү тагнуулын, цэрэг дайны үйл ажиллагаанд хамаг хөрөнгө, баялаг, эрдэмтдийн ур ухааныг зарцуулдаг нь харамсалтай.

Үнэхээр Нэгдсэн улс, Европын холбоо, ОХУ хүсвэл дэлхийд энх тайван, амар жимэр амьдрал бүрэлдэн тогтох боломж, нөхцөл хангалттай байгаа.

Эх сурвалж: BBC.com


URL:

Сэтгэгдэл бичих