Хүний эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

2014-04-09medee_bigХүний эрхийг хамгаалах нь ганцхан Хүний эрхийн үндэсний комиссын ажил биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Хүний эрхийн тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв. УИХ-аар 2001 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг Хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэхээр уг төслийг боловсруулаад байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг өмнөх дөрвөн жилд баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүний эрхийг хамгаалах тогтолцооны хамгийн гол цөм болсон шүүхтэй холбоотой хууль, тогтоомжийн шинэтгэлийг хийсэн. Одоо шинэчлэлийн Засгийн газар энэ ажлыг Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэтгэлийн хүрээндүргэлжлүүлж байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Том төрөөс ухаалаг төрд шилжих санаачилга дэвшүүлж, өмнө нь хэрэгжүүлж ирсэн хуулийн засаглалыг тогтоох чиглэлд хууль зүйн бодлогын шинэтгэлийг үргэлжлүүлэх ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд УИХ-д өргөн барихаар төлөвлөж, Хүний эрхийн тухай хуулийн төслийг  боловсруулж байгаа юм. Өмнө нь бид ихэнхдээ аль нэг байгууллагын тухай, байгууллагад зориулсан хууль гаргаж ирсэн. Тэгвэл тэрхүү төрийн байгууллага эцсийн дүндээ иргэний эрх, эрх чөлөөг хамгаалахад зориулагдсан байдаг.  Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг Хүний эрхийн тухай хууль болгон өөрчилж батлуулахаар зорьж байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2001 онд баталснаас хойш нэг ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Хууль хэрэгжих явцад хүний эрхийг хамгаалах чиглэлд тодорхой амжилт гаргасан. Гэхдээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагад тэр бүр нийцэхгүй, зарим тохиолдолд амлалт, тунхгийн шинжтэй, Хүний эрхийн үндэсний комисс ажлаа хийгээд хүний эрхийн зөрчлийг арилгая гэхэд мухардах гэх мэт бэрхшээлүүд гарч байна. Үүнийг засч залруулах, хүний эрхийг хамгаалах нь ганцхан Хүний эрхийн үндэсний комиссын ажил гээд орхих биш, үндэсний тогтолцоо бүрдүүлэх, энэ чиглэлд төрийн бусад байгууллага, албан тушаалтнууд чиг үүргийнхээ хүрээнд оролцдог механизм тогтоох чиглэлээр шинэ хуулийн төслийг боловсруулахдаа түлхүү анхаарсан. УИХ-д өргөн барьж байгаа Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулах тухай, шүүхтэй холбоотой өөрчлөгдөөд явж байгаа бусад хууль, Гэмт хэргийн тухай хууль зэрэгтэй эдгээр нь уялдах ёстой.

 

Монгол Улс 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэр дэвшээд байна

Нэг зүйлийг энд заавал дурдах шаардлагатай. Монгол Улс 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэр дэвшиж байгаа. Энэ зөвлөлд орохын тулд Монгол Улс хүний эрхтэй холбоотой хуулиа заавал өөрчлөн шинэчлэх шаардлагатай. Ингэхийг өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад зөвлөмж болгосон байдаг. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд орох нь 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш хүний эрх, ардчиллыг хамгаалах, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэх чиглэлд бодитой алхмууд хийж байгаа гэдгээ тод томруун харуулах, нотлох, энэ чиглэлд улс төрийн хүсэл зоригоо нотлох том ажил болох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэг чухал заалт бий. “Төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц нийгэм, эдийн засаг, бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна “гэсэн том үүргийг төр иргэдийнхээ өмнө хүлээсэн байдаг. Энэ баталгааг бүрдүүлэх чиглэлд төр  хангалттай ажиллаж чадахгүй байгаа учраас энэ хуулийн төслийг санаачилсан юм” гэлээ.

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа” гэсэн шинэ бүлгийг нэмж оруулжээ

Хуулийн төслийн талаар Хүний эрхийн үндэсний комисс гишүүн П.Оюунчимэг танилцууллаа. Шинэ хуулийн төсөлд Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, томилох, гишүүний бүрэн эрх, комиссын даргын эрх, үүрэг, комиссын хурал, иргэдийн гомдол гаргах эрх, гомдолд тавих шаардлага зэргийг илүү дэлгэрэнгүй, тодорхой болгон тусгаснаас гадна “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа” гэсэн шинэ бүлгийг нэмж оруулсан байна.

Энэ бүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд эрүү, шүүлтэд өртсөн талаарх иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТББ-тай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, олон нийтэд тогтмол мэдээлэх зэргийг тусгаж өгсөн байна. Мөн Монгол Улс дахь эрүү шүүлтийн төлөв байдлын талаар Комиссын илтгэлд жил бүр тусгах талаар оруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.