Монголд Филиппин “ЗАРЦ” 800 мянган төгрөгөөр цалинждаг

-Шашны шугамаар орж ирсэн тэд хамгийн найдвартай үйлчлэгч, асрагч болдог гэнэ-

Филиппин, Индонез бүсгүйчүүд Монголд ирж гэрийн үйлчлэгч хийдэг гэж сонсоод хоёр муу “навч”-индаа итгэсэнгүй. Лавлаад байтал үнэн гэнэ. Монголчууд гадаад улсад очиж хар бор ажлыг нь нугалдаг гэж сонссоноос бус гадаадаас хүн авчирч хөлсөөр ажиллуулдаг гэдгийг энд ажилладаг хятадуудаар л төсөөлж байснаа бодоод ичих ч шиг болов. Манай дээдсийн хүрээнийхэн Филиппин, Индонез мэтийн Азийн буурай орнуудын эмэгтэйчүүдийг хүүхэд асрагчаар ажиллуулж, тэдэнд чамгүй мөнгө төлдгийг олж мэдлээ. Мэдэх нэгэн нь юун сүртэй юм бэ гэх байх л даа. Гэхдээ мэдэхгүй нь тэднээс олон биз. Ийнхүү мэдээллийнхээ мөрөөр ази асрагчдын эрэлд гарлаа. Харь орноос ирсэн гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийг хаанаас олж болох талаар учир мэдэх нэгнээс сураглатал шашны сүмүүдийг зааж өгч байна. Бүр тодруулж зааж өгснөөр нь Баруун дөрвөн зам орчмын христийн сүмүүдээр явлаа. “Гранд плаза”-гийн эсрэг талын сүм руу орж, гадаад гэрийн үйлчлэгч ажилд авах маягийн “операци” зохиочихсон гэж байгаа. Энэ сүмд христэд итгэгч нэгэн филиппин эмэгтэй монгол айлд ажилладгийг олж мэдлээ. Тэр эмэгтэйтэй ч сүмд таарч азны юм болов. 30 орчим насны, урт юбка богино хүрэмтэй, хар арьст эмэгтэйд найдаж хүүхдээ үлдээгээд явна гэхээр нэг л биш ээ. Бараг л голонгуй, бас нэг л айдастайгаар түүнтэй уулзлаа. Бид хоёр хэл нэвтрэлцэх гэж нэлээд будилсан. Тэр англи, монгол хэлийг өөрийнхөө орны хэлтэй холиод өөрийгөө ойлгуулахыг хичээв. Би ч бага сага зүйл ойлгож байна. Тэрбээр мөргөл үйлдэхээр сүмдээ ирсэн нь энэ аж. Монголд ирээд гурван жил болж байгаа, энэ хугацаанд гурван ч айлын хүүхдийг асрагч, гэрийн манаач хийсэн гэнэ. Филиппин эмэгтэй хамгийн найдвартай асрагч, үйлчлэгч байдаг гэдгийг гэр бүл судлаач, хуульч болон сүмийнхэн ярих юм билээ. Түүний ярьснаар, одоогоор X хороололд нэгэн айлд хүүхэд асрагч хийж байгаа, сарын 700-800 мянган төгрөгийн цалин авдаг, хүүхдийг нь асрахаас гадна англи хэл заана, бас гэрийнх нь эд хогшлыг гадны халдлагаас хамгаалах гэх мэтээр найдвартай ар тал болдог ажээ. Түүнийг Ис гэж дууддаг гэсэн. Ис “Би монгол хүнийг хүндэлдэг, тэд ч намайг үнэлдэг, энд байгаадаа баяртай байна” хэмээж байна. Тэр нутгаасаа ирснээс хойш гурав дахь айлдаа ажиллаж байгаа бөгөөд энэ удаа намайг өөрийг нь ажилд авах нь гэж бодсон бололтой маш уриалгахан байснаа сонины сурвалжлагч гэдгийг маань мэдчихээд дуугаа хурааж, өмнөх ярьсан зүйлүүдээ үгүйсгэж, зургаа авахуулахгүй хэмээн дургүйлхэв. “Надад сонирхоод байх зүйл байхгүй” хэмээн намжирдах нь тэр. Тэр ямар айлд ажиллаж байгаагаа, аль мужаас ирснээ хэлэхийг ч хүсээгүй. Харин түүнийг маш сайн эмэгтэй, найдвартай асрагч гэдгийг нь сүмийнхэн нь хэлж байна лээ. Бид ийнхүү хэл амаа ололцож ядсаар байтал гаднаас сүмийн номлогч нь ороод ирж, мөргөл болох гэж байгаа тул гадны хүн байж болохгүй гэснээр бид сүмээс гарлаа.

Бид Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гэрийн үйлчлэгчээр ирсэн дээрх шиг бүсгүйчүүд хэзээ, хэрхэн ямар журмаар орж ирснийг тодруулахад, тэднийд ямар ч бүртгэл байхгүй гэсэн. Ийм эмэгтэйчүүд сүмийн шугамаар орж ирдэг бөгөөд тэдний 80 хувь нь филиппинчүүд юм билээ.

Харийн бүсгүйчүүд монгол айлд найдвартай “хоточ” болж байгааг буруутгах ч гэсэнгүй, зөвтгөх ч гэсэнгүй. Монгол эмэгтэйчүүд яагаад ингэж ажиллаж, өндөр цалин авч чадахгүй гэж. Чаддаггүй болоод л харийн хар арьст хүүхнүүдэд хүүхдүүдээ даатгаж байна. Гэрийн үйлчлэгч, хүүхдийн асрагчаар ажилд орсон монгол эмэгтэйчүүдийн олонхи нь найдваргүй, бусадтай нийлж хулгай хийдэг, эзгүйд нь хүүхдэд нойрсуулах эм өгөөд унтуулчихдаг зэргээр итгэл алддаг гэх. Харин тэдний оронд харийн хүүхнүүдийн паспортыг нь аваад, гэрээ хийчихсэн байхад хамгийн найдвартай асрагч, үйлчлэгч болдгийг ойлгож ядах юмгүй. Тэд хүний нутагт хаачих вэ, бас хангалттай цалин хөлс авч байгаа, ямар нэгэн айдас, дарамт шахалт гэж байхгүй. Ийм орчинд ямар ч хүн дуртай ажиллана биз дээ.

Монгол Улсын иргэд гадаадын улс орноос гэрийн үйлчлэгч захиалахын тулд Олон улсын гэрийн үйлчлэгчдийн холбоонд ханддаг аж. Ингэж авахад төлбөрт нь гурван сая орчим төгрөг төлдөг гэсэн. Филиппин эмэгтэйчүүдийн хувьд гадны улс орнууд тэднийг үйлчлэгчээр ажиллуулахдаа маш дуртай байдаг болохоор эрэлт ихтэй гэсэн үг. Энэ улсад гэрийн үйлчлэгчийг сургадаг тусгай коллеж хүртэл байдаг юм гэсэн. Филиппин улсад гэрийн үйлчлэгч зэрэг ажлуудад зуучилдаг товчоо ажилладаг бөгөөд тус байгууллагыг хариуцлага өндөртэй ажиллахыг төр засгаас нь шаарддаг аж. Харин харийг зорьж ажилд орсон эмэгтэйчүүд гурваас долоо хоногтоо дээрх товчоотойгоо ямар нэгэн байдлаар холбоо барьж, ямар байгаагаа дуулгадаг юм байна.

Манай зарим монгол охид гадаадад гэрийн үйлчлэгч хийх зараар харийг зорьдог ч ихэнхдээ боловсрол, хэлний мэдлэггүйгээсээ болж хүний наймааны золиос болох нь олонтаа. Азийн буурай орон ядуу иргэдээ ингэж хамгаалж, амь амьдралтай нь залгуулаад байж чадаж байхад өдрөөс өдөрт хэрэглээ өндөртэй улсын тоонд бичигдэх болсон Монгол Улс нэг иймэрхүү маягийн товчоо, байгууллагатай болчихмоор доо. Ядаж хил давсан хүүхнүүд маань сайн муу яваагаа дуулгаад байх шүүдээ.

“Монголын мэдээ” сонин Д.СҮХБААТАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих