УИХ-ын гишүүд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэв

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Д.Энхбат нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эдгээр гишүүд хоёр жил гаруйн өмнө Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу урт нэртэй хуулийг санаачлан хэлэлцүүлж УИХ-аар батлуулсан юм. Гэтэл хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Чулуунбат, Б.Чойжилсүрэн, Д.Кёкүшюүзан Батбаяр нар дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор уржигдар хэлэлцэх эсэхийг шийдэхээр оруулахад гишүүд талцаж, маргалдсан юм. Урт нэртэй хуулийг санаачилж батлуулсан гишүүд нэлээд бухимдаж байгаа бололтой. Тэд өчигдөр байр сууриа илэрхийлж, уул уурхайн лицензийг хэдэн зуугаар нь өвөрлөсөн сайд нараас бүрдсэн Засгийн газар улс орны эрх ашгаас эдийн засгийн бүлэглэлийнхний эрх ашгийг дээгүүрт тавьж, байгаль орчноо хамгаалахын эсрэг ажиллаж байна гэж шүүмжилж байлаа.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Бидний УИХ-аар батлуулсан хууль бол байгаль экологийнхоо тэнцвэрт байдлыг хадгалах, уул уурхайн замбараагүй олборлолтыг цэгцлэх гэсэн зорилготой. Урт нэртэй хууль батлагдаад хоёр жил болж байгаа ч, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэхийн төлөө ажилласангүй. Харин ч баталсан хуулийг хүчингүй болгох төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдээр санаачлуулан УИХ-д өргөн мэдүүллээ. Засгийн газраас гишүүдэд захиалга өгч хийлгүүлсэн хуулийн төсөл нь гол мөрөн, ой, усан сангийн эхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоныг хэвээр үлдээхээр оруулж ирсэн. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тавдугаар сарын 7-нд болоход хүч түрэн энэ хуулийг хэлэлцэхийг дэмжүүлсэн. Маш их лобби хийж байна. Тийм учраас Засгийн газартай хариуцлагын асуудал ярих хэрэгтэй болсон гэж үзэж байгаа. Тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол алга. Д.Зоригт дотор санаагаар хужаа аргаар ажиллаж байна. Монгол Улсын язгуур эрх ашиг, газар нутгийн төлөө цохилох зүрхгүй байгаа уул уурхайн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байгаа сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг ч дахин тавина. Огцортол нь асуудлыг тавина гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Оройтоогүй дээрээ, сүйрээгүй байхад нь байгаль экологио хамгаалахгүй юм бол амаа барихад хүрнэ. Хэчнээн тэрбум төгрөгтэй байлаа ч Туул голоо бохирдуулаад, ширгээгээд, хатаагаад орхисны дараа эргэж хэвэнд оруулж чадахгүй. Тиймээс одооноос л экологийн сүйрэлд хүрэхээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалахад онцгой анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Энхбат:

-Монгол Улсын Засгийн газар лиценз эзэмшдэг компаниудын байгууллага болж хувирлаа. Тийм учраас бид Засгийн газрыг ямар үндэслэлээр хуулийг хэрэгжүүлээгүй талаар тайлбар өгөхийг шаардах болно. Уул уурхайн компаниудын шаардсанаар таван их наяд төгрөгийн нөхөн төлбөрийн тухай яриад байгаа. Уг нь бол энэ тоо бодитой юу, үгүй юу гэдэг нь санхүүгийн аудитын дүгнэлтээр баталгаажсан байх ёстой. Дээрээс нь Мэргэжлийн хяналтын байгууллагууд тэдгээр таван их наяд төгрөгийн нөхөн төлбөр нэхээд байгаа компаниуд уул уурхайн нөхөн сэргээлт хийж үү гэдгийг баталгаажуулах ёстой. Энэ бүхэн гараагүй байхад Засгийн газар таван их наяд төгрөгийн нөхөн төлбөр яриад сууж болох уу. Засгийн газар эхэлж УИХ-ын гишүүдээр тоглосон, одоо ард түмнээр тоглоом хийж байна. Тийм учраас УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл оролцсон гишүүд нэгдэж, хүчээ нэгтгэн тэмцэхээр болж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Монгол Улсын Засгийн газар уул уурхайн компаниудад таван их наяд төгрөгийн нөхөн төлбөр өгөх шаардлагатай байгаа тухай ярьж байгаа. Гэтэл тэр уул уурхайн компаниуд Монгол Улсын газар нутагт онгойсон нүх л үлдээсэн. Хэчнээн нь нөхөн сэргээлт хийсэн юм. Тэрэндээ тулбал Монголын ард түмэн уул уурхайн компаниудаас байгаль сүйтгэсэн гэсэн үндэслэлээр таван их наяд төгрөгөөс илүү их нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Эдгээр гишүүд Урт нэртэй хуулийг цуцлуулахгүйн төлөө тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэж мэдэгдсэн юм. МАН, АН, ИЗНН-ын эдгээр гишүүд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг эгнээндээ элсүүлээд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзах ажээ.

Д.ДОРЖПАГМА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.