”Монгол шилтгээн”-д болсон дэлбэрэлтэд хэн буруутай вэ

4c0359359d63b39dgreatБаянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн” ХХК-ийн байранд дэлбэрэлт болсноос гурван ажилтан хүнд гэмтэж, хоёр нь ГССҮТ-д харин нөгөө нь Цэргийн госпитальд хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 9-нд “Монгол шилтгээн” амралтын газарт ажиллаж байсан гурван хүн дэлбэрэлтэд өртөж, 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарсан байна. Мөн 59 настай ажилтан Б-ийн зүүн гар хугарч, 35 настай залуугийн толгойд хүнд гэмтэл учирсан байна. Харин юуны улмаас ажилчид хүнд гэмтэж, өрөөсөн хөлнөөсөө салах болов. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болсон уу, эсвэл ахуйн осол байсан уу гэдгийг тодруулахаар манай сурвалжлах хэсэг замдаа гарлаа.

“Монгол шилтгээн”-д болсон дэлбэрэлтийн талаар нууцалж байна

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэсэн тул бид тийш хөдөллөө. Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Алтангэрэлээс болсон үйл явдлын талаар товч мэдээлэл авсан юм.

Б.Алтангэрэл: 15.30 цагт дуудлага ирсэн

-Энэ сарын 9-ний 15.30 цагт дуудлага ирсэн. Улмаар ахлах дэслэгч Х.Сугар, хяналтын прокурор Э.Бадрал нараар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, хэргийн газар дээр ажилласан. “Монгол шилтгээн” амралтын газрын нам даралтын зуух дэлбэрснээс гурван иргэн хүнд гэмтэж, нэг нь Цэргийн госпитальд, нөгөө хоёр нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Ажлын хэсэгт дүүргийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий төлөөлөгчид багтаж, ажиллаж байгаа. Урьдчилсан дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол гэгдэж байгаа ч ослын шалтгаан гарах болоогүй байна. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

Тэрбээр бидэнд дээрх товч мэдээллийг өгөөд яаралтай ажилтай хэмээн гарч одов. Харин бид эндээс шууд “Монгол шилтгээн” амралтын газрыг зорилоо. Биднийг очиход тус амралтын газарт амьд амьтан байгаа шинжгүй нам, гүм байв. Хаалгаа том, төмөр цоожоор давхарлан түгжсэнээс харвал битүүмжлэн, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Дааман хаалганы зэргэлдээ төмөр хаалга байсан бөгөөд бид хэсэг нүдсэний эцэст нэгэн залуу гарч ирэв. Тэрбээр тус амралтын газарт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөрийгөө н.Ганзориг хэмээн танилцуулсан юм. Харин өнгөрсөн лхагва гарагт болсон хэргийн талаар огт мэдэхгүй хэмээн мэлзэв. Учир нь харуулууд ээлжинд гардаг бөгөөд тэрбээр өнөө өглөө /өчигдөр/ ирсэн гэнэ. Лхагва гарагт харуулд гарсан ажилтнууд өнөө өглөө /өчиг­дөр/ буусан ажээ.

Тэрбээр осол болсон газрыг битүүмжилсэн гэдгээс өөр мэдээлэл бидэнд өгсөнгүй. Хөрш зэргэлдээ оршин суугчид нь ослын талаар мэдчихсэн байхад дотор нь ажилладаг хүн мэдээгүй байна гэдэг юу л бол. Бид болсон үйл явдлын талаар шалгаасан боловч тэрбээр нэг ч үг амнаасаа унагасангүй. Болсон үйл явдлыг хараагүй, мэдээгүй гэдэг үгээр л бидний амыг таглаж орхилоо. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь н.Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэй байдаг тухай мэдэж авсан юм.

Ойр хавийн оршин суугчид энэ сарын 9-нд их дуу чимээ гарч, томоохон дэлбэрэлт болсон хийгээд онцгой байдал, 103-ын эмч нар, цагдаагийн албан хаагчид ирснийг ч нотолж байлаа. Эндээс бид Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийг зорилоо. Хордлогын төвийн хоёрдугаар давхарт байх мэс заслын тасагт өвчтөн эмчлүүлж байгааг өлгүүрийн ажилтан эмэгтэй бидэнд хэлэв. Харин бид заасан газарт нь очиж, мэдээлэл авахыг хүссэн боловч эмчлэгч эмч нь ямар нэгэн зүйл ярихаас эрс татгалзсан юм. Учир нь өвчтөний ар гэрийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулахыг хүсэхгүй байгаа гэв.

Тус тасгийн эмч “Бид цэргийн албан хаагчид. Тиймээс бидэнд дарга, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэлд ам нээх эрх байхгүй. Хэдийгээр бид тангараг өргөсөн эмч нар боловч цэргийн байгууллагын дүрэм, журмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа, амь насны заалтаар мэс засалд хийлгэсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс хэвлэлд ярилцлага өгч, олны анхаарлын төвд өртөхийг хүсэхгүй байгаа” гэв. Ямартай ч “Дэлбэрэлтийн улмаас өвдөгнөөсөө доош хөл нь тасарсан 54 настай эрэгтэйн бие тун тааруу байна. Харин нөгөө хоёр өвчтөний бие харьцангуй сайжирч байна.

Манай эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийн төлөө чадах бүхнээ хийсэн, хийж байгаа” тухай мэдээллийг ГССҮТ-өөс бидэнд ирүүлсэн юм. ГССҮТ-д эмчлүүлж байгаа хоёр өвчтөний хувьд биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэлээ. Харин Цэргийн госпитальд эмчлүүлж байгаа өвчтөний хувьд хөл нь тасарсан тул биеийн байдал хүнд байгаа аж. Тэгвэл ослын шалтгааны талаар НОБГ-аас тодруулахад “Энэ сарын 9-ний өдрийн 13:12 цагт тус компанийн бохирын худаг хөлдсөнийг гэсгээхээр зөөврийн хийн даралтад тогоо ажиллуулж байх үед тогоо нь дэлбэрсэн” гэх мэдээллийг өглөө.

“Монгол шилтгээн”-д товчхондоо иймэрхүү зүйл болоод өнгөрч. Дуудлагын дагуу хөлдсөн бохирын худгийг гэсгээхээр ажиллаж байсан гурван ажилтан гэмтсэн байна. Харин хийн даралтат зуухыг ажиллуулах үедээ хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн байж болзошгүй тухай хүмүүс ярьж байгаа юм.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас Дорнодод нэр дэвшиж, өвдөг шороодсон Санжмятавын Отгонбаатарын мэдэлд “Монгол шилтгээн” ХХК байдаг юм билээ. Түүнийг монголчууд “Хаан брой” гэдэг тодотголоор нь эчнээ танина. Өнгөрсөн онд түүний нэр Дорнодын Засаг даргын суудалд яригдаж, хэвлэлээр “Би Дорнодод Үүл баатар шиг ажиллана” хэмээн ярьж байсныг уншигчид санаж буй биз ээ.

Төрөлх нутгаа хөгжүүлэх гэсэн түүний мөрөөдөл талаар болж, Дорнод аймгийн Засаг даргаар С.Ганбат томилогдож, Ерөнхий сайд батламжилсан юм. Тэрбээр ХБНГУ-д суралцаж төгссөн бөгөөд монголчуудад анх шар айраг амсуулсан нэгэн гэгддэг. Өөрөө ч архин далайд живсэн 1990-ээд онд монголчуудын хэрэглээг өөрчилсөн гавъяатай хэмээн өөрийгөө магтдаг.

Харамсалтай нь түүний мэдэлд байдаг амралтын газар үргэлж хэл ам таталдаг. Аялал, жуулчлалын салбарыг хамгийн ихээр өөлж, гоочилдог түүний “Монгол шилтгээн”-д биднийг очиход нэр нь гоёдсон санагдсаныг нуух юун. Навсайж, хуучирсан хэдэн гэр, үүдээр нь хог, шороо хөглөрч харагдсан юм. Амьд хөгжмийн наадам зэрэг томоохон арга хэмжээ зохиогддог ч зугаа цэнгэлийн үүр уурхай болсон газар гэгддэг. Уг нь Улаанбаатартаа үзэж, харах зүйл нэгээр нэмэх гэж “Монгол шилтгээн”-ийг анх худалдаж авсан тухайгаа ярилцлагадаа дурьдсан байдаг юм билээ.

Тэгвэл эдүгээ түүний мэдэлд байдаг тус амралтын газрын өнгө үзэмж, аюулгүй байдал гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгах нь бүү хэл гутаах төрхтэй харагдаж байсан юм. Муу дээрээ муухай гэгчээр тус газарт дэлбэрэлт болж, хүний аминд хүрэх шахлаа. Удахгүй “Монгол шилтгээн”-д болсон ослын шалтгаан тодорхой болж, буруутан нь хариуцлагаа хүлээх биз ээ.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих