Нийслэлээс өгсөн 35 сая төгрөгөөр ванныхаа өнгөлгөөг хийсэн Төв бассейн дахин нурахад бэлэн байна

2034e0c342dbd0bbbigНийслэлийн өмчид хамаарагддаг Төв бассейний барилга хуучирч бараг л нурах дээрээ тулаад байсан. Тодруулбал, өнгөрсөн 11 сард дээвэр нь нурж, тулгуур төмрүүд нь зэвэрсэнээс үүдэлтэй гэмтлүүд гарсанаар уг бассейн хаалгаа барихад хүрсэн. Тэгвэл энэ сарын 7-ноос төв бассейний засварыг хийж дууссан учир ажил үйлчилгээг нь хэвийн явуулж эхэлсэн сурагтай.

Гэвч засварыг хийсэн гэж байгаа ч дээвэр, гадна шугам гээд чухал ажлууд нь санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар хийгдээгүй байна.

Тиймээс тус бассейнээр үйлчлүүлдэг иргэд бага зэргийн айдастай байна гэхэд болох юм.

Уг нь Нийслэлээс 35 сая төгрөг өгч завсар үйлчилгээг хийлгэсэн ч Төв бассейнийхан зөвхөн ванныхаа дотор талын плитаг будаж, өнгө оруулж, дүшнийхээ шугамыг сольсон байгаа юм. Мөн нурж унаад мэргэжлийн хяналтаас банга хүртсэн гэх дээврийнхээ багахан хэсгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, яг төв талынхаа дээврийг янзалсан байгаа юм.

Улмаар өдгөө үлдсэн завсаруудыг хийлгэхээр хоёр компанитай ярилцсан ч тэдгээр компаниуд нь 74, 76 сая төгрөг нэхээд халгаахгүй байгаа юм байна. Тиймээс дахин Нийслэлд хүсэлт гаргаж төсвийн тодотголоор энэ асуудлыг шийдэж өгөхийг  хүлээгээд сууж байгаа аж.

Ийн барилгын асуудалтай Төв бассейн дахин хэзээ нурж унах нь тодорхойгүй байгаа юм. Мөн байсхийгээд л дарга солигддог уг газар яг хэчнээн төгрөгний орлого олоод, түүгээрээ юу хийгээд байдаг нь тодорхойгүй байсаар 29 жилийг үдлээ.

Дашрамд хэлэхэд, тус бассейний өмнөх дарга Г.Арслан өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандах дээрээ тулаад байгаа. Мөн тэрбээр “Төв бассейнийг бараг л дампуурах гэж байхад нь орлогыг нь хэд дахин нэмэгдүүлж, өр зээлийг нь дарагдуулсан” гэв.

Харин ажлаа шинээр хүлээж авсан захирал Ч.Эрдэнэчулуун “Төв бассейн Г.Арслангийн үед харин ч уналтанд орж, өчнөөн өр зээлэнд орсон. Би их өртэй байхад нь хүлээж авсан” гэх юм.

Юутай ч шинэ, хуучин дарга нарын хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг мэдэх нэг нь мэдэж байгаа байх. Гэвч энэ хоёрыг нэгэнрүүгээ буруугаа чихээд явж байхад нь Төв бассейн дахин нурлаа гэж сонсогдох вий. Эцэст нь гэж хэлэхэд, дарга нарын бизнесийн газар болсон төв бассейний хувь заяа их л бүрхэг болоод байгааг Нийслэл болоод холбогдох байгууллагууд хяналтандаа авч цаашид хэрхэхийг нь даруй шийдэх хэрэгтэй биз ээ.

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих