Зэвсгийн агуулахад хэт ойртсон Хятадуудын энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ?

4-15-8ОХУ-ын улс төр судлаач саяхан онлайн ертөнцөд монголчуудын зэр зэвсгийн тоог дэлгэж багагүй сенсааци болов. Тэгвэл хятадууд манай улсын онц байдалд хэрэглэх зэвсгийн агуулахыг эргэж тойруулан карьер ухсаар байна. Зурган дээр Монгол Улсын онцгой обьект болох Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангийн Зэвсгийн агуулахаас  арван алхмын зайд  тулган элсний карьер ухсан нь харагдаж байна.   Эх сурвалжийн мэдээлснээр энэ карьер бол Монгол, Хятадын хамтарсан  “Гантиг-Уул”, “Богда холдинг”  компанийн мэдлийнх. Тэд 2008 оноос эхлэн эндээс элс, хайрга гаргаж эхэлжээ. Энэ газарт ийм үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэж цэргийн ангийнхан удаа дараа уулзан, албан бичиг хүргүүлсээр байхад үйл ажиллагаагаа зогсоогоогүй байна. Түүнчлэн жил ирэх тусам агуулах руу нүх нь тэлсээр одоо ганц машин явах зай буюу хэдхэн алхам үлдээд байгаа нь энэ. Тэндхийн нэгэн оршин суугч “Ойр хавийн айлуудын мал карьер ухсанаас болж идэх өвсгүй болсон.

Эд нар өдөр нь ажлаа зогсоогоод орой гэгээ тасрангуут дуу чимээ гаргаж, тоос бужигнуулаад эхэлдэг” гэв. Мөн агуулахын зүүн талд бас нэг карьер эхлүүлжээ. Машинтай хүмүүс ирээд элс ухуулж аваад явцгаадаг байна. Зэвсгийн агуулахын ар талд хашаалан буусан айлууд ч харагдана. Ингээд баруун, зүүн, урд талынхаа газрыг ухуулчихаад онц байдал үүслээ гэхэд зэвсгээ яаж гаргах юм бол. Мөн ямар нэг муу зүйл тохиолдож зэвсгийн агуулах тэсэрч дэлбэрлээ гэхэд хажууд нь байгаа айлын хүмүүс, карьер дээр ажиллаж байгаа ажилчдын амь насанд аюултай баймаар. Карьерын эзэд хятад компаниуд өмнө нь ухсан газартаа нөхөн сэргээлт хийлгүй гадагш нь тэлсээр хэдэн га талбайг хамруулан газрын хэвлийг сэндийчжээ.

Карьерын том тэрэгнүүдийн хажууд байсан жижигхэн байшингаас  харуул гэж өөрийгөө танилцуулсан ахимаг насны эмэгтэй гарч ирэв. Хэвлэлээс явж байгаагаа хэлэхэд нөгөөх эмэгтэй “Манай компанийн үйл ажиллагаа та нарт хамаагүй. Бид хууль ёсны тусгай зөвшөөрлийн дагуу ажлаа хийж байна”  гэж бухимдсаар өөдөөс ирж байсан хар машины өмнөөс алхчихлаа. Бид ч дагаад очив. Тус хоёр компанийн өндөр албан тушаалтнууд бололтой. хүмүүс нь илт байна. Хар жийпнээс бууж ирсэн гурван эрэгтэйгээс яагаад улсын онцгой обьектод тулгаж карьер ухсаныг нь асуухад. “Энэ одоо зэвсгийн агуулах уу. Энд чинь зэвсэг байхгүй. Зүгээр нэг хоосон балгасанд тулгаж карьер ухахаар яадаг юм. Үнэхээр л тусгай хамгаалалттай газар байсан бол энд ингээд ухуулаад байж байх уу” хэмээн инээлдлээ. Гэтэл нөгөө эмэгтэй хажуунаас орж “Манай том тэрэгнүүд ажиллахгүй байгааг харж байгаа биз дээ. Агуулах манай карьер хоёрын дундах замыг улсаас тавьж өгсөн. Карьераа ухаж дуусаад нөхөн сэргээлт хийх байлгүй. Угаасаа хаа сайгүй карьер ухаж байгаа биз дээ” гэсэн юм.

“Гантиг-Уул”, “Богда холдинг”  компаниудын тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар Ашигт малтмалын газраас тодруулахад “Зэвсэгт хүчний 120 дугаар анги нь тусгай хамгаалалттай учраас манайд байршил мэдээллийг нь өгдөггүй. Өмнө нь тусгай хамгаалалттай газар карьер ухсан байна хэмээн эдгээр компаниудын зөвшөөрлийг цуцлах талаар яригдсан ч  Батлан хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр ирээгүй. Тиймээс тусгай хамгаалалттай газар ямар компани карьер ухаж байгааг мэдэх боломжгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

С.САРУУЛ

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих