М.Мөнхбаясгалан та залилангийн хэргийнхээ талаар мэдэгдэл хийх болоогүй юу?


“Нийслэлийн хурд” нилээд зохион байгуулалттай  луйвар болсныг  эх сурвалжууд дурджээ.

1.       “Нийслэлийн хурд-2014” уралдаанаас учир битүүлэг байдлаар 30 гаруй  хурдөн хүлгийг эрлийз, өндөрөөрөө тэнцэхгүй гэх мэтээр хассан. Хасахдаа хачирхалтай нь хашаан дотор уяач эздээс нь холуурхан, нүднээс далдуур нэг тийм зохион байгуулалт хийсэн юм байх.

2.      Шахааны наймаагаар бөөн шантаач хийсэн сурагтай. Уг ёсондоо үүргээ гүйцэтгээд унаач хүүхдээ хамгаалж л байвал барав биз уралдаанд заавал шинэ хэрэгсэл өмсөх шаардлагагүй баймаарсан. Гэтэл зохион байгуулах комиссынхонд таалагдаагүй гэж ирээд хэдхэн алхмын цаадах худалдааны цэгийг зааж “заавал ав, авахгүй бол уралдаанд оруулахгүй” гэх зэргээр сүрдүүлсэн гэнэ шүү.

3.      Уралдаанд оролцогчдоос 60 000 төгрөгийг мандат, 15 000 төгрөгийг даатгалын  зориулалтаар хураасан. Өөрөөр хэлбэл нэг оролцогчоос нийт  75 000 төгрөгийн татаас авсан хэрнээ төлбөрийн  баримт огт өгөөгүй.  Баримтын оронд уралдаанд орох  дугаар бүхий энгэрт зүүх хулдаасан хэвлэлийг  өгсөн байгаа юм.  Харин  уралдааны зохион байгуулах комисс  үзэмжээрээ  30 гаруй морийг хасахдаа  унаач хүүхдийн мөнгөний баримт болох дугаартай  хулдаасыг  нүдэн дээр нь ураад хогийн саванд хийчихэж байгаа юм.  Энэ нь асуудал үүсээд  тухайн унаач хүүхдийн унаж байгаа морь уралдахаар болчихбол  ямар ч хамаагүй аргаар болиулах  санаатай, зохион байгуулалттай  явуургүй  үйлдэл  гэдгийг уяачид хэлж байна. Нөгөө талаас оролцогчийн  гол баримтыг  ингэж устгахаар  эргээд  гомдол нэхээд, асуудал үүсгэх боломжгүй болгож байгаа юм.

4.       Морины өндрийг хэмжихдээ анхнаасаа шударга бус ажилласан.  Хурдан морины өндөрийг хэмжихдээ  тэгш гадаргуутай газар хэмждэг.  Харин энэ удаагийн  уралдаанд  морины өндрийг  тэгш бус, налуу газар  хэмжсэн бөгөөд  гадаад үзэмжийг чухалчилсан байгаа юм.  Яг энэ хэмжилтээс болж  эрлийз бус  жинхэнэ Монгол адуу уралдаанаас  ёс бусаар хасагдсан.   Энэ нь  уяач,   адуучин,  унаач хүүхдийн хичнээн сарын хүч хөдөлмөр, гол нь хичээл, сэтгэл зүтгэлийг  үнэлэлгүй  хүний сайхан сэтгэл рүү ус цацсан хэрэг юм.

5.      Морийг нь хассанд 30 гаруй уяач  эгдүүцэн “ямар үрээг хасаж, ямарыг нь оруулж байгаа юм,  зохион байгуулах комисстой  уулзаж ярилцъя” гэхэд цагдаагаар баривчлуулна гэж сүрдүүлжээ. Хасаж байгаа юм бол  хураамжний мөнгөө авъяа гэхэд  зохион байгуулах комиссынхон нь алга болчихсон байна.  Улмаар  морины комисстой уулзахаар 30 гаруй уяач 2 км алхан  очиход гэрт хоол идээд  яах нь мэдэгдэхгүй суучихсан байна. Ингээд цаг гаруй уяачдыг  хүлээлгэсний эцэст, амнаасаа алт унагах гэж байгаа мэт дуугүй байсны эцэст шүдээ чигчлэнгээ  “Комисс хуралдаж байж  асуудлыг шийдэх  байх”  гэдгийг амандаа бувтанаж, албан бусаар   хэлсэн байгаа юм.

6.      Хамгийн ноцтой алдаа бол тэгш бус газарт хэмжилт хийж, болноо гээд уралдуулсан морьдын зарим нь эрлийз үрээ байсан бөгөөд асуудал үүсгээд ирэнгүүт айргийн тавд орсон таван эрлийз морины гурвыг нь уралдаанаас хассан байна. Үнэхээр  ингэж хасах л байсан юм бол 30 гаруй  уяачийн  сойсон үрээг  яах гэж  тэмцээнээс хассан юм бэ?  Тэмцээнээс хасагдсан тэдгээр  үрээн дунд эрлийз морь ганц нэг харагдаж байсныг эс тооцвол бүгдээрээ л асуудалгүй  хурдан үрээ байсан.

Энэ бүхнээс үзэхэд НМСУХ-ны  тэргүүн М.Мөнхбаясгалан хурдан үрээг ямар ч хамаагүй аргаар  хасаж, мөнгөтэй төгрөгтэй эрхэмд үйлчилдэг юм байна гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.  Уяачид сэтгэл, зүтгэл,  мөнгө, цагаа үрэн  байж  морь уяж байхад  хэн нэгэн нь бусдад үйлчлэхийн  төлөө  ийнхүү аашилж байгаа  энэ цаг үед НМСУХ-ны  тэргүүн М.Мөнхбаясгалан та яагаад чимээгүй  байна вэ?

Уул шугамдаа тэмцээнд оролцохдоо хэд дугаартай, хэний ямар үрээг, яагаад тэмцээнээс хассанаа олон нийтэд  мэдэгдэж, тэдгээрийн хураамжийг эргүүлэн өгч,  уралдаанд оролцогчдоос уучлалт гуйх ёстой юм.  Хэмжиж хэмжиж уралдуулсан  гурван ч  морь эрлийз байгаад  тэмцээнээс хасагдчихаад байхад  яагаад шударга бус байсныхаа төлөө  олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр  уучлалт гуйхгүй байна вэ?  Хэрвээ  НМСУХ-ны тэргүүн М.Мөнхсайхан  албан ёсны мэдэгдэл хийхгүй  бол энэхүү шударга бус үйлдэл нь  зохион байгуулалттай залилангийн  хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.

Тиймээс  М.Мөнхбаясгалан,  уралдааныг зохион байгуулсан комисс  албан ёсны тайлбараа хийж, цаашид  ийм  будлиан гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстойг уяачид анхааруулан, шаардаж байна.

Т.Энгүүн

 эх сурвалж: Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих