Цаазаар авахуулах хүний зургийг ч олон нийтэд дэлгэдэггүй сэн

тэмүүжинХууль зүйн сайд Х.Тэмүүжингээс муу хүн өчигдөр цахим ертөнцөд байсангүй. Түүний талаар хамгийн олиггүй мэдээллүүд таиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим хуудсуудаар зохион байгуулалттайгаар одоо ч тэнэж байна. “Хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон охинтой (тэр охиныг овог нэр, зурагтай нь нийтэлж байгаа) холбоотой, мөрийтэй тоглож байгаад баригдан мэдээлэл цагдаа нарт байна” гэх зэрэг мэдээллийг фэйсбүүк хуудсаар завсар зайгүй цацжээ. Ийм хов жив, цуурхлын шинжтэй эх сурвалжгүй, баримтгүй материалыг нэр хүндтэй, өдөр тутмын ямарч сонин нийтэлдэггүй.

Гэвч нийт массыг хамарсан найз нөхөддөө өөрийнхөө зургийг харуулах, сонирхлоороо нэгдэх сошиол сүлжээ хэнд ч, хэнийг ч, ямраар ч харуулах талбар болсоор удлаа. Улс төр гэдэг угаасаа бохир тоглоом. Харин Тэмүүжинтэй холбогдсон мэдээллүүдээс харахад хүний үнэргүй, ёс зүйгүй, жудаггүй зүйл нэвт үнэртээд байна. Нэг улстөрчийг сайдын суудлаас буулгах сонирхол хэсэг бүлэг хүмүүст бий. Тэр байтугай “Давхар дээлээ тайл” гэж жагсаал цуглаан зохиогоод байсан намынхан Засгийн газрын аль нэг сайдыг хэрэгт холбогдуулж сугалаад гарсан ан цаваар нь дараагийн цохилтоо хийх сонирхолтойг үгүйсгэх аргагүй.

Харин зорилгодоо хүрэхийн тулд нэгэн монгол охиноороо туг тахисан нь, түүнийг нь өлгеж аваад нийтээрээ хэлэлцэх хэмжээнд очтолоо сэтгэхүйн хувьд ялзарч байгаа м> таалагдахгүй байна. Х.Тзмүүжин бол Хууль зүйн сайд. Тиймээс тэр олон түмний нүдэн дээр ил байж, ёс зүйтэй байх амьдралыг өөрөө сонгосон. Түүммй гаргасан алдааг ард түмэн нийтээрээ шүүмжилж, шаардлагатай бол суудлаас нь буулгах ёстой.

Харин иргэн Тэмүүжин байвал түүний амьдралыг түмэнд дэлгэж, бүгдээрээ нийлж бүдүүлгээр доромжлох эрх хэнд ч байхгүй. Ийм тохиолдолд шүүхэд хандаад нэр төреө сэргээлгэх үндэстэй юм. Гэвч хэнийг шүүхэд дуудах вэ. Нэр усгүй цахим ертөнцийг үү.

Одоо тойруулахаа байя. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү удаа дараа залгасан гэх тэр охины тухай юм. Уг нь бол хоёр хүний харилцааны ийм байдал энгийн л зүйл шүү дээ. Гэтэл түүнийг овог нэр, зурагтай нь зарласныг нийтээрээ хамгийн муу үгээр зэвсэглэн чиглэж, элдвээр хочлон бахаа хангаж байна. Хүний хувь тавилан гэдэг 70-80 жилээр яригдах аварга зүйл шүү дээ. Гэтэл алдаан дээр нь дөрөөлж нийгэм даяараа зүхэж бяц гишгэж байгаа нь араатнууд дунд шидсэн янзагыг санагдуулна. Одоо 20 нас ч хүрээгүй болов уу гэмээр түүнийг цаашид нийгэм хэрхэн хүлээж авах вэ. Энэ бол нийтээрээ хэлэлцээд цаазын ял төлөвлөснөөс өөрцгүй явдал юм. Тэр эх болно, хэзээ нэгтээ айлын эзэгтэй болох л юм. Харин энэ хар тамга түүнийг манайх шиг улсад насан туршид нь дагана. Савсаг хархүүтэй таарвал шалтаг болж гарынх нь шүүсийг амсахгүй гэх газаргүй. Алддаггүй хүн нурдаггүй эрэг гэж байдаггүй. Бидний хэнд маань ч, хэзээ ч юу тохиолдохыг хэлэхэд бэрх.

Улстөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүний хувь тавиланг юман чинээ үзэхгүй байгаа нь, муу мэдээнд баярлаж түүнд үнэлэлт өгөх олон түмэн байгаа нь өнөөдрийн эмзэглэх сэдэв мөн. Төрийн түшээдийн эрхэмлэх чанаруудын дунд шударга, ёс төртэй энэ тэрээс гадна ард түмнээ энэрэн хайрлах талаар олон зүйл судар бичгүүдэд бий. Ард түмэн гэдэг бол нэгдэн нийлсэн иргэд юм. Тиймээс иргэн бүрээ хайрлах ёстой болж таарна. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуу нэгэнтээ “Бид угаас цөөхөн хүнээ л хайрлаасай”, “Амнаас гарч байгаа хийгээ анхаар” зэрэг үг хэлж үлдээсэн нь төр түшиж яваа хүмүүсийн зүрхэн тарни байгууштай. Бид нийтээрээ тохиролцсон мэт Х.Тэмүүжинтэй холбогдсон тэр охины гэх орондоо цаазаллаа, эсвэл цөллөө. Ямар ч байсан түүнд сайн нэр нүүр гэж байхгүй боллоо.

Хууль зүй, хэвлэл хөгжсөн барууны улсуудад цаазаар авхуулах ялтай хүмүүсийн зургийг ч олонд зарлаж нийтэлдэггүй. Шүүхийн танхимаас гараар зурсан зургаар зарладаг биш гэж үү. Энэ нь хаацайлж хамгаалж байгаа хэрэг биш хуулиндаа тэгж заасан байдгаас тэр. Ард иргэд нь өндөр ёс зүйтэйн илэрхийлэл юм. Манайд ч үгүй ядахдаа нэрийг нь товчилж сэжигтэн Б, Ц, Р гэх мэтээр бичиж ярьдаг байсан явдал хаачив. “Хар тамхи хилээр оруулахыг завдсан иргэн Н-ийг саатууллаа” гэсэн мэдээ гардагсан. Ер нь бичигч олон нийтэд өөрийн мэдээллийг цацахдаа ч үүнийг гаргах нь зөв үү, буруу юу гэж бодож үзэх ёстой. Энэ юун түрүүнд хүн чанарт илүү хамаатай асуудал юм.Өнөөгийн цахим ертөнцийг толгойгүй хар шуургатай зүйрлэж болмоор. Шуургыг хааш нь чиглүүлэхийг хэдэн зорилго бүхий хүмүүс удирдаад байдаг мэт санагддаг.

Хэдхэн хоногийн өмнө ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас муу хүн энэ хорвоод алга байлаа. Түүний хүү ч хар тамхины хэрэгт сэжиглэгдсэн. Зохих ялаа ч авсан. Адилхан 12 хүн хамарсан хэргээс ганцхан түүний хүүг сугалаад хэдэн сар ч мэдээлэв дээ. Харин саяхан “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн түүний ярилцлага цахим сайтуудаар гарлаа. Гэтэл ярилцлагын доор хэдхэн өдрийн өмнө үзэн ядаж байсан ертөнц нь “Тэвчээрэй, та чадна”, “Хал үзэж яваа эр хүн юм”, “Сайн хүн байна аа. Бид хэтэрхий туйлширч байжээ” гэсэн сэтгэгдлүүд бичсэн байна. Тэр нийтийн дунд сайн хүн болжээ. Амьдрал гэдэг эрээнтэй бараантай ч бид сайн, үгүй бол муу хүн л байдаг мэт аашлах юм. Гэтэл яг муу эсвэл сайн хүн гэж энэ хорвоод бий гэж үү. Ойрхоны өер хэдэн жишээг л дурдая. Саяхан БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр телевизээр ярилцлага өгснийг нь хасаж танаад “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна” гээд мушгиад
мэдээлчихсэн.

Дараа нь тухайн телевизийн ярилцлагыг бүрэн эхээр интернэтэд хичнээн байршуулаад хэн ч тоогоогүй. Бүгдээрээ бараг шулам гээд цээжлээд авчихлаа. Гэтэл салбарынх нь хүмүүс түүний үр дүнтэй олон ажлыг нь шагшин магтдаг юм билээ. За тэгээд Филиппинд хүүхдээ алдаад ирсэн монгол эх, ажлын байран дээрээ хүчиндүүлээд тэмцэж яваа гээд хичнээн эмэгтэйчүүд маань өөрийнхөө ирээдүй, нэр төрөөрөө дэнчин тавьж ил гарав даа. Эцсийн бүлэгт тэд хар мэдээлэл л хүлээн авах нигууртай ертөнцөд “явдалтай эмэгтэй хохь нь” гэдгээр л мөнхөрлөө. Одоо хүүхдээ алдсан хэн ч, хүчиндүүлсэн хэн ч, хэн. нэгэнтэй нэр холбогдсон хэн ч энэ” улсад амьдрах аргагүй болох нь дээ.

Монголчууд бид бие биенээ хайрлахгүй бол хэн биднийг хайрлах болж байна. Бидний дунд уужуу ухаантай аливаад өөрийн бодлоор үнэлэлт дүгнэлт өгдөг хэсэг бий. Гэвч хар масс давамгайлаад байна. Ялангуяа цахим сүлжээгээр ихэвчлэн үзэл санаа нь тогтоогүй өсвөр насны хүүхдүүд ордог. Тэд оруулсан мэдээллийн гарчигнаас хамаарч лайк дарж, шейр хийн үзэн ядаж байгаа. Энэ байдал нь хүмүүжлийн доголдолтой болгож байгааг ч үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр энэ байдлыг ашиглаж зорилтот, золиостой мэдээлэл цацаж, хэн нэгнийг рекетлээд байдаг явдлыг хэрхэх вэ. Яг л хараал жатгад тохируулсан хууль журам байдаггүй шиг үүнийг цэгцлэх арга алга. Цэвэр зан суртахуунтай холбоотой болж байна.

Төгсгөлд нь хэлэхэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний талаархи мэдээллээс үүдэж ҮХАА-н сайд Х.Баттулгыг ч нэгэн эмэгтэйтэй хамт авхуулсан зургийг нь учиртай гэж хардаад твиттерээр нэр бүхий хүн цацсан байна лээ. Манайхан л болсон хойно алдар нэртэй хүнтэй хамт зургаа авхуулчих санаатай байдаг. Яг л ийм шалтгаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Барак Обамад нүүрээ таглуулсан шүү дээ. Энэ бол бид бүгдэд байдаг нэгэн чанар. Нэгийгээ нүднээс нь далд магтдаггүй. Зөвхөн муулж байх сонирхолтой. Сонины эхний нүүрт аллага, авлигын ямар нэгэн мэдээлэл тавигдаагүй бол тоож хардаггүй, цахим хуудсаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд үнэлэлт өгдөг байдал үүсэхэд юу голлон нөлөөлөөд байна вэ. Харин өчигдөр Тэмүүжингийн нялх амраг гэх мэдээлэл хамгийг нь эзэлсэн байна. Өнөөдөр бид нийлээд хэнийгээ золигт гаргах бол.

 

 

Ж.БАЯРСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих