ОРОСУУД БЭЭЖИНД НАЙДАЖ БАЙНА

ЛавровОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Бээжин хотноо ирж тус улсын дарга Си Жин Пин болон Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Украины асуудлаар баримталж байгаа Москвагийн байр суурийг Бээжингээр бүрэн дүүрэн дэмжүүлэхэд түүний айлчлалын зорилго оршиж байгааг хэвлэлүүд мэдээллээ.

Сергей Лавровын хувьд энэ удаагийн айлчлалаа Бээжинд тулгамдаж байгаа олон” асуудалтай газар дээр нь танилцахаас эхэлсэн гэнэ. Түүний ахалсан төлөөлөгчдийн цуваа хэдэн км үргэлжилсэн замын түгжрэлд орсны улмаас товлосон хугацаанаас хагас цаг хожигдон хотын төвд иржээ. Гэсэн ч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа найрсаг, дотно хүлээн авсанд нь талархал илэрхийлэхээ мартаагүй байна. Мөн дараахан нь Си Жин Пинтэй уулзаж хамгийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөсөн Ерөнхийлөгч В.Путиний мэндчилгээг дамжуулжээ.

Талууд харилцаа, хамтын ажиллагаанаас гадна дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал, тэр дундаа Украины хямралын талаар ярилцсан байна. “Даян дэлхийд хэлэлцэж ярилцах асуудал багагүй байна. Ийм үед бид нэгдсэн ойлголцолд хүрэх нь чухал учир энэ уулзалт цагаа олсон. Ер нь БНХАУ бодитой, тэнцвэртэй байр суурь баримталж байгаа” хэмээн С.Лавров мэдэгдсэн юм.

Украины хямралын талаар БНХАУ өнөөг хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нь ОХУ болон барууны орнуудтай үл ойлголцолд хүрэхээс болгоомжилсонтой холбоотой гэж болно. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр ч Крымийн санал асуулгын талаархи санал хураалтад оролцохоос түдгэлзсэн юм. Гэсэн ч Крымийг бүрэлдэхүүндээ оруулсны   дараа   Ерөнхийлөгч   В.Путин үг хэлэхдээ БНХАУ-ын удирдалга, ард түмний дэмжлэгт талархал илэрхийлж байлаа.

Айлчлалын талаар хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөс харж бичиж байна. Тухайлбал, Оросын “Ъ” сонин “БНХАУ газар нутгийн бүрэн бүтэн байдлаас бусад зүйлд ОХУ-ыг үнэхээр дэмжиж байгаа. Бээжин АНУ-тай харилцах харилцаандаа ч сэв суулгасангүй. Харин ч бүх шүүмжлэл Орос рүү чиглэж байна” гэж Зүүн Ази судлалын төвийн захирал Александр Лукин хэлснийг дамжуулжээ. Украины хямрал тойрсон асуудлаар ОХУ болон барууны орнуудын “дипломат дайн” Москва, Бээжинг асар их мөнгө эргэлдсэн байгалийн хийн наймаа хийх гэрээ байгуулахад хүргэж магадгүйг шинжээчид онцолж байна. Хэрвээ оросууд хориг арга хэмжээний улмаас Хятадаас өөр оронд хийгээ зарж чадахгүйд хүрвэл хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх байх гэсэн таамаг ч байна. Гэхдээ үүнийг С.Лавровын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгч үгүйсгэн эдийн засаг, улс төр хоёрыг хольж хутгах хэрэггүйг “аминчлан” сануулжээ.

Хоёр улс арван жилийн өмнө байгалийн хийн салбарт хамтарч ажиллах тухай тохиролцсон ч гэрээ байгуулалгүй өнөөг хүрсэн. Гэхдээ энэ оны сүүл гэхэд Хятадад 38 тэрбум шоо хий нийлүүлэх гэрээ байгуулж магадгүйг “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер хэлснийг дурдах нь зүйтэй.

Сайд С Лавров Бээжинд 10 цаг саатсаны дараа Вьетнамыг зорьсон байна. Тэрбээр мөн Женев хотноо болох ОХУ, Европын Холбоо, АНУ-ын хамтарсан хуралдаанд оролцон Украины асуудлыг хэлэлцэх юм.

Н.ТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих