Н.Алтанхуяг: Сайныг муу болгож харагдуулах гэсэн олон оролдлого байна

4e4711fb872704e3original“Ерөнхий сайд-30″ минут уулзалт өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа талаар мэдээллээд дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-АТГ-аас таны охин болон зөвлөхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон Өмнөговь аймгийн Засаг дарга С.Бадраа нарт хариуцлага тооцох шаардлагыг Хэрэг эрхлэх газарт өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар бол шүүхийн шийдвэр гарч шийтгэл хүлээснийх нь дараа хүнийг гэм буруутай гэж үздэг. Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа яриа бол суртал нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. Ер нь хоёр жил шахуу ажиллахад Монгол ардын нам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна.

-”Давхар дээл”-ний асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Ардчилсан нам Засгийн газраа авч үлдэж чадах болов уу гэсэн хардлага байна?

-Ардчилсан намыг сайн, муу гэдгийг би хэлэхгүй. Ард түмний итгэлийг даагаад Ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг социологийн судалгаа хэлж байгаа. Сайныг муу болгож харагдуулах гэсэн олон оролдлого байна. 10 жил, 20 жил яриад хийж чадаагүй ажлыг Ардчилсан нам хийж эхэлсэн явдал олон түмнээс эерэг үнэлэлт авч байна. Саяын УИХ-ын санал хураалт бол Засгийн газрыг огцруулна гэсэн зүйл биш. Энэ бол цаашаа хэлэлцээд л явна. Хүсэж, яарч байгаа зарим хүмүүсийн хувьд Засаг огцрох үр дүн гарч байгаа юм шиг ойлгож байж магадгүй. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Цаашаа хэлэлцээд явахаар Үндсэн хуулийн асуудлыг хөндөх төвөгтэй асуудал. Энэ бол эцсийн дүн биш.

-”Шинэ сум”-ын төсөл энэ жил хэрхэн үргэлжлэх вэ?

-Энэ жил 16 сумыг шинэ сумын төв болгоно. Ирэх жилийн төсөв дээр тавина. Мөн эдгээр сумдаас гадна 50 гаруй сумын төвийн сантехникийн газар доорхи байгууламжийг нь шийдэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар ямар зорилго тавьж байгаа вэ гэхээр 2016 он гэхэд аймгийн төвүүд хот шиг хот ихэнхи сумын төвүүд тав тухтай орчин нөхцөл бүрдсэн байна.
-Өмнөговь аймагт баригдаж байсан төмөр замыг Засаг дарга нь зогсоосон гэх мэдээлэл байна?
-Надад тийм мэдээлэл ирээгүй.

-Эдийн засгийн байдал хүндэрсэн хариуцлагыг Засгийн газар өөрөө үүрэх ёстой гэдэг байр суурийг ҮХААЯ-ны сайд Х.Баттулга мэдэгдсэн. Та санал нэгдэх үү?

-Хүн, хүний харах өнцөг өөр. Та нар өөрсдөө дүгнэлтээ хий. Би өөрийн гэсэн дүгнэлттэй.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулахгүй л бол үнэ хөөрчих гээд байдаг муу үр дагавар гарах вий?

-Уржигдар сайд нараа цуглуулаад Монголбанкныхантай уулзсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ноднин жилийх шиг үргэлжлүүлэхгүй. Гэхдээ бензин шатахуун дээр үргэлжлүүлнэ. Махан дээр үргэлжлүүлнэ. Бусад зүйл дээр тэр хэмжээнд үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Хоёрт заримыг нь үргэлжлүүлэхдээ заавал Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгдөг биш тодорхой хувийг нь хувийн компаниудруу шилжүүлээд хэрэгжих ёстой.

-Монгол Улсад гадаадын арилжааны банкыг оруулж ирэх тухай яригдаж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Миний байр суурь гэхээсээ илүү Монголбанк, УИХ байр сууриа илэрхийлэх байх. Хэрэв оруулах юм бол юун дээр оруулахын, бусад банкуудын өрсөлдөх чадвар ямар байх вэ, эерэг үр дүн юу байна, сөрөг үр дүн гарвал юу байхыг бүх талаас нь дүн шинжилгээ хийж байж шийдвэр гаргана.

-Үйлдвэржилтийг дэмжих 888 төсөл ямар шатандаа явж байгаа вэ. Санхүүжилт нь хэзээ орох 
вэ?

-Мөнгийг нь арилцааны банкууд руу шилжүүлчихсэн байгаа. Манай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс өөрсдийн харилцдаг банкаараа авах боломжтой.

-Х.Тэмүжин сайдыг огцруулах асуудал дээр та байр сууриа илархийлбэл?

-Шинэчлэл хийсэн хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо Монголд бий болж байна. Ер нь Монгол Улс эрхзүйт төртэй улс байх юм уу, эсвэл хэдэн хүмүүсийн гарт орсон улс байх юм уу гэдэг тэмцэлдээн болж байна.

tv5.mn


URL:

Сэтгэгдэл бичих