Х.Баттулга сайд ашиг сонирхолын зөрчилтэй

JENKO6_zps32858edeӨчигдөр  байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ээлжит хуралдаан болж хаврын тариалалтын  бэлтгэл ажлын талаар  мэдээлэл сонссон байна.

Мэдээллийг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулсан.  Түүний танилцуулж байгаагаар  энэ онд үр тариа 315,3 мянган га-д, үүнээс улаан буудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24,1 мянган га-д, нийтдээ 373,5 мянган га-д тариалалт хийх ажээ. Үүнээс  үр тариа 439,6 мянган тонн, үүнээс улаанбуудай 426,4 мянга, төмс 198,1 мянга, хүнсний ногоо 106,8 мянган тонн, малын тэжээл 25,9 мянган тонн, тосны ургамал 19,2 мянган тонныг тус тус хүлээн авч, 329,5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Энэ жилийн  хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарсан бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 26,8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ 1,2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр тус тус нөөцөлжээ. Бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах, буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импортоор авахаар УИХ-ын тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6,8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13,2 мянган тонн буудайн үр импортоор нийлүүлэх зөвшөөрөл олгоод байгаа аж. Улсын хэмжээнд 21 аймгийн 329 сум, нийслэлийн есөн дүүрэгт 15,5 мянган га-д төмс тариалах бөгөөд нийт 38,7 мянган тонн буюу хүрэлцэхүйц үрийн төмсний нөөц бүрдүүлээд байгаа ажээ.

 

Мөн ОХУ-ын Алтайн хязгаар болон Буриадаас нийт 6,8 мянган тонн, “Милл хаус” ХХК хоёр тонн, бусад аж ахуйн нэгж 3,8 мянган тонн, нийтдээ 10,6 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж, өнөөдрийн байдлаар 2,4 мянган тонн үр орж ирсэн, 3,9 мянган тонн нь тээвэрлэлтийн замдаа яваа гэж Х.Баттулга сайд мэдээллээ.

Үнэн хэрэгтээ Х.Баттулга сайд “Милл хаус” ХХК-д хувь эзэмшдэг  гэдгийг учир мэдэх нэгэн нь ярьдаг юм билээ. Тэгэхээр  Х.Баттулга  улсынхаа нөөцийг  мэдлэггүйнхээ  ачаар  ганцхан жилд үрэн таран хийчихээд,  өөрийнхөө  ”Милл хаус” ХХК-ийг дэмжих бодлого баримталж байгаа нь ашиг сонирхолын зөрчил шиг л харагдаад байгаа юм.

Нөгөө талаас  Х.Баттулга сайдад хариуцлаг тооцох ёстой.  Үүнийг түүхээ сөхөж байгаад  танилцуулъя.  Манай улс 1990 он гэхэд улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлох хэмжээнд хүрсэн амжилттай байсан. Социализмын үед буюу 1985-1988 онд дээд тал нь 640 гаруй мянган тонн улаанбуудай хураан авч байжээ.  Энэхүү хүрсэн төвшин нэгэн үе бүрэн унасан ч “Атрын III аян”-ыг зарласны дүнд  2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Мөн 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг одоогийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцийг дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдааны нэг  тод жишээ болж байгаа юм. Алдаа гаргасан гэдэг нь хэд хэдэн зүйлээс тодорхой харагдаж байгаа.  Тухайлбал Х.Баттулга сайд, яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан тоо нь зөрүүтэй байдаг. Харин энэ тоог  тариаланчид нягталж үзэхэд  бүр ч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам  олны тархийг угаасан тоо баримт гаргасан болох нь тогтоогдсон байдаг. Тиймдээ өнөөдрийг хүртэл улсын  нөөцөд  байсан 204 мянган тонн улаан буудайг хэрхэн зарцуулсан тайланг ХХААЯ-наас шаардсан ч гаргаж өгөхгүй байгаа. Энэ бол хариуцлага тооцоход хангалттай шалтгаан.

Нөгөө талаас  Н.Алтанхуяг сайд экспортоо дэмжиж, импортыг багасгах зорилт дэвшүүлнэ гэсээр байхад ҮХАА-н сайд нь  ийнхүү  Ерөнхий сайдынхаа хэлсэнг үл тоомсорлож байх гэж дээ.

Монгол Улс жилд улсын нөөцөд 198 мянган тонн хүртэл буудайг авдаг байв. Энэ онд 28 мянган тонн л нөөц бүрдүүлжээ. Ийм нөөцтэй байгаа үед ирэх онд гурилын үнийг тогтвортой барих бололцоо хомс. Тиймээс 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор авахаас аргагүй хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байна. Улсын хэмжээнд энэ жил 369.8 мянган тонн улаан буудай хураан авчээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад улаан буудайн ургац 95.3 мянган тонноор буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бид хурааж авсан буудайгаараа дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, одоо хурааж авсан буудайгаар 206.4 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой гэсэн. Харин манай улсын жилийн гурилын хэрэгцээ нь 187.7 мянган тонн аж.

Тэгвэл  Х.Баттулга сайд  буудайн  нөөц бүрдүүлэх ажилдаа  40 сая ам.долларыг зарцуулж байгаа бөгөөд энэ нь та бидний татварт төлсөн мөнгө.

Энэ бүхнээс дүгнэхэд Х.Баттулга сайд ажлын хариуцлага алдаж, өөрийнхөө  бизнесийг дэмжиж, төсвийн мөнгийг өөрийнхөө алдааг засах гэж  гадаггшаа мөнгө урсгаж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа юм.  Түүний энэ алдаанд, ашиг сонирхолын зөрчилд  анхаарал хандуулах ёстой.

А.Баярмаа

 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих