Иргэд машины зогсоолын хүрэлцээ хангалтгүй байна гэв

55Улаанбаатар хот дахь автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд тавигдсан автомашиныг журамлах шийдвэр гаргасан билээ. Автомашиныг ачиж журамлах үйлчилгээг хувийн зургаан комлани, улсын нэг комлани гүйцэтгэж байгаа аж. Харин автомашин ачих үйлчилгээг хийж байгаа компаниуд ар араасаа асуудал нэлээд дагуулж байна.

Тухайлбал, Уржигдар нэгдүгээр эгнээнээс автомашин ачиж явж байгаад унагасан. Иргэд нэгдүгээр эгнээнд тавьж ачуулсан машинаа авахад их хэмжээний мөнгө төлж байгаа талаар хэлж байв. Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр очиход техникийн түргэн тусламжийн ачигч машинууд ажилдаа гарчихсан байсан юм. Энэхүү төв нь 12 машинаар үйлчилгээнд гардаг юм байна. Үйлчилгээнд гарахдаа дүүргүүдййн Замын цагдаагийн газраас өглөе бүр чиглэл авч, тухайн өдрийнхөө байршлыг сонгодог аж. Тус төвөөс гараад Нийслэлийн Ерөнхий боловсролын V сургуулийн урд ирэхэд, автозамын нэгдүгээр эгнээнд хоёр машин зогссон байв.

Харин энэ үеэр энд ачигч машин ч зэрэгцэн ирсэн юм. Тус төвийн мэргэжилтэн 64-97 УНУ дугаартай автомашины хаалганд лац хийж ачихаар бэлтгэл хийж байтал жолооч нь ирсэн юм. Жолооч ахын хэлж байгаагаар Энэ хэсэгт зогсоол байдаггүй.

Хүүхдээ сургуульд нь хүргэж егөх, авах үед заавал нэгдүгээр эгнээнд тавих шаардлага гардаг. Тэрээр сая хүүхдийнхээ багшид юм хүргэж өгөөд арван минут хүрэхгүй хугацаа болоод л гарч ирсэн. Энэ хооронд ачигч машин ирээд, ачих гэж байна. Утасны дугаар байхад залгачихгүй, зарлах ч үгүй аваад явчихдаг. Тэгээд л 70 мянган төгрөг өгөх хэрэгтэй болдог” гэв. Энэ мэт нэгдүгээр эгнээнд зогсох нэлээдгүй хэдэн машин ачсан ч эзэд нь хөдлөхөөс нь өмнө ирж буулган авч байлаа. Өнөөдрийн байдлаар энэхүү ачигч машин журмын хашаанд нэг машин ч хийлгүй, гагцхүү ачиж буулгаад л үд хүргэсэн юм. Замын нэгдүгээр эгнээнд зогсох Б.Баатархүү гэдэг жолоочоос энэ журмын талаар тодруулахад “Аливаа зүйл сайн ба муу талтай байдаг. Энэ арга нэг талаасаа замын түгжэрлийг бууруулж байгаа нь үнэхээр мэдэгдэж байгаа. Тэгэхдээ нийслэлд зогсоолын хүрэлцээ муу байгаа шүү дээ” гэсэн юм. Харин хажууд нь зогсч байсан Баянгол дүүргийн жолооч н.Баяраа “Ачих ёстой газартаа очиж ачилт хийхгүй байж, түр зогсохоос өөр гарцгүй газарт ачилт хийдэг. Энэ арга үр дүнгээ өгч чадахгүй, савыг нь бэлтгээгүй байж, саалийг нь бэлтгэнэ гэгчээр зүйл болох байх” гэлээ.

Ингээд энэ талын үйлчилгээг хувиараа эрхэлдэг “Ачит-Сэлэнгэ” ХК-ийг зорилоо. Тус компани Баянзүрх дүүргийн XXVII хороо Дарь-Эхийн хуучин эцэст байрладаг юм байна. Байгууллагын гадаа очиход ачигч машинууд үйлчилгээнд гараагүй, эгнээд зогссон байсан юм. “Ачит-Сэлэнгэ” компанийн Ерөнхий захирал Ж.Даваанямтай уулзлаа Тэрээр “Засаг даргын захирамжаар энэ ажил хийгдэж эхлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Замын цагдаагийн газартай гэрээтэй учраас тухайн ажлыг хийхээр болсон. Тэгэхдээ одоогоор байнгын үйлчилгээнд гарахгүй байгаа. Учир нь хоёрдугаар сарын 28-ны өдрөөр Замын цагдаатай хийсэн гэрээний хугацаа дууссан. Машин ачиж тээвэрлэдэг хувийн компаниуд хүлээлгийн байдалтай байгаа. Бид өдрийн цагаар үйлчилгээнд гарахгүй зөвхөн ослын дуудлага л хийж байна” гэлээ.

Замын хөдөлгөөний удирдах төвийн Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан А.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Машинаа ачуулсан иргэд танай байгууллага руу ханддаг. Ер нь танай байгууллага ганцаараа хариуцдаг юм уу. Иргэд янз бүрээр шүүмжлэх нь их байна?
-Энэхүү ажил нь Засаг даргын захирамжаар хийгдэж байгаа. Замын хөдөлгөөнии удирдлагын төвөөс гадна, хувийн зургаан компани ажиллаж байна. 70004455 дугаарын утсанд ирсэн иргэдийн гомдолын 87 хувь нь хувийн хэвшлийн үйл ажиллагаатай холбоотой, 13 хувь нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай холбоотой байсан. ЗХУ-ын төв нь 12 ачигч машинтай. Манай байгууллагын ачигч машин нь тусгай тоноглогдсон, чанга яригч, дотуур станцтай. Нөгөө команиуд маань манай мэдээллийн санд цаг тухай бүрт нь мэдээдллэ өгдөггүйн улмаас удирдлагын төвийн өдөр тутмын ажилд чирэгдэл учруулж, мөн иргэдийг бухимдуулах нь цөөнгүй. Гомдол гардаг гол шалтгаан нь машинаа ачуулсан иргэд манайд хандаж, хаана байгааг нь асуудаг. Харин тухайн ачилтыг манайхаас бусад байгууллага хийсэн тохиолдолд мэдээлэл нь манайд байдаггүй.

-Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр ачихгүйгээр тухайн машины дугуйг түгждэг болгох талаар яригдаж байсан?
-Энэ асуудлыг ярьж байгаа. Автомашин ачиж журамладаг компаниудыг нийслэл өөрөө мэдэлдээ авах нь зөв. Мөн ачсан автомашиныг заавал хотын зах руу аваачиж, жолооч нарт хүндрэл учруулахгүйгээр тухайн байршлаас холгүй зайд дугуйг нь түгжиж тавих асуудлаар хуралдсан гэсэн. Тэгэхдээ хөдөлгөөнд их хэмжээгээр саад учруулж байгаа автомашиныг ачина. Харин харьцангуй хөдөлгөөн багатай газар байрлуулсан байвал дугуйг нь түгждэг болох талаар яригдаж байгаа. Ингэснээр тухайн жолооч торгуулиа төлөөд л автомашинаа авна. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-аар оруулахаар болсон.

-Зарим хүмүүс зогсоолын асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж хувийн өмчид халдах нь буруу гэдэг?
-Зогсоолын асуудлыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа. Иргэд үйлчлүүлж байгаа газрынхаа харалдаа машинаа нэгдүгээр эгнээнд тавиад орхичихдог. Уг нь бол 200,300 метрийн цаана зогсоол байдаг боловч тэнд машинаа байрлуулчихдаг. Бас төлбөртэй зогсоол, байрны дундах зогсоол зэргийг ашиглаж болно шүү дээ. Ер нь нэгдүгээр эгнээнд машин байрлуулснаас үүдэж, замын хөдөлгөөнд саад учруулан түгжрэл үүсгэдэг. Хөдөлгөөнд оролцдог бүх жолооч нарт хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрэм зөрчин нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж, тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын цаг завыг их үрдэг. Тиймээс хүн бүр дүрэм журмаа мөрдөх хэрэгтэй гэж уриалмаар байна

-Автомашин ачихдаа ямар журам баримталдаг вэ?
-Эхлээд 5-10 минут зарлан дуудах ёстой гэсэн заалт байсан ч, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гомдол ирсэн. Тиймээс одоо зарлан дуудахгүй болсон. Ачиж байх үед тухайн жолооч гарч ирвэл машиныг нь өгнө.

-Машинаа ачуулсны дараа хаанаас очиж авах, хураамж янз бүр байгаа нь ямар учиртай вэ?
-Хураамжийн тухайд тухайн автомашины моторын багтаамжнаас хамаарна. 900-2500 мотортой бол 70 мянга, 2501-3000 мотортой бол 75мянга, 3901-ээс дээш бол 80 мянган төгрөг байгаа.

М.ЯНЖИНЛХАМ


URL:

Сэтгэгдэл бичих