НЭРТ ЗОХИОЛЧИД ХЭЛМЭГДЭЖ ЯВСАН ТУХАЙ

3Монгол туургатанд төдийгүй дэлхий дахинаа алдаршсан манай эрдэмтэн зохиолч Б.Ренчин, Ц,Дамдинсүрэн Д.Намдаг нарыг хүмуүс зохиол бүтзэлээр нь андахгүй сайн мэднэ. Харин 1930, 1940-оод оны үеийн хэлмэгдэлд хэрхэн юуны учир өртөж, бие сэтгэлийн ямар их дарамт тарчилганд орж явсаныг тэр бүр мэдэхгүй. Учир иймд энэ талаар түүх болон үлдсэн зарим баримтаас товчхон танилцуулъя.

Нэг. БЯМБЫН РЕНЧИН

Товч лавлах: Улсын хэвлэлийн хороонд нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь анх 1937 оны 9-р сарын 10-нд Дотоод явдлын Яам улс төрийн хэрэгт дайчлан баривчилжээ. Баривчилсан өдрөөс эхлэн түүнд японы тагнуулын байгууллагын гишүүн гэдгээ хүлээн мэдүүл! Хэмээсэн улс төрийн хүнд ял тулгаж элдвээр зовоон тарчилгаж байгаад хилс хэрэг хүлээлгэн 1939 оны 3-р сарын 4-ний өдөр ДЯЯ-ны дэргэдэх онц бүрэн эрхт комиссын хурлаар хуулийн дээд хэмжээ буудан алах ял оноосон боловч тогтоол гүйцэтгэхийг тодорхой бус шалтгаанаар түр түдгэлзүүлсэн байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа “улс төрийн хэрэг” гэгчээ дахин сэргээж, мөрдөн байцаалтыг 1940 онд эхлээд 1941 оны 12-р сарын 31-нд 10 жилээр хорих ял шийтгэж тэнсэн харгалзахаар сулласан ажээ.

Баримтын хуулбар: “Б.Ренчин бол урьд үйлдэж байсан гэмт хэргээ жигшин гэмшсэн байдлаас ба эл хүний эрдмийг авч үзвэл Монголын ард түмэн өөрийн соёл боловсролыг хөгжүүлэх явдалд хэрэглэж болох хийгээд тэрчлэн БНМАУ-ын ерөнхий сайд улсын шалгарсан баатар маршал Х.Чойбалсан, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нарын ам заавар ёсоор Б.Ренчинд ногдуулсан хатуу хяналтаар хорих ялыг тэнсэн харгалзах болгож, Улаанбаатар хотод суулгаж, ДЯЯ-ны хяналтанд байлгахаар тогтоов” гэжээ. Энэхүү тогтоолыг ДЯЯ-ны Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын дарга Б.Дүйнхоржав, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагеруудыг удирдах газрын дарга Жамъяандоной нар үйлдэж, ДЯЯ-ны сайд Шагдаржав, Улсын прокурор Банзрагч нар баталсан байна.
Б.Ренчин агсаны гар бичиг:”… Эрүүл шүүлт, зодуур нүдүүр, нойр, хоолгүй, өдөр шөнөгүй байцаалт эрүүл биеийг нэгэнт үхлийн ирмэгт аваачсан тул түргэн буудуулж, үхэж амрахсан гэж бодон хилс хэргийг хүлээсэн… Санаа оноонд ороогүй хилс муухай хэрэгт эрсдэн зодуулж тамлуулснаа санахад дотор аягүй болж, яруу тодорхой бичиж чадахгүй, сэтгэлд түмэн зүйл давхцаж маш бэрх байна. Үнэнийг эрхэмлэн олох комисс, хойшид ийм хилс хэрэгт ард амьтнаа унагахгүй болгохын ерөөл тавихаас өөр юу хэлэх вэ дээ би. 1956.05.16 Б.Ренчин” гэж дуусгасан 23 хуудас өргөдлийг НТХ-ны комисст бичиж байжээ.Б.Ренчинг 1963 оны 4-р сарын 5-нд Улсын дээд шүүхийн бүгд хурлын 05-р тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ.
Хоёр. ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН

Товч   лавлах: Ц.Дамдинсүрэн агсаныг Шинжлэх ухааны хүрээлэнгийн утга зохиолын тасгийн эрхлэгч байхад нь 1938 оны 11-р сарын 3-нд ДЯЯ-ны ажилтан Бадрах үйлдэж, хэлтсийн дарга Чимэддорж зөвшөөрч, ДЯЯ-ны орлогч сайд, улсыг аюулаас сахиж хамгаалах нэгдүгээр комиссар Насантогтох баталсан “Дайчлан баривчлах тогтоол”-оор ДЯЯ-ны албан хаагч Цэнд, Очир нар мөн сарын 4-нд баривчлан аваачжээ.

Баримтын хуулбар: “Ялын төлөвлөгөө. Эл хэрэгт яллагдах гэж буй Ц.Дамдинсүрэн нь Монгол ард улсын дотор байгуулагдсан хувьсгалын эсэргүү японы
тагнуулын байгууллагад 1936 оны хавар цагт мөн энэ хэргийн удирдагч эсэргүү буриад Цэвээнжамсрановт элсэгдэн орж, МАХН, засгийг устгаж, холбоот улсаас хэлхээ холбоог холдуулан салгаж, орон дээр нь харгис түрэмгий хуучны феодалын ёст хаант засаг төрийг япон улсын тусламж дэмжлэгээр байгуулахыг оролдон өөрийн эсэргүү байгууллагыг өөрсдийн бие биесээр өргөтгөж, тус Монгол улсыг эрдэм соёлын талаар үлэмж ихээр хорлон сүйтгэх явдлыг идэвхитэйгээр явуулж байсан тул ял төлөвлөх нь: Цэндийн Дамдинсүрэн. Нас 30, ам бүл 3, Монгол, орос хэл сайн мэднэ, СССР улсад утга зохиолын сургуульд сурсан, бичиг орчуулгын ажилд мэргэжилтэй, урьд малын ажилтай байсан. Ленинград хотноо Цэвээнжамсрановт элсэгдэн орж, даалгавартайгаар өөрийн эсэргүү ажлыг идэвхтэй хийж байсан. Иймд энэхүү хэргийн мөрдөн байцаалт нь бүрэн дүүрэн болсон бөгөөд хэрэгтэн этгээдийн үйлдсэн хэрэг нь баримтаар илэрсэн тул эрүүгийн мөрдөн байцаалтын хэргийг тус яамны дэргэдэх онцгой бүрэн эрхт комиссар хянан шийтгүүлэхээр төлөвлөв. Төлөөлөгч Дэмбэрэлсүрэн, нууц улс төрийн хэлтсийн дарга Чимэддорж” гэжээ. Ц.Дамдинсүрэнг 1939 оны 12-р сарын 29-нд ялаас чөлөөлөх тогтоол гарч 1940 оны 1-р сарын 27-нд сулласан ажээ.
Гурав. ДОНРОВЫН НАМДАГ
Товч лавлах: Д.Намдаг 1926 онд 15 настайдаа Герман улсад дунд сургуульд явж 4 жил суралцаад 1930 онд нутагтаа дуудагдаж иржээ. Латин үсгийн багшаар ажиллаж байгаад 1931 онд төв театрт жүжигчин болсон. Анх 1932 оны 5-р сард дотоодыг хамгаалах газар баривчилж 6 сар хорьж мөрдөөд холбогдолгүй гэж суллажээ. Төв театрт жүжигчин, зохиолч найруулагчаар ажиллаж байхад нь 1941 оны 10-р сарын 9-нд ДЯЯ дахин баривчилсан байна. 2 жил гаруй мөрдөн байцаагаад 1943 оны 6-р сард герман тагнуулыг хэрэгт 7 жилийн ял оноож, ял эдэлж дууссанаас хойш 3 жил сонгуулийн эрхийг хасах, хөрөнгийг хураахаар шийтгэжээ.
Баримтаас үзвэл: “Хэрэгтэн Д.Намдаг нь герман, орос хэл мэднэ. Япон, германыг магтаж ярьдаг, оросуудыг бүдүүлэг гэдэг… Дотоодыг хамгаалахынханд зургийн аппарат хэрэгтэй байгаа юм байлгүй, миний зургийн аппаратыг хурааж авлаа. Хөрөнгөтөн оронд бол хураадаггүй, зураг авах явдал чөлөөтэй байдаг… манайд эрх чөлөө хаагдмал учир, нам төрийн эсрэг элдэв. эсэргүүцэл гарч байна. Чингисийн үед ардчилал сайтай байсан учраас түүний эсрэг бодлого, эсэргүүцэл огт байгаагүй… гэх зэргээр ярьж, эсэргүү үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсан нь баримтаар илэрсэн…” гэх мэтийн тун өчүүхэн, үл ялих зүйлээр ээрэн ороож, мушгин гүтгэж, хилсдүүлсэн бололтой. Д.Намдагийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Цагаатгалын комиссын 1958 оны 10-р сарын 27-ны өдрийн 44-р тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй болохыг нотолж цагаатгасан байна.
bolod.mn

URL:

Сэтгэгдэл бичих