Монголын эмч, сувилагч нар Энэтхэгт мэргэжил дээшлүүлж байна

Vij.Bat.Enh.Энэтхэгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслаар тэргүүлэгч Фортис эмнэлэг Монгол Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна. Нэгдүгээр төв эмнэлэгийн мэс заслын эмч Б.Бат-Ирээдүй, их эмч Б.Энхжаргал нар хоёр сувилагчийн хамт Фортис эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр нэг сарын хугацаагаар ирээд байна. Тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын бүхий л үйл явцыг судлан Энэтхэг улсын элэг шилжүүлэх мэс заслын тэргүүлэх эмч Вивек Вижтэй хамтарсан хагалгаа хийх юм. Фортис эмнэлэгт нийт 30 гаруй монгол хүн эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн өвчтөн эмчлүүлж байна.

Вивек Виж эмч Энэтхэгийн болон гадаадын нийт 600 гаруй өвчтөнд энэ төрлийн хагалгааг амжилттай хийгээд байна. Тэрээр АНУ-ын Алабамагийн Их сургуулийн тусгай дамжааг төгссөн Энэтхэгийн анхны эмч, элэг шилжүүлэн суулгах мэс заслын анхдагчдын нэг бөгөөд элэг, бөөрийг нэгэн зэрэг шилжүүлэн суулгах хагалгааг тус улсад анх удаа хийсэн мэс засалч юм. Тэрээр хагалгааны амжилтаараа дэлхийд тэргүүлдэг эмч нарын тоонд багтдаг бөгөөд элэгний донорын хагалгаа нь 100% амжилттай байна.

Виж эмчтэй уулзаж ярилцахад: -Би 2012 оноос эхлэн Монголын өвчтөнүүдэд элэгний хагалгаа хийж эхэлсэн бөгөөд энэ тал дээр Энэтхэгийн бусад эмнэлэгтэй харьцуулахад хамгийн сайн үзүүлэлттэй байгаа. Миний хувьд гурван сар тутам Монголд очиж хагалгаа хийсэн өвчтөнүүдээ үзэж хяналт тавихын зэрэгцээ шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж хагалгааны урьдчилсан бэлтгэлийг сайн хангахад анхаардаг бөгөөд энэ нь мэс заслаа амжилттай хийх үндэс болдог. Бидний ажлыг Энэтхэг улсад суугаа ЭСЯ, Элчин сайд С.Баяраа маш их дэмждэгт бид ямагт талархаж байдаг гэв.

Нэгдүгээр эмнэлэгийн эмч Б.Бат-Ирээдүй ярихдаа: – Манай баг Фортис эмэнэлгт дадлага хийснээр Монгол Улсад эх суурь нь тавигдаад байгаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг цаашид эх орондоо дэлхийн стандартын хэмжээнд чанартай гүйцэтгэдэг болоход чухал хувь нэмэр болно гэж бодож байгаа. Монголчууд Энэтхэг улсад элэгний хагалгаанд явах нь олширсон энэ үед манай хоёр эмнэлэг хамтарч ажиллаж байгаа нь их ач холбогдолтой юм. Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж өгсөн Монголын элчин сайд, ЭСЯ-ны хамт олонд онцгойлон талархал илэрхийлье.

Элчин сайд С.Баяраа: – Энэтхэг бол эмнэлэг, эмч нар сайтай орон. Эмч нарын ур чадвар, эмчилгээний чанараар дэлхийд дээгүүр ордог бөгөөд бусад орнуудтай харьцуулахад өртөг зардал нь 2-3 дахин бага байдаг давуу талтай. Монголчууд Энэтхэгт эхлээд гол төлөв нүдний лазер хагалгаанд ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд хүнд төрлийн хагалгаанд ирэх нь олширч байгаа. Үүнд ялангуяа элэг шилжүүлэн суулгах, бага насны хүүхдийн зүрхний хагалгаа зонхилж байна. Элэгний хагалгаанд ирж байгаа иргэдийн хувьд эхний үед эмчилгээний талаар мэдээлэл муутай, онош тодорхойгүй, донор тохирохгүй зэрэг олон шалтгаанаас болж сэтгэл санаа, зардал мөнгөөр хохирдог, хагалгааны дараахи хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй зэрэг бэрхшээлүүд гарч байсан тул манай ЭСЯ-наас Энэтхэг, Монголын эмнэлэг, эмч нарыг холбож өгч иргэддээ туслахад анхаарч ажилласан. Үүний үр дүнд эхний ээлжинд Энэтхэгийн Фортис, Монгол Улсын Нэгдүгээр төв эмнэлэгүүд хамтын ажиллагаатай болоод байна. Цаашид манай хоёр орон эрүүл мэндийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах бүрэн боломжтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих