Оюутнуудыг биш хүүхдүүдээ нийтийн тээврээр үнэгүй зорчуулъя

автабусУлаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд эрх дарх эдэлдэг нь дэндүү олон. Ерөнхийдөө бол төр засгийн иргэдээ алагчилсан бодлого нийтийн тээврийн салбарт хамгийн их илэрдэг. бөгөөд ингэснээр энэ салбарын хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрэх боломжийг чөдөрлөсөөр ирсэн юм.

Хотын нийтийн тээвэрт эрхлэж, эрх ямба хүртэгчдийн тэргүүн эгнээнд оюутнууд хэмээх засгийн “эрх хүүхдүүд” бичигддэг. Тэд нийтийн тээврээр үнэгүй зорчих дархан эрхтэй хүмүүс. Өдөртөө наанадаж 2-4 удаа автобусаар нааш цааш зорчино. Үнэгүй зорчдог учраас ойрхон газарт хэдэн ч удаа автобусаа сэлгэх боломжтой. Тэгэхээр хотын нийтийн тээврийн гол ачааллыг оюутнууд бий болгодог гэвэл хэтрүүлэг болохгуй байх. Арай ядан хүрэлцдэг сэлгээний хэдэн автобусаараа хүртэл үнэгүй зорчуулдаг гэхээр энэ оюутнууд маань ходоод нь хонхолзож, халаасаа тэмтэрсэн ядарсан амьтад уу гэвэл тийм биш. Сардаа 70 мянан төгрөгийн тэтгэлэгтэй, ар гэр, аав ээжээсээ татаастай. Улаанбаатарын баар цэнгээний газрын гол орлогыг бүрдүүлдэг гэсэн тодотголтой. Үнэхээр ч орой үдэш баар цэнгээний газар “онгод” нь орж, ойж бууж байгаа хүмүүсийн дийлэнх нь оюутнууд.
Оюутнууд амралтаараа тараад явчихаар ууш зуушний газрууд шувууд нь буцсан нуур шиг л эзгүйрдэг гэсэн шүү.
Өвлийн амралтаа дуусгаад ирсний эхний хоёр өдрийн орой оюутны дотуур байр ганц ч хүнгүй эзгүйрч хоцордог гэж тэнд амьдардаг нэгэн хэлж байна билээ. Амраад ирсэн баяраа гадуур тэмдэглэж байгаа нь тэр гэнэ. Ямар сайндаа л оюутнууд өөрсдөө баар цэнгээний газраа “Шөнийн уншлагын танхим” хэмээн өхөөрдөж нэрлэсэн байхав.
Тэднийг ингэж “галзуурахад” мөнөөх популист амлалтын 70 мянган төгрөгийн тэтгэлэг дэм болдог. Тэгэхээр оюутнууд гэхээр зорчсон автобусныхаа үнийг төлж дийлэхгүй “гуниггүйядуус” бус, харин ч задарч задгайрсан хүмүүс шиг төсөөлөгддөг. Гэхдээ үүнийг нийтэд нь хамааруулж болохгүй бөгөөд залуу сайхан нас, цаг заваа сурч мэдэхийн төлөө зориулж байгаа олон залуучууд бий.
Улаанбаатарт 2013-2014 онд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцаж байгаа бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 6175 суралцагч шинээр элссэн тухай мэдээлэл байна Тэр бүгдийн тоогоор тэтгэлэг, дээр нь нэмээд нийтийн тээврээр үнэгүй зорчих халамж буй. Ингээд тооцвол мөн ч их тоо гарна. Улс төрчдийн ам нээх бүрдээ унагадаг хавгайрсан халамжийг жинэхэнэ утгаар нь хуртэж байгаа амны хипшгтэй хүмүүс бол манай оюутнууд юм.
Гэхдээ энд өгч байгааг нь буруутгахаас илүүтэй бодлогын алагчлалыг нь болиулах гэсэн санаа байгаа юм. Энэ бол их хачирхалтай, яаж бодож олсон юм гэмээр алагчлал. Нийслэлийн нийтийн тээвэр дэх нөгөө нэг дүр төрхийг тодруулах гээд үзье.
Автобусны кондукторт 200 төгрөг нэхүүлээд бүлтэлзэж зогсоо балчир хүүхдүүдтэй та зөндөө л тааралдсан байх. Хүүхдээс мөнгө нэхдэг кондукторын буруу биш, авах ёстой юм чинь. Мөрдөж буй дүрэм журамаараа бол сургуулийн сурагч нийтийн тээвэрт 200 төгрөг төлөх ёстой. Эцэг эхчүүд сургалт нь арай дөнгүүр гэж хотын төвийн дунд сургуулиудад хүүхдээ түлхүү сургахыг эрмэлздэг. Тиймээс хаа байгаа Хайлааст, Улиастайгаас автобус дамжиж хотын төврүу хичээлдээ явдаг хуүхэд олон бий. Тэгэхээр өдөртөө хамгийн багадаа 800-1200 төгрөг төлнө. Хүүхэд бол хүүхэд. Зарим нэг нь автобусныхаа нөгөө хэдийг амттанаас өгчихдөг байж таарна. Ингээд л автобусанд амьтан хүний ар өврөөр орж бүтэлзэх нь энүүхэнд. Тэдэнд ямар оюутных шиг орлого байх биш. Аав ээжээсээ их л сайндаа унааны мөнгөний дэмжлэгтэй. Өөр юу ч байхгуй. Гэсэн ч тэд нийтийн тээврийн халамжаас хаягдаж хоцорсон шоовдорууд.
Ийм нэг сонин содон хандлага хотын нийтийн тээвэрт үйлчлээд байгаад эгдүүцэх хүн олон. Гэхдээ энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хийгээд байгаа ажил огтхон ч биш. Харин манай шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүдийн бодож олсон “урвуу шийдэл” байгаа юм. Юу ч мэдэхгүй балчир үрсээ нийтийн тээврээр үнэ хөлстэй зорчуулна гэдэг нь өөрөө “том тэнэглэл” шиг анзаарагддаг. Дэндүү шударга бус хандлага.
Арай эрүүл, илүү бодит нөхцлөөр харья гэвэл оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо үнэ хөлсөө төлдөг, харин сургуулийн сурагчдаа үнэгүй зорчуулдаг байвал зөв зүйтэй хэм хэмжээ шиг харагдана. Ийм санал хэдэн жилийн өмнөөс яригдсан юм даг. Харин ажил хэрэг бололгүй өдийг хүрчээ.
Оюутнуудыг нийтийн тээврээр үнэтэй зорчих эсэхээр өнгөрсөн жил нэг сайтынхан олон нийтийн дунд санал асуулга явуулахад оролцогчдын 70 гаруй хувь нь дэмжсэн дүн бан гарч байсан. Тэгэхээр үүнийг автобус компаниудын санал санаачлага гэж харахаасаа өмнө нийт иргэдийн хүлээлт гэж ойлгох нь зөв байх.
Манайхан гадны туршлага гэж иш татах дуртай. Тэгвэл тэр гададад нь хүүхдүүдээ нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг улс орон захаас аван байдаг гэнэ. Их Британи, Австрали гэхчлэн цөөнгүй улс оронд хүүхэд гэсэн нотлох бичгээ үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг бол ихэнх оронд сургуулийн хүүхдэд үйлчилдэг тусгай автобус байх жишээний. Улаанбаатарын улаан голыг горойлгодог асуудлын нэг нь нийтийн тээврийн салбар. Автобус компаниуд нь дандаа алдагдалтай, нэгэнт эхэлчихсэн болохоор эрсдлээ үүрээд сайхан цагийг хүлээгээд хаалгаа барьчихалгүй ажиллаж байна. Мэргэжил чадвартай, тохь тухтай, нийтийн тээврийн шаардлага хангахуйц жолооч авъя гэхээр ирдэггүй. Материаллаг орчныг нь чамалж байгаа нь тэр.
Зах зээлийнхээ жам жаягаар бол олсноороо зарлагаа нөхөөд тэрэг техникээ шинэчлээд үйлчилгээгээ улам хүртээмжтэй, соёлтой болгоод явах учиртай. Гэтэл нийгмийн нэг хэсэгт нь үнэгүй үйлчлэх Засгийн даалгавартай тэд үндсэндээ буяны үйлчилгээ эрхэлдэг болчихоод байна. Сэхдэг ч үгүй, сэргэдэг ч үгүй.
Арга ядахдаа алдагдлаа багасгах гэж мөнөөх мөнгө төлж зорчдог хэсгийнхэндээ нэмэлт ачаалал үүсгэж үнэ нэмэх замаар асуудлыг аргацааж өдийг хүргэсэн. Төрийн оролцоо хувийнхны өсөлт хөгжлийг ийн боомилж байна.
Тиймээс эхний ээлжинд энэ хавтгайрсан халамжийн хүрээ хязгаарыг хумих хэрэгтэй юм. Үүнд эхлэн өртөх учиртай хүмүүс бол оюутнууд. Тэд тэтгэврийн хөгшид биш, эсвэл аав ээжийнхээ өврөөс ч холдоогүй шахам бяцхан хүүхдүүд бүрч биш.Тэдэнд залуу нас, эрч хүч, хийж бүтээх цаг зав, эрдэм чадал бүх юм бий. Угтаж буй саруул сайхан ирээдүй, хүч чадлаа сорих хөдөлмөрийн их талбар, хүссэн бүхнээ олж авах амьдралын он жилүүд буй. Ийн байсаар байтал оюутнууд маань нийтийн тээврээр үнэгүй зорчино хэмээн хүүхэд хөгшидтэй яавч барьцахгүй нь лавтай. Гагцхүү энэ асуудлыг бодлогоор л зохицуулах учиртай.
Нийтийн тээврээр зорчих иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх арга менежментийг манай тээврийхэн бас бодож олох биз. Өмнөх нийгмийн үед 45-ын билет гэж байлаа. Сардаа 45 төгрөгөөр автобусны билет авчихдаг, үүнийг оюутнууд өргөнөөр хэрэглэдэг байсныг мэдэх юм. Саяхан Тайланд улсад зорчиж явахад газар дээрх метро буюу ВТЗ-ийн ийм янз бүрийн хугацаатай билетүүдийг тэнд хэрэглэж байна билээ. Ийм урьдчилсан төлбөрт билет нь хэрэглэж байгаа хүндээ нийтийн тээврийн зардлаа хэмнэх нэг боломж болдог бөгөөд нөгөө талдаа автобус компаниудад орлогоо нэмэгдүүлж,

үйлчлүүлэгчдийг татах нэг арга хэрэгсэл болох нь тодорхой.

“Монголд нэг эрх дархтай “анги” байна. Тэр бол хүүхдүүд” хэмээн манай улсад зорчсон гадаадын нэгэн иргэн хожим нь бичсэн байж билээ. Гэтэл хүүхдүүдээ нийтийн тээврээс эхлээд шударга бус хандлагын түрүүнд гаргачихсан юм биш үү.
П.ЯДАМДОРЖ

URL:

Сэтгэгдэл бичих