Б.ТАМИР: «ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ»-ИЙН БҮХ АНГИЙГ ҮЗЭХИЙН ТУЛД БҮТЭН ШӨНИЙН НОЙРОО ХУГАСЛАСАН

жүжигчин Б.ТамирЭнэ удаагийн зочноор УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамирыг урьж, ярилцлаа. Тэрбээр жүжигчдийн гэр бүлд төрж, өссөн болоод ч тэр үү, урлагийн бүх төрөлд “дурладаг” нэгэн. Түүнтэй дуртай киноных нь талаар ярилцсан юм.

-Таныг кинонд “нугасгүй”-г найзуудаас тань сонссон юм?
-Тийм шүү. Заримдаа хувийн ажлаа умартан кинонд дурлах нь бий. Гэхдээ албан ажлаа мартахгүй шүү.

-Хамгийн дуртай киноныхоо талаар сонирхуулахгүй юү?
“Загалмайлсан эцэг” киноны нэг, хоёр, гуравдугаар ангийг бүгдийг нь үзэх дуртай. Энэ кинонд ганц би биш, бүх хүн дурладаг байх. Дурлахгүй байх ч аргагүй кино л доо. Найруулагч нь үнэхээр мундаг хүн. “Загалмайлсан эцэг-1′-ийг бүтээж байхад жүжигчид нь бараг ойлгохгүй, “Энэ пацаан юу хийх гээд байгаа юм бол” хэмээн ярьж байсан гэдэг. Эхний ангийг нь хийгээд л дараагийн ангиудыг хийх ашгаа олсон гэдэг юм билээ.

-Жүжигчдийн ур чадвар нь ч ярих зүйлгүй шүү, тийм ээ?
-Дандаа итали жүжигчин тоглуулах сонирхолтой байсан юм билээ. Шалгаруулалтад Али Пачино, Роберт Де Ниро нар тэнцсэн. Гэсэн ч Роберт Де Нирод тухайн үед өөр киноны санал ирээд “Загалмайлсан эцэг-1′-д нь тоглоогүй гэдэг.

-Энэ киноны юу нь тэгтлээ их таалагддаг юм бэ?
-Маш энгийн хийцтэй атлаа жүжигчдийн тоглолт нь агуу. Мафижсан гэр бүл харуулдаг нь сонирхолтой санагддаг.

-Хамгийн гоё хэсгүүдээс онцолбол?
-Нэгдүгээр ангид Майклын чухал шийдвэр гаргадаг үеүд үнэхээр гайхалтай. Харин хоёрдугаар ангиас нь Роберт Де Нирогийн тоглосон залуу үеийнх нь үзэгдлүүд их гоё шүү дээ. Харин гуравдугаар ангийн төгсгөл болох Али Пачиногийн охиноо алдаж буй хэсгийг үгээр дүрслэхийн аргагүй. Үзэгчдэд өөрт нь тохиолдож буй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэр хүнд мөчийг Али Пачино хэрхэн хүлээн авч байгааг үнэхээр “тасархай” харуулдаг.

-Дуртай киногоо хамгийн сүүлд хэзээ үзэв?
-Саяхан 00:00 цагаас эхлэн гурван ангийг нь дараалан үзээд үүрийн 06:00 цаг өнгөрч байхад дууссан. Дуртай киногоо үзэж байсан болохоор нойр огтхон ч хүрээгүй шүү, тэр шөнө.

-Таныг кино театрын байнгын үйлчлүүлэгч гэж дуулсан. Сүүлийн үеийн шинэ кинонуудыг алдалгүй үзэж чадаж байна уу?
-Тийм ээ. Зав л гарвал кино театрт очиж, шинэ гарсан кинонуудыг үздэг. Кино хүнд ихийг ойлгуулж, бас сургадаг. Тийм болохоор би кино үзэхэд зарцуулдаг цаг хугацаа, мөнгөндөө харамсдаггүй.

 

М.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.