Кекшюүзан Батбаярын данхны чинээ том шүрэн хөөргөнд Монголын баячууд үнэ хаяж, 3 тэрбумыг санал болгожээ

Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэсэн үг бий. Хакухо Даваажаргалыг анх японд хөл тавьж, сүмо барилдахаар оччихоод “Тэнцэхгүй” гэдэг үг сонсож, буцах билетаа авчихаад байхад нь тусалсан хүн бол Кекшюүзан Батбаяр.

Тэрээр Мөнхбат аваргын хүүг сүмогийн ертөнцөд үлдээхийн тулд хүлээн авалт зохион байгуулж, дэвжээнийх нь багштай анх уулзуулж өгсөн гэдэг. Сүмод тэнцэхгүй хэмээн хасагдаж, гологдож явсан М.Даваажаргал Японы сүмо бөхийн дээд амжилтыг эвдэж, өдгөө их аварга цолыг хүртээд байгаа. Тэрээр өөрийг нь амжилтанд хүргэж өгсөн Кекшюүзан Батбаярт тун ч элэгтэй байдаг бөгөөд түүнийг багш, бас хуурай ах хэмээн хүндэтгэдэг аж.

Тиймээс  Хакухо Даваажаргал  Индонези орчмын шүрэн арлаас авчирсан ховор шүрэн дээр аавынхаа дэвж буй төрхийг товойлгосон алтан нуухтай шүрэн хөөргийг тусгай захиалгаар хийлгэж Кекшюүзан Батбаярт бэлэглэжээ. Данхны чинээ энэ том шүрэн хөөрөг өнөөдөр хэмжээгээр Монголд бүү хэл Азидаа ч толгой цохиж байгаа гэнэ.

Энэ хөөрөг үнэт эдлэл сонирхогчдийн анхаарлыг ч багагүй татаж байгаа сурагтай. Үнэтэй чамин эдлэлд гар татдаггүй Асашёорюү Д.Дагвадорж хүртэл гайхаж, “Хөөрөг, хөөрөг гэхэд арай дэндэнэ ээ. Том гүц, домбо шиг юм” хэмээн магтаж, өнгөрсөн сар шинийн баяраар түүний хөөргийг үзэх гэсэн олон хүн Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаярыг сандаргасан. Үнэтэй цайтай эд зүйлд гар татдаггүй Монголын баячууд түүнээс асар том шүрэн хөөргийг нь худалдаж авах санал тавьж, хөрөнгө мөнгөөрөө толгой цохьдог УИХ-ын гишүүн нэгэн эрхэм гурван тэрбумыг санал болгосон гэнэ.

Гэвч Д.Батбаяр Монголд төдийгүй Азид томд тооцогдож байгаа шүрэн хөөргөө зарахгүй хэмээн тэдний амыг таглаж байгаа сурагтай. Хэдийгээр шинэ цагийн эд ч гэсэн түүний шүрэн хөөрөгний чулуу ямар нэг ан цавгүй, өнгөний хувьд тун гайхалтай, таримал шүр биш, жинхэнэ байгальдаа ургасан учраас үнэ цэнэ нь жилээс жилд өснө гэдэгт тэрээр тун итгэлтэй байгаа аж. Тэгээд ч сүмогийн их аварга Хакухо Даваажаргалын гараар дамжиж түүнд бэлгэнд ирсэн учраас хөөрөгний түүх ч гэсэн олны анхаарлыг татах нь дамжиггүй. Хөөрөгний үнэ цэнэ, чулуу, түүх хоёртоо л байдаг учраас тэрээр энэ нандин эдийг үе уламжлуулан хадгалах хүсэлтэй байгаа гэнэ.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих